Хуучин он солигдож, шинэ онтой золгоход ердөө зургаа хоног үлджээ. Шинэ оны баярыг улс, үндэстэн бүхэн өөр, өөрийн зан, заншлаар тэмдэглэн өнгөрөөдөг бөгөөд муу бүхэн арилж, шинэ ондоо амжилт бүтээл арвин байхыг зөгнөн билэгддэг. Түүнчлэн улс бүрийн хүслээ шившиж, хүссэнээ биелүүлэх зан үйл нь харилцан адилгүй байдаг аж. Тухайлбал, зарим улс оргилуун дарсанд хүслээ шивнэдэг бол зарим нь хайртай нэгнээ үнсэх, хаалга, цонхоо онгойлгох зэргээр аз жаргал, амжилт дууддаг байна.
Бразил
Бразилчууд өвөрмөц зан үйлтэй бөгөөд шинэ он гарахаас өмнө далайн эрэг дээр очиж зогсон, дороо долоон удаа үсрээд, ус руу цэцгийн дэлбээ шиддэг байна. Ийнхүү муу, муухай бүхнийг газар үсрэн булж, шидсэн цэцэгс хүслийг нь биелүүлнэ хэмээн билэгддэг аж. Түүнчлэн энэ өдөр өсөж үржихийг бэлгэдэн цагаан будаа идэж, гэгээн сайхныг төлөөлүүлэн цагаан өнгийн хувцас өмсдөг.
Куба
Шинэ оны өглөө куба хүмүүс гэрийнхээ цонхоор хувин дүүрэн ус цацдаг уламжлалтай. Энэ нь гай барцад, муу муухайг үлдэн хөөж буй хэрэг гэж үздэг. Түүнчлэн гэрийн үүдэндээ элсэн чихэр цацдаг нь элбэг, дэлбэг, сайн сайхан байдлын билэгдэл гэнэ. Түүнчлэн Мексик, Испани, Кубад он солигдох мөчид 12 ширхэг усан үзэм идэх заншил бий. Усан үзэм бүр ирэх жилийн 12 сарыг төлөөлөх бөгөөд хамгийн амттай усан үзэм байсан сар сайн, сайхан үйл явдал тохионо хэмээн бэлгэдэж, үрийг нь хадгалдаг аж. Харин гашуун амттай байвал сэрэмжтэй байхын дохио гэнэ.
Колумби
Шинэ жилийн баярын үдэш Колумби улсын иргэд ямар ч эд хэрэгсэл хийгээгүй хоосон чемоданаа бариад гадуур зугаалдаг заншилтай аж. Ийн ирэх жил хүсэн хүлээсэн аялалдаа гарна хэмээн итгэдэг байна.
Итали
Италичууд шинэ оны өглөө хэрэггүй эд хогшил, хувцас, хэрэгслээ цонхоор гаргаж шиддэг уламжлалтай. Энэ нь хуучин муу бүхнийг үлдэн хөөж, шинэ, сайхан зүйлийг зөгнөж буй хэрэг юм.
Орос
Оросууд он солигдохоос өмнө хүслээ бичиж оргилуун дарсны хундаганд шатаагаад хийдэг. Ийнхүү хүслээ хийсэн хундагандаа оргилуун дарсаа хийж, сайн сайхныг ерөөгөөд уудаг уламжлалтай байна.
Энэтхэг
Энэтхэгчүүд шинэ оны баярт онцгой ач холбогдол өгч шашны зан үйл үйлдэн өнгөрөөдөг онцлогтой. Түүнчлэн айл бүр эв найрамдлыг бэлгэдэн гэрийнхээ хамгийн залуу гишүүнд бэлэг өгдөг аж. Мөн баярын өдөр хайртай нэгнээсээ бэлэг авах нь нэг гэр бүл болохыг билгэддэг гэж үздэг.