Сонгуулийн хууль Үндсэн хууль зөрчсөн үү?
УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн хүмүүсийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүй цагдан хорьсон нь хууль зөрчсөн эсэх маргаан нэлээд өрнөсөн. Нэр дэвшигчдийг хэргийн газар дээрээс нотлох баримттай баривчилснаас бусад тохиолдолд СЕХ-ны зөвшөөрөлгүй баривчлах, цагдан хорих, эрүүгийн хэрэг үүсгэхийг хуулиар хориглосон. Гэвч УИХ-ын сонгуулиар зургаан нэр дэвшигч хоригдсон төдийгүй, нэгийнх нь гишүүний бүрэн эрх ч дуусаагүй байв. Тодруулбал, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан С.Баярцогт, Н.Номтойбаяр, Д.Ганболд, Б.Бямбасайхан, Х.Бат-Ялалт нар сонгуульд нэр дэвших явцдаа хоригдсон юм. Тэднээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат гишүүнээр сонгогдсон ч одоог хүртэл тангараг өргүүлээгүй.
Харин ОУПХ-ноос Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг сонгуульд нэр дэвших явцад зөвшөөрөлгүй баривчилсан, цагдан хорьсон нь түүний эрх ашгийг хэд хэдэн үндэслэлээр зөрчсөн гэж манай улсад хэрэг үүсгээд буй.
Яг үүнтэй зэрэгцэн Үндсэн хуулийн Цэц энэ асуудлыг хэлэлцэж байна. Гэхдээ эсрэг агуулгаар нь. Сонгуульд нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлтэй баривчлах нь Үндсэн хуулийн шүүх эрх мэдэлтэй холбоотой заалтыг зөрчсөн эсэхийг. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчийг баривчлахад Сонгуулийн ерөнхий хорооноос зөвшөөрөл авах нь шүүхийн хараат бус, бие даасан эрх мэдлийг үгүйсгэсэн хэлбэр гэж нэр бүхий иргэн Цэцэд ханджээ.
Ухаж ойлговол, сонгуулийн үеэр баривчилсан нэр дэвшигчдийг хууль ёсны дагуу хорьсон, тэднийг хамгаалсан хууль нь өөрөө Үндсэн хууль зөрчсөн гэдэг агуулгыг энд гаргаж. Харин Үндсэн хуулийн Цэц өнөөдөр энэ маргааныг хэрхэн шийдвэрлэхээс нэр дэвшигчдийн хуулийн хамгаалалт цаашид байх эсэх нь шийдэгдэнэ.
Хэрвээ Цэц сонгуулийн хуулийн заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл нэр дэвшигчдийг цагдан хорьсон асуудал хууль ёсных болно. Цаашид сонгуульд нэр дэвшсэн хэнбэгуай ч баривчлагдах, цагдан хоригдох эрсдэлтэй. Албан тушаалаа урвуулан ашигладаг, улстөрчдийн нөлөөлөл хууль хяналтын байгууллагад хэтэрхий жин дардаг болсон өнөө цагт өрсөлдөгчөө энэ л замаар дардаг болсон нь нууц биш. Харин Цэц Үндсэн хууль зөрчөөгүй гэвэл өнгөрсөн хугацаанд нэр дэвшигчдийг цагдан хорьсон шүүх өөрөө хууль зөрчсөн болно. Тиймээс л өнөөдөр Цэцээс ямар шийдвэр гаргах нь ихээхэн сонирхолтой байгаа юм.
Маргаан үүсгэсэн заалт:
УИХ-ын сонгуулийн 35 дугаар зүйл Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа
35.2.Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно:
35.2.1.эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих;
35.2.2.орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийх
Энэхүү заалт нь Үндсэн хуулиар баталгаажсан хууль дээдлэх зарчмыг болон мөн хуулийн 47.1 “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, 49.1 “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.” 49.2 дахь хэсэгт “… төр, … байгууллагын албан тушаалтан, … хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.” гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж нэр бүхий иргэн Цэцэд хандсан юм.
Хорихоос өрсөлдсөн зургаан хүний хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй
Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат
Тэрбээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа ашигт малтмалыг тусгай зөвшөөрлийг өөрийн эзэмшлийн компанид нэг сая төгрөгөөр худалдан авч, түүнийгээ цааш худалдсан гэх хэрэгт холбогдсон.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял, нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасах шийтгэл ногдуулсан.
УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр
Түүнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа хууль зөрчсөн шийдвэр гаргасан, талийгаач Г.Батхүү агсны нас барсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар татсан. Эхний хэргийн тухайд, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг зөрчсөн шийдвэр гаргаж түүнийг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон гэж үзэн Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон” гэдэг үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаад хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд 5.5 жил хорих ял, нийтийн албанд таван жил томилогдох эрхийг хасах шийтгэл ногдуулсан. Улмаар шүүгдэгч Н.Номтойбаяр Улсын Дээд шүүхэд хандаад буй.
МХТН-ын дарга Х.Бат-Ялалт
Тэрбээр 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шантаажилж 50 сая төгрөг авсан хэрэгт холбогдсон. Цагдаагийн байгууллагаас түүнийг Эрүүгийн хуулийн 17.6-д заасан “Бусдыг эд хөрөнгө, эдийн, эдийн бус хөрөнгийн эрхээ шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь, түүний ойр дотнын хүнд хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь ноцтой хор уршиг учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлсэн” гэх үндэслэлээр буруутган яллагдагчаар тооцсон юм.
Ийнхүү Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан” гэж үзэн Х.Бат-Ялалтыг цагдан хорих шийдвэрийг зургаадугаар сарын 17-ны өдөр гаргаж байв.
Анхан шатны шүүхээс Х.Бат-Ялалтыг бусдын эд хөрөнгийг авахаар сүрдүүлсэн хэмээн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох торгуулийн ял оноогоод байсан юм.
Харин давж заалдах шатны шүүхээс “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Мөн шүүх хуралдааныг дахин хэлэлцүүлэхээр прокурорт буцаажээ.
Сангийн сайд асан С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан
Тэднийг Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж илт хууль бус шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан шалгасан.
Улмаар С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт Нийслэлийн прокурорын газраас эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглах, өөрийн орлогоо их хэмжээгээр нэмэгдсэнийг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн юм.
Давж заалдах шатны шүүх хурлаар шүүгдэгч нарт анхан шатны шүүхээс оноосон ялыг бууруулсан. Тодруулбал, С.Баярцогтод оноосон 10 жилийн ялыг 4.8 жил, Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт оноосон 4 жилийн хорих ялыг 1.3 жил болгон бууруулахаар шийдвэрлэсэн юм.