Маогаас дутахааргүй нэр хүндтэй болсон өнөөгийн Хятадын удирдагчийг Монголд айлчлах үеэр цувааг нь эсэргүүцэн сөрж гүйсэн Х.Баттулга хожмоо түүнтэй гар барин хоёр улсын тэргүүний хувиар уулзсан билээ. Сөрнө гэдэг түүний хувьд хамгийн сайн сурсан ч зүйл байж мэднэ. Давхар дээлээ тайлья гэж Засгийн газраа унагалцсан түүх бас л түүнийх. Төмөр замыг гацаасан, бас барьсан явдал ч түүнтэй холбоотойгоор бичигдэнэ. Одоо тэр 62-ын бүлгийн бас л сөрж зогсоно.

МАН хүчтэй байна. Даанч дархлаа тааруухан харагдана.

Хүчээ харуулан 2021 оны нэгдсэн төсөвт бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ үл ойшоолоо. МАН мунаг чадалтай байна. Гэхдээ мэдрэмж алга. Эдийн засаг хэцүүдэж, төсвийн орлого тасалдаад буй энэ цагт хоригийг нь хүлээж аван төсөвтөө тодотгол хийх замаар алдаагаа боломж болгоод, оноогоо өөрсдөө авч болох байсан ч муйхраар эсэргүүцлээ. Хоригийг хэлэлцэхдээ 2021 оны төсвийг хэлэлцэж байхад байдал ийм байгаагүй гэдгийг бүгдээрээ тоть мэт давтсан нь төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага үүссэн, хоригийг хүлээж авах нь зүй ёсны хэрэг гэдгийг өөрсдөө амаараа хэлээд, гараараа эсэргүүцсэн шиг харагдав. Ирэх жил бүтээн байгуулалт нэртэй соёлын төвийн барих ажилд хэдэн тэрбумаар нь тусгасан үрэлгэн зардлаа танаж, үр өгөөжтэй зүйлд зарцуулахаар тодотгол хийчихсэн бол иргэд Ерөнхийлөгч бус МАН-ыг мандтугай гээд суух байлаа. Гэтэл тэгсэнгүй. Гэртээ хоригдон анхааралтай ажиглаж суусан сонгогчдод тэд таалагдсангүй. Таалагдаагүйгээр барахгүй дