Хөл хорио бол өөртөө хөрөнгө оруулалт хийж, ямар нэг шинэ чадварт суралцах алтан боломж юм. Түүнчлэн стресс, таагүй мэдээлэл, айдаст автахгүйгээр дотоод амар амгалангаа мэдэрч сурах нь насан туршийн хөрөнгө оруулалт билээ. Тиймээс бясалгалын ач тусыг болон гэрийн нөхцөлд хэрхэн бясалгаж сурах тухай мэдээлэл хүргэе.
Бясалгалаар төлөвшүүлж болох сэтгэлийн төлөв байдлууд:
Бясалгалын орчин
Бясалгах өрөөнд заавал бурханы дүр, хүж бүхий, зул байх шаардлагагүй. Харин өрөө эмх цэгцтэй, цэвэрхэн байх нь чухал юм. Эргэн тойрон эмх замбараатай байх нь сэтгэл эмх замбараатай болоход тусалдаг. Эмх замбараагүй орчин сэтгэлд сөргөөр нөлөөлж болно. Мөн орчин нам гүм байвал тустай. Тиймээс хүмүүс саад болохгүй өглөө эрт юм уу, орой унтсаны дараах цагийг сонгох нь тохиромжтой. Түүнчлэн бясалгал хийхэд тохиромжтой, биед эвтэй хувцас сонгоорой. Бясалгал хийхэд тохиромжтой сандал, хивс олбог, дуугарч чийхардаггүй буйдан байвал зохистой.
Бясалгалын суудал
Нуруу цэх, мөр, хүзүү, нүүрний булчингуудыг суллан тухтай суух нь маш чухал. Хүзүү сул, эрүү үл ялиг доошилсон байх нь тохиромжтой. Хэрэв сандал дээр суух нь илүү тухтай байвал сандал ашиглаж болно. Нэг удаагийн үргэлжлэх хугацаа 15-30 минут байвал тохиромжтой. Гэхдээ анх удаа бясалгал хийж байгаа бол 3-5 минут төвлөрч сурах хэрэгтэй. Мөн тогтмол хийх нь чухал. Ердөө цөөн хэдэн минутаар эхлээд өдөр бүр бясалгавал хамгийн тохиромжтой.
Бясалгалд суралцахуй
Бясалгал хийх нь тайвшрах үе, ид үе, төгсгөлийн үе гэсэн гурван үе шаттай. Тиймээс эхний үед та төвлөрч сурах хэрэгтэй . Бясалгал нүдээ амраахаас эхэлнэ. Үүний тулд харцаа зөөллөж холын, эсвэл бүр ойрын биш дундаж зай дахь эд зүйлийг бүдэг хар. Таван удаа хамраараа гүн амьсгалж, амаараа гарган, сүүлийнхтэй нь зэрэгцэн нүдээ аньснаар биеэ мэдрэхэд тус болно. Өөрийнхөө биеийг мэдрэхэд гурван минутыг зарцуул. Суух байдал тухтай байгаа эсэх, хөл, гар ямар байдалтай байгаа, нуруу тань цэх болсон зэргийг ээлж дараалан мэдэр. Дараа нь үнэрлэх, сонсох мэдрэмжээ дээд зэргээр ажиллуулбал оюун санаа, бие эрхтэнд таарсан мэдрэмж бий болно. Эрхтэн нэг бүр дээр 20 секунд ажиглалт хийснээр ямар эрхтэнд хөндүүр зовуурь байгааг мэдрэх боломжтой. Мөн эрүүл эрхтнээ мэдэхэд тус болно.
Амьсгалаа ажигла
Тайвширч чадахгүй байгаа бол бүх анхаарлаа амьсгалдаа төвлөрүүл. Уушгинд орж буй агаарын солилцоог мэдэрч, ажиглах ёстой. Таны хамраараа авсан агаар хөндүүр, зовуурьтай байгаа эрхтэнд очиж байна гэж төсөөл. Гэдэс цээж, мөр, эсвэл эдгээрээс өөр газарт ч илүү тод мэдрэгдэж болох юм. Амандаа аяархнаар амьсгалаа тоолж эхлээрэй. 10 хүртэл тоолж дуусаад дахиад нэгээс эхлүүл. Амьсгалаа тоолж байхад таны толгойд бодлууд орж ирэх нь ойлгомжтой. Бясалгалаа нураагаад хаячихлаа гэж бодох хэрэггүй. Зүгээр л буцаад амьсгалдаа анхаарлаа төвлөрүүл. Цаг дуусч, сэрүүлэг дуугартал ингэж тоолоорой.
Өөрийгөө ажигла
Бясалгаж дуусах сэрүүлгээ унтраагаад нэг минут хэртэй юу ч хийлгүй нүдээ аньж, сууж өнгөрүүл. Бие, оюун амар амгалан болж чадаж уу гэдгийг мэдрэхийг хичээ. Тархиа өөрөөр нь байлга. Үүний дараа орчноо дахин мэдрэх гээд үз. Эхэлсэн шигээ мэдэрч чадвал бясалгал үр дүнтэй болсон гэсэн үг. Хэн нэгний бухимдал төрүүлэх үйлдлийг харах, шаналгаат бодолд автвал хэдэн удаа гүн амьсгал аваад л болох нь тэр. Тэдэнд аль болох тайван ханд. Дараагийн өдрүүдэд та үй түмэн хүсээгүй бодлуудтай “тулалдах” учраас эхлээд тайван байж сурах нь чухал. Өдөр бүр бясалгал хийснээр та сөрөг бодлоос ангижирч, дархлаагаа дэмжихийн зэрэгцээ өмнө нь шийдэж чаддаггүй байсан олон асуудалд “хариу барих” төлөвлөгөөтэй болсон байна.