-Коронавирусийн вакцинжуулалтын талаар азичуудын мэдэж байх ёстой таван зүйл-
АНУ ковид19 өвчний вакциныг ирэх даваа гаригаас хүн амнаа хийж эхэлнэ гэж мэдэгдлээ. Их Британид өнгөрсөн мягмар гаригаас хийгээд эхэлсэн. Тэгвэл Азийн орнуудад вакцинжуулалт хэзээ эхлэх вэ. Энэ асуудлыг тойрсон таван асуултад хариу өгөхийг хичээсэн нийтлэл asia.nikkei.com/ цахим хуудаст гарсныг өөр эх сурвалжуудын мэдээллээр баяжуулан хүргэж байна.
Асуулт №1. “Pfizer”-ыг барууны орнуудад ээлж дараалан хийж дуустал нь хүлээх хэрэг үү
Хэрвээ зөвхөн “Pfizer”-ыг л хүлээнэ гэвэл хэдэн сар ч болж мэднэ гэдгийг хэлэх хэрэгтэй. АНУ-ын Хүнс эмийн захиргаа өнгөрсөн баасан гаригт вакциныг нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхээр зөвшөөрсөн нь вакцины хэрэгцээг эрс өсгөсөн. АНУ, Их Британи зөвшөөрсөн тул удахгүй бусад улс орнууд мөн хурдасгасан журмаар ар араасаа зөвшөөрөл өгөх нь тодорхой. Канад яг энэ жишгээр зөвшөөрөл олгож, ирэх долоо хоногоос вакцинжуулж эхлэх гэж байна. Өөрөөр хэлбэл, одоо асуудал зөвхөн үйлдвэрлэлийн хүчин чадлаас хамаарах бөгөөд одоогоор зөвшөөрөл аваад байгаа ганц компани бүгдийг хангана гэвэл хугацаа орох нь тодорхой юм. Гэхдээ аз болоход “Pfizer”-аас өөр олон компани амжилттай ажиллаж байгаа бөгөөд тэдний нэг болох “Moderna”-гийн вакцин энэ сарын 17-ны өдөр АНУ-ын Хүнс, эмийн захиргаа, Зөвлөх хорооны хамтарсан хурлаар орох гэж байна.
Одоогийн байдлаар хүлээн зөвшөөрөгдөөд байгаа ганц вакциныг гаргасан “Pfizer” туршилтаа зургаан улсын 44 000 хүнд туршсан боловч тэр хүмүүсийн 5 хувь нь л /2200 орчим хүн/ ази гаралтай байжээ. Тиймээс Япон л лав хэрэглээнд нэвтрүүлэхдээ тусдаа туршилт явуулах шаардлага тавиад байгаа аж. “Pfizer” өнгөрсөн аравдугаар сарын 20-ноос Японд хязгаарлагдмал хүрээнд туршилт явуулж байгаа юм байна. Ерийн нөхцөлд бол энэ үйл явц жил үргэлжилдэг. Харин энэ удаад 2021 оны долдугаар сарын 23-наас өмнө дархалаажуулалтаа зохион байгуулаад дуусгах сонирхолтой байгаа тул үйл явцыг мөн л хурдасгах магадлал өндөр юм байна.
Тайванийн Эрүүл мэндийн сайд Чен Ши Чун “Вакцин үйлдвэрлэгч компанид 10 сая тун вакцин авах захиалга өгч, урьдчилгаа төлбөрөө хийсэн” гэж мэдэгдсэн хэр нь вакцинжуулалт ирэх оны хоёрдугаар улиралд эхэлнэ гэсэн нь анхаарал татахгүй байх аргагүй. Өөрөөр хэлбэл, вакцинжуулалт эхэлтэл багагүй хугацаа хэрэгтэй гэдгийг түүний мэдэгдэл харуулж байгаа юм. Тайвань мөн дунд хөгжилтэй орнуудыг өндөр хөгжилтэй орнуудын хүн амтай зэрэг вакцинжуулах боломж олгох зорилготой COVAX хөтөлбөрт хамрагдсан бөгөөд 4 сая тун вакцин энэ шугамаар авч байгаа юм байна. Манай улс ДЭМБ-ын энэ хөтөлбөрт мөн хамрагдаад байгаа билээ.
Асуулт №2. Вакцинжуулалт хэр хурдацтай явагдах вэ
Вакцин нь хадгалалт, тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаарддаг тул улс орон бүр өөрийн гэсэн дархлаажуулалтын сүлжээг байгуулсан байдаг. Тэд энэ сүлжээнийхээ хүчин чадал, нөхцөл бололцоонд тохируулан дархлаажуулах ажлаа зохион байгуулах нь тодорхой.
“Pfizer”-ын вакцин бол Цельсийн -70 хэм буюу хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг. Ийм бололцоо бүрдүүлсэн улс Азид байтугай баруунд цөөн. АНУ-д хүртэл Калифорни, Рөүд Айланд, Нью-Мескико зэрэг 20 гаруй муж улсуудад тусгай зориулалтын хөргүүр дутагдалтай байгаа талаар мэдээлж байсан. Тиймээс вакцинжуулалтын сүлжээ нь “Pfizer”-ын шаардлагад хүрээгүй улс орнууд нөхцөл голохгүй өөр вакцин гарахыг хүлээж байна. Тэдний шалгуурт нийцсэн анхны вакцин нь “Moderna”-гийнх бөгөөд Цельсийн -20 градуст хадгалж болдог нь үлэмж давуу талыг үүсгэх төлөвтэй байгаа юм.
Асуулт №3. Вакцинууд ази хүмүүст тохирох уу
Үндэстэн бүрийн онцлог өөр. Тиймээс улс орон бүр өөрсдийн хүн амдаа туршилт хийж байж зөвшөөрөл олгодог. Тэр утгаараа тодорхой хугацаа шаарддаг байсан. Харин энэ удаа нөхцөл байдлаас шалтгаалаад улс орнууд эхнээсээ шаардлагаа зөөлрүүлж, асуудлыг түргэвчилсэн журмаар шийдэж байна. Тиймээс эрсдэл гарахыг үгүйсгэх аргагүй юм. Их Британид гэхэд л харшилтай хүмүүст сөрөг нөлөө үзүүлж байгаа нь тогтоогдсон тул хэт мэдрэг буюу харшил нь хурц хэлбэрээр илэрдэг хүмүүст вакцин хийхгүй байхаар болсон байх жишээтэй.
Тиймээс ази хүмүүст ямар ч асуудалгүй тохирно гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй юм. Одоогийн байдлаар хүлээн зөвшөөрөгдөөд байгаа ганц вакциныг гаргасан “Pfizer” туршилтаа зургаан улсын 44 000 хүнд туршсан боловч тэр хүмүүсийн 5 хувь нь л /2200 орчим хүн/ ази гаралтай байжээ. Тиймээс Япон л лав хэрэглээнд нэвтрүүлэхдээ тусдаа туршилт явуулах шаардлага тавиад байгаа аж. “Pfizer” өнгөрсөн аравдугаар сарын 20-ноос Японд хязгаарлагдмал хүрээнд туршилт явуулж байгаа юм байна. Ерийн нөхцөлд бол энэ үйл явц жил үргэлжилдэг. Харин энэ удаад 2021 оны долдугаар сарын 23-наас өмнө дархалаажуулалтаа зохион байгуулаад дуусгах сонирхолтой байгаа тул үйл явцыг мөн л хурдасгах магадлал өндөр юм байна.
“AstraZeneca” мөн өнгөрсөн наймдугаар сараас Японд хязгаарлагдмал хүрээнд туршилт явуулж байгаа аж.
Сингапурын тухайд, Эрүүл мэндийн яам нь вакцины үр нөлөө, хотын мужийн хүн амын янз бүрийн давхаргад хэрэглэхэд тохирох эсэхийг үнэлэх шинжээчдээс бүрдсэн ажлын хэсгийг байгуулсан байна.
"Бүх вакцинууд манай хүн амын бүх хэсэгт тохирсон, аюулгүй, үр дүнтэй байх боломжгүй тул олон хүчин зүйлийг анхаарч үзэх хэрэгтэй. Ажлын хэсэг нь вакцинуудын аюулгүй байдал, эмнэлзүйн өгөгдөл, манай орон нутгийн нөхцөл байдлыг харгалзан нягт нямбай судалж, Сингапурын хүн амд тохируулж болохуйц, цогц вакцинжуулалт явуулах боломжтойг нь сонгоно" гэж тус улсын ЭМЯ-ны эмнэлгийн үйлчилгээний газрын даргын ахлах зөвлөх бөгөөд зөвлөлийн дарга Бенжамин Онг хэлжээ.
Асуулт №4. Азийн улсууд вакцинаа хаанаас авч байна вэ
Азийн улсуудын дунд Япон шиг туршилт судалгааны үр дүн хүлээж байгаа нь байхад, компаниа сонгоод гэрээгээ хийчихсэн улсууд ч цөөн бус байна. Тухайлбал, Энэтхэг улс AstraZeneca компаниас 600 сая тун вакцин авахаар захиалгаа өгсөн байна. БНХАУ, Япон, Индонези, БНСУ, Таиланд мөн Швед-Их Британийн компаниас вакцин авахаар тохирчээ. “Pfizer”-ын вакцин -70 хэмд хадгалагддаг бол “AstraZeneca”-гийнх ердийн томуугийн вакцины адил 2-8 градуст хадгалж болдог нь олон улс орны үндэсний дархлаажуулалтын тогтолцоонд тохирч, их захиалга авах боломжийг бүрдүүлсэн байна. “Pfizer”, “BioNTech”-ийн “BNT162b2” вакцины хоёр тун 20 орчим ам.доллар байхаад “AstraZeneca”-гийн “AZD1222” вакцины хоёр тун хамгийн хямд буюу 3-4 ам.доллар байх төлөвтэй байгаа нь захилга нэмэгдэх бас нэг шалтгаан болжээ.
Зургийн тайлбар: Ковид19 өвчний вакцины үйлдвэрлэлийн хүчин чадал, авсан захиалгын хэмжээ /ААН-ээр, тэрбум тун/
Тайвань улс COVAX хөтөлбөр болон үйлдвэрлэгчдээс 15 сая тун вакцин авах бөгөөд 7.5 хүнээ хамруулна. Ингэхдээ БНХАУ-аас ямар ч тохиолдолд авахгүй гэдгээ зарласан.
Шинжлэх ухааны мэдээлэл, шинжилгээний “Airfinity” компанийн мэдээлснээр, компаниуд 2020 оны үлдсэн хугацаанд зөвшөөрлөө авч дуусаад ирэх оны эхний улиралд үйлдвэрлэлээ эрс нэмэгдүүлэх ч хангалт Их Британи, АНУ, Европын холбоо бусад улс гэсэн дарааллаар явагдана. Ази тив бусад улсууд гэсэн ангилалд багтаж буй. Азийн улсуудаас хамгийн түрүүнд Японд эхлэх төлөвтэй байгаа бөгөөд албаны хүмүүс нь “2021 оны III-V сарын орчимд эхлэх болов уу”, “Зун гэхэд хүн амын ихэнх нь вакцинд хамрагдчихсан байна” гэсэн багцаалдсан маягтай мэдэгдэл хийж байна.
Асуулт №5. Үйлдвэрлэлт, тээвэрлэлт
Япон улсын хувьд, вакцинжуулалтыг шууд эхлүүлээ гээд ч эмнэлгээс гадна зүү тариурын хүрэлцээ хангамж тааруу байгаа гэнэ. Тиймээс энэ чиглэлд анхаарч ажиллаж байгаа юм байна. Япон улс вакцинаа “AstraZeneca”-гаас авна гэвэл вакцинаа дотооддоо үйлдвэрлэх давуу талтай. Гэвч үйлдвэрлэлийг хариуцаж хийх “JCR Pharmaceuticals” компани нь өмнө нь вакцин үйлдвэрлэж байгаагүй гээд асуудал бас л байгаа аж.
Энэтхэг улс AstraZeneca компаниас 600 сая тун вакцин авахаар захиалгаа өгсөн байна. БНХАУ, Япон, Индонези, БНСУ, Таиланд мөн Швед-Их Британийн компаниас вакцин авахаар тохирчээ. “Pfizer”-ын вакцин -70 хэмд хадгалагддаг бол “AstraZeneca”-гийнх ердийн томуугийн вакцины адил 2-8 градуст хадгалж болдог нь олон улс орны үндэсний дархлаажуулалтын тогтолцоонд тохирч, их захиалга авах боломжийг бүрдүүлсэн байна.
-70 хэмд хадгалах шаардлага тээвэрлэлтийг асар хүндрүүлж байгаа тул “Pfizer” ч гэсэн вакцинаа АНУ, Бельгиэс гадна Азийн улсад үйлдвэрлэх сонирхолтой байна.
Японы эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэгч PHC компани энэ эрэлтийг мэдэрч -85 хэмд бүтээгдэхүүн тээвэрлэх боломжтой зөөврийн хөргөгч үйлдвэрлэж эхэлсэн. Эхний ээлжинд Япон, АНУ, Европын улсуудаас захиалга авч нийлүүлж байгаа аж. Цаашдаа Азийн улсуудад бас нийлүүлнэ гэнэ.
БНХАУ өөрсдийн бүтээсэн вакцины компаниудаа энэ сардаа багтаж шалгаад их хэмжээгээр үйлдвэрлэх зөвшөөрөл өгчихнө гэж буй. Дараа нь шууд иргэдээ вакцинжуулах бөгөөд бэлтгэл ажил аль хэдийнэ эхлээд буй.
Зургийн тайлбар: Улс орнуудын худалдан авалт. /Баталгаажсан, бололцоо. Тэрбум тун/
Гадаад хэргийн сайд Ван И БНХАУ-тай хөршилдөг улсууд үүнд эхний ээлжинд хамрагдах боломжтой гэж мэдэгдээд буй. Түүний мэдэгдлийн үр шимийг хамгийн түрүүнд хүртэх улс нь Камбож гэнэ.
Камбож улс одоогоор COVAX хөтөлбөрөөс өөрөөр аль улсаас вакцин авахаа тодорхой шийдээгүй байгаа гэж Ерөнхий сайд Хун Сен нь саяхан мэдэгдсэн юм байна. Ван И өнгөрсөн аравдугаар сард Камбожид айлчлахдаа вакцин нийлүүлэх тал дээр нааштай хандахаа илэрхийлсэн бөгөөд Хун Сен маш баярлаж хүлээж авсан. Гэхдээ тэд ОХУ-д мөн хандаж, “Спутник V” вакцин нийлүүлэх тал дээр дэмжлэг үзүүлэхийг хүсээд байгаа юм. 16 сая хүн амтай жижиг биш улс ч дархлаажуулалтын тогтолцоо маш муу хөгжсөн нь Камбожийн гол сул тал юм байна. Тэд хүн амаа дархлаажуулалтад хамруулах эрэмбэ тогтоосон бөгөөд эмнэлгийн эмч, ажилчид /37 000 орчим хүн/, төрийн албан хаагч, цэрэг цагдаа хүчний байгууллагын алба хаагчид /290 000/, дархлаажуулалтын ажилд оролцох сайн дурын ажилтнууд /50 000/-ыг эхний ээлжинд харуулах юм байна.
Үлдсэн хүн амаа гурав ангилсан бөгөөд ахмад настнууд /992 000/, насанд хүрсэн боловч чихрийн шижин болон архаг хууч өвчтэй хүмүүс /1.5 сая/, ойдлын үйлдвэрийн ажилчид /620 000/ гэсэн эрэмбээр вакцинжуулах юм байна.
Малайзын тухайд хувийн хэвшлийн ААН-үүд нь вакцины төсөл дээр ажиллаж байгаа бөгөөд цахилгаан барааны “MyEG Services” компани БНХАУ-ын Шэньжэньд төвтэй “Anhui Zhifei Longcom Biopharmaceutical” компанитай вакцины гуравдугаар шатны туршилт явуулах гэрээ байгуулаад ажиллаж байгаа аж. Амжилттай болсон тохиолдолд дистрибьюторын эрхийг “MyEG Services” дангаараа эзэмшинэ.
Үл хөдлөх хөрөнгийн “Yong Tai” компани мөн “Shenzhen Kangtai Biological Products” компанитай дээрхтэй яг ижил гэрээ байгуулаад ажиллаж байгаа аж.