АН-ын даргыг хоёр шатлалаар сонгоно

Хоёр сонгууль дараалан ялагдал хүлээсэн АН-ын мандах, мөхөхийн чигийг гаргах Их хурал хоёронтоо хойшилсны эцэст сая нэг цахимаар хуралдах тов гарлаа. Маргааш буюу энэ сарын 18-нд АН-ын Их хурлыг эхлүүлж , хоёр өдөр цахимаар зохион байгуулна гэдгийг АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн. Харин өнөөдөр АН-ын ҮБХ хуралдаж, Их хурлын дарга, тэргүүлэгч, үндсэн дүрмийн өөрчлөлт, тооллогын комиссыг батлах юм. Үндсэн дүрмийн шинэчлэлээр намын даргаа сонгох дотоод сунгааг өөрчлөх нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, өмнө нь сунгаа явуулж намын даргаа сонгодог байсан бол энэ удаа хоёр шатлалаар сонгох өөрчлөлтийг дүрмийн өөрчлөлтөөр тусгахаар зэхжээ.

АН-ын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан:

-Ардчилан намын 40 гаруй гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг дүрмийн өөрчлөлтийн төслийг боловсруулсан. Дүрмийн өөрчлөлтөөр намын даргыг хоёр шатлалаар сонгодог болъё гэдэгт санал нэгдсэн. Нэгдүгээрт, ҮБХ-ны хурлаар нэр дэвшсэн хүмүүсээ хэлэлцээд хамгийн их дэмжлэг авсан хоёрыг нь сонгоно. Хоёрдугаарт, намын Их хурлаар ҮБХ-ноос сонгогдсон хоёр хүнээс намын даргыг сонгох өөрчлөлт оруулах юм. Гэхдээ дүрмийг эцэслэн батлах эрх нь намын Их хурлын гишүүдэд бий. Дүрмийн өөрчлөлтийг Их хурлаар баталбал, Улсын Дээд шүүхэд бүртгүүлнэ. Үүний дараа намын даргыг сонгох ажил эхэлнэ.

Даргыг сунгаагаар сонгох нь намын гишүүдийг дотор нь хагалж, задлах сөрөг талтай гэж үзсэн учраас шат шатанд нь тухайн шатыг хэн удирдахыг сонгох эрхийг нь өглөө. Мөн намын санхүүг бүхэлд нь шилэн болгож байна.

АН-ын дотоод зөрчил сэдрэв

Намын даргын сонгох үйл явцыг өөрчлөх болсон шалтгаан нь сунгаа нам дотор хагарал, бутрал үүсгэж буйтай холбоотой гэдгийг АН-ын гишүүд ч хэлж байгаа. Сонирхолтой нь, АН-ын өмнөх удирдлага буюу УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ үндсэн дүрмийг өөрчлөлтийг шүүмжилж, шаардлагагүй өөрчлөлт гэдгийг хэлжээ. Ингэхдээ үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааны “Манай нам шинэчлэгдэх бус эрс өөрчлөгдөх шаардлагатай” гэсэнд эгдүүцэж ярилцлага өгсөн байна. Хариуд нь Ц.Туваан нь “Бүх зүйл дүрмийн дагуу явж байгаа. Хуучин удирдлагуудаас Их хурлыг эсэргүүцвэл мөнгө өгье ч гэж гишүүд рүү ярьсан байна. Бид маш их өртэй, байргүй, ямар ч эд хогшилгүй нам хүлээж авсан. Байрнаасаа хөөгдөөд л гудамжинд гарсан” хэмээн хариу барьж. Их хурлаа угтаж, АН-ын дотоод зөрчил сэдрэв бололтой.

УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ:

-Үндсэн дүрмийн өөрчлөлтийн төслийн агуулгыг харахад тийм ч их шинэ зүйл байхгүй. Яг л хуучин руугаа явж байна. Бид Үндсэн дүрмээ 2019 онд өөрчилснөөс хойш жил гаруй л хугацаа өнгөрч байхад дахиж өөрчлөх шаардлагагүй. Дүрэмгүй тоглож байгаа нөхөд дүрэмдээ захирагдаж ажилла.

