Өрөөр зоологсод
Төслийн мөнгө гэдэг ухагдахуун бий болжээ. Эзэнгүй, их хэмжээний мөнгө гэх нь холгүй утгыг энэ үг агуулж байна уу гэлтэй. Тийм төслийн зээлийн хөрөнгөөр гэхээр бидний сэтгэлд ч үнэгүй зүйл хэрэглэх ёстой мэт буудаг. Тэр утгаараа гадаадын зээл тусламжийн хөрөнгийг гарын салаагаар урсгадаг байдал газар авсаар. Гэтэл гадаадын тэрхүү зээлийн хөрөнгийг бидний төлсөн татварын мөнгөөр буцааж төлнө.
Мөнгө иддэг төсөл, зээл авдаг төсөв бидний татварын мөнгийг тал тал тийш нь тарааж байна. Төсөл, хөтөлбөрийн нэрээр ЖДҮ-ийн зээл байтугай хөрөнгө эргэлдэж байна. Нэг төслийн санхүүжих өртөг гэхэд л 218 сая ам.доллар. Нэг жилийн цалингийн өртөг 400 мянган ам.доллар гэвэл ямар сонсогдож байна. Гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүд тухайн эх үүсвэрээсээ санхүүжиж байгаа хэмээн тайлбар байдаг хэдий ч зардал нь Монгол Улсад орж байгаа гэдгээрээ буцааж төлнө гэдэг ганц л үнэн бий.
Үйл ажиллагааны зардалд 24 тэрбум төгрөг зарцуулдаг
Төсвийн тухай хууль болон Өрийн удирдлагын тухай хуульд заасны дагуу гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нэгж байгуулж ажиллуулдаг. Одоогийн байдлаар манай улс гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төслүүдийн хүрээнд нийт 59 төсөл хэрэгжүүлэгч нэгж байгуулан ажиллаж байна.
Эдгээр нэгжээс 53 нь гадаад зээл, тусламжийн эх үүсвэрээс санхүүждэг бол зургаа нь улсын төсвөөс санхүүждэг төсөл хэрэгжүүлдэг ажээ. Төслийн нэгжүүд нийтдээ 468 төслийн ажилтантай бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааны зардалд жилд дунджаар 24 орчим тэрбум төгрөг зарцуулдаг гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлсэн юм.
Баригдаж амжилгүй хугацаа нь дууссан тусгай зам
2019 оны байдлаар зөвхөн цалинд гэхэд 400 мянган доллар зарцуулсан төсөл байна хэмээн С.Мөнхчулуун иргэдийн хурлын төлөөлөгч байхдаа дуу алдан бичиж байсан удаатай. “Нийслэлд гаднын зээлээр бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлсэн нь цөөнгүй. Энд эрх баригч намуудын шахаа ордог. Ажил хийхгүй, цалин, худалдан авалтын хулгай хийдэг л гэсэн үг. Төслийн нэгж нь бүтэн таван жил цалингаа аваад нэг ч тоосго өрөгдөөгүй төсөл байна гэвэл та итгэх үү? “ гэж тэр асуужээ. Түүний хэлсэн энэ төсөл бол BRT буюу тусгай замын автобусны төсөл юм.
Тусгай замын автобус төслийг яаралтай хэрэгжүүлнэ хэмээн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран ажиллаж байна. Анх 2015 онд УИХ-аас батлагдсан ч, тухайн үедээ Улаанбаатар хотод метро барих учир, тусгай замын ашиглалт шаардлагагүй гэдэг шалтгаанаар хэрэгжиж амжаагүй. Харин 2017 оны тавдугаар сараас дахин яригдаж, төслийн нэгжийг цэгцэлж эхэлсэн. “Тусгай замын автобус” гэдэг нь Улаанбаатар хотод үйлчилж буй Энхтайвны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээгээр зорчих автобусыг илүү нарийвчилсан, боловсронгуй болгох хувилбар гэж санал болгосны үндсэн дээр Энхтайвны гүүрний баруун талаар гарах авто зам, төмөр зам доогуурх нүхэн гарц, Дунд гол дээгүүрх гүүрийн нарийвчилсан зураг төслийн тендер хүртэл зарлаж байжээ. Засаг даргаар ажиллаж байсан Су.Батболд Азийн хөгжлийн банкны Зүүн хойд Азийн тээврийн газрын захирал Роберт Гайлтай уулзан санхүүжилтийг гаргаж өгөхийг хүсч, 2019 оны дөрөвдүгээр улиралд нийслэл хот тусгай замын автобусны дөрвөн шугамтай болно гэж мэдээлсэн юм. Энэхүү төслийн ажлын хэсэг саяхныг хүртэл ажиллаж, ажилчид нь 400 мянган ам.долларын цалин авсан гэх дээрх мэдээлэл гарсан билээ. Төслийн зардалд нийтдээ 215.9 сая ам.долларын санхүүжилт яригдаж байлаа. Төслийг хамгийн сүүлд танилцуулахад, 2020 оны сүүлээр ашиглалтад оруулна гэж амлалт өгсөн хэдий ч удааширсаар одоогоор гүйцэтгэгч компаниа сонгоогүй л байна.

Бэлтгэл ажил хангагдаад байгаа хэдий ч нэлээд удаашралтай байгаа. Үүний шалтгаан нь Улаанбаатарт анхных гэдэг утгаараа мэдэхгүй зүйлүүд их байна. Тиймээс Азийн хөгжлийн банктай ярилцаж байгаад гадны 2 зөвлөх нэмж ажиллуулснаар ахицтай байгаа.
Салхинд хийсгэсэн зөвлөх үйлчилгээний хөлс
Цаасан дээрээ байгаа төслийн нэг бол Тавантолгойн цахилгаан станц. Монгол Улсын Засгийн газраас 2014 онд уг цахилгаан станцыг барина хэмээн тогтоол гаргасан хэдий ч одоогоор зураг төсөл ч байхгүйгээр барахгүй олон улсын арбитрт хүрээд буй. Харин энэ хооронд цаасан дээр цахилгаан станцын төслийн хөрөнгө үр ашиггүй цацагдсаар...
Тодруулья.
Аудитын ерөнхий газрын тайланд тусгагдсанаар Тавантолгойн цахилгаан станц төслийг хэрэгжүүлэхээр эхний байдлаар гаргасан нийт 14.8 сая ам.долларын хөрөнгөөс 46.4 хувь буюу 6.5 сая ам.долларыг зөвхөн төслийн нэгжийн үйл ажиллагаанд зарцуулжээ. Нийт 14.8 сая ам.долларын зээл олгосноос 2014-2020 оны эхний улирлын байдлаар 95.8 хувь буюу 14.2 сая ам.долларын зээлийг зарцуулжээ.
Үүнээс зээлийн хүүгийн зардалд 38.0 хувь буюу 5.6 сая ам.доллар, төслийн нэгжийн үйл ажиллагаанд 46.4 хувь буюу 6.5 сая ам.долларыг тус тус зарцуулсан байна. Лавшруулаад харвал өнгөрсөн хугацаанд зарцуулсан хөрөнгийг “салхинд хийсгэсэн” гэж хэлж болох нь ээ. Төслийн нэгж зээлийн санхүүжилтээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж ирсэн боловч гадаадын хөрөнгө оруулагч шалгаруулж, гэрээ байгуулах үндсэн зорилгоо хэрэгжүүлж чадаагүй буюу олон улсын зөвлөх үйлчилгээнд зарцуулсан 2.9 сая ам.долларын зардал гарсан нь үр дүнгүй болсон гэж үзжээ.
Хөрөнгө оруулагчийг татах зорилгоор олон улсын банк санхүүгийн байгууллагад зориулан Тавантолгойн 450 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын төслийнхөн доорх зөвлөх үйлчилгээнүүдийг авсан нь одоо цаас л болж үлдэж.
- ТЭЗҮ-ийг төслийн техникийн зөвлөх болох “WorleyParsons” компаниар 0.6 сая ам.доллар (1.6 тэрбум төгрөг)-р 2015 онд хийж гүйцэтгүүлсэн байна,
- Олон улсын санхүүгийн зөвлөх үйлчилгээг “Sumitomo Mitsiu bank”- аар 1.1 сая ам.доллар (2.6 тэрбум төгрөг),
- Олон улсын Хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээг “Shearmansterling” компаниар 0.9 сая ам.доллар (2.0 тэрбум төгрөг),
- Байгаль орчин нийгэмд үзүүлэх нөлөөллийн олон улсын зөвлөх үйлчилгээг “Mott MacDonald” компанид 0.3 сая ам.доллар (0.8 тэрбум төгрөг)-ийг тус тус зарцуулсан байна. Гэвч одоогийн байдлаар цахилгаан станц барих нөхцөл бүрдээгүй, гүйцэтгэгч тодорхойгүй, цахилгаан станц барих зураг төсөл бэлэн бус.
Яг одоогийн байдлаар төслийн явц ямар байна вэ гэсэн асуултад хариулья.
Төслийн гадаадын хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулалтад 3 компанийн ирүүлсэн саналыг үнэлж төслийн удирдах хорооны 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3 дугаар тогтоолоор Япон Улсын “Марубени” корпорацыг шалгаруулсан байна. Гэвч 2017 оны 4 дүгээр сард “Марубени” компани “... эрчим хүч худалдан авах хэрэглэгчийн баталгааны талаарх асуудал уг төсөл эхэлснээс хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн боловч тодорхой болоогүй тул төсөлд үргэлжлүүлэн хамтран ажиллах боломжгүй тухай” шийдвэр гаргаж гадаад хөрөнгө оруулагчаас татгалзжээ.
Цагаан захтны сүрэг
Энэ бол төр өр тавьж, санхүүжилдэг олон арван төслийн ердөө хоёр нь. Үүний цаана цаасан дээр хөгжил яриад, амьдралд дээр улдан чангааж, аргацаан суугаа цагаан захтны олон сүрэг байна.