АН-ыг хэн удирдах вэ?

Өнгөрсөн наймдугаар сард болох товтой байсан Их хурлын өмнө намын даргад нэр дэвшигчдийн хүсэлтийг авч байв. Энэ үед 10 орчим хүн намын даргад өрсөлдөхөө илэрхийлсэн гэдэг. Хамгийн түрүүнд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өрсөлдөнө гэдгээ ил тод хэлж байв. Тэрбээр “Манай намд эмэгтэй дарга өмнө нь байгаагүй. Эмэгтэйчүүд үргэлж эрэгтэй дарга гарахад арын албанд нь ажиллаж байсан. Тиймээс би ч гэсэн нэрээ дэвшүүлэхээр зориглож байна. Нам бол сайн дураараа нэгдэж буй хүмүүсийн бөөгнөрөл байж, ард түмэн хүлээн зөвшөөрдөг юм байна. Тиймээс манай намд 100 сая төгрөгийн дэнчин төлөхгүйгээр, яг тойргийнх нь иргэдийн хүссэн хүнийг дэвшүүлдэг бүтэц, зохион байгуулалт хэрэгтэй. Би Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дарга болохдоо дэнчинг байхгүй болгосон. Хамгийн сайн шийдэл мөнгөгүй үед л гардаг” хэмээн намын даргад өрсөлдөхөө зарлахдаа хэлж байв.

Түүнээс гадна УИХ-ын гишүүн асан Л.Гантөмөр, , УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Өвөрхангай аймгийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч О.Алтангэрэл нар нэр дэвшихээр хүсэлтээ илэрхийлсэн гэдэг. Эдгээрээс Ж.Батсуурь гишүүн нэрээ татсан байна. Мөн Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Үндэсний бодлогын хорооны гишүүн, улс төр судлаач О.Чулуунбилэг намын даргад өрсөлдөхөө илэрхийлжээ. Үүнээс гадна Д.Пүрэвдаваа  АН-ын даргад нэр дэвшинэ гэсэн мэдээлэл бий.

Эдгээрээс намын дарга болох магадлалтай хүнээр гишүүн, сайд асан Л.Гантөмөрийг улс төрийн хүрээнийхэн нэрлэж байна. Түүний хувьд 2016 онд намын даргын сунгаанд өрсөлдөж байсан бол энэ удаад дахин АН-ын даргад өрсөлдөж намынхаа үйл хэрэгт оролцохоор горилж байгаа. Ерөнхийлөгчтэй боломжийн харилцаатайн дээр бусад фракцтай ч эвтэй гэдэг үндэслэлээр түүнийг удирдлагаа болгох магадлалтай. Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл нар ҮБХ-ны гишүүдийн олонхын саналыг авах ч магадлалтай горилогчоор нэрлэгдэж байгаа.

Харин МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинг Ерөнхийлөгч зүтгүүлж байгаа гэх ч өөрөө няцааж буй. Тэрбээр “Хэрэв намын дарга болбол, шинэчлэлийг хэлбэр төдий бус нийгмийн хүсэн хүлээж буй институт болгохын тулд би эрс шинэчлэлтийг хийнэ” гэж хэлж байсан удаатай.

Ямартай ч АН-ыг хэн удирдахаас 30 жилийн түүхтэй улс төрийн хүчний цаашдын үйл хэрэг ямар байх нь шалтгаална. Найман жил “гудамж”-д гарч, идэвхтэй гишүүд дэмжигчдээ алдсан АН-ын хувьд шинэчлэгдэж, сэхэх боломж нь одоо л тохиож байна. Шинэчлэл, эрс өөрчлөлт хийж чадах эсэхээс АН мандах, мөхөхийн чигийг сонгоно. Харин аль чигт зогсохыг шинэ удирдлагууд гаргах буй за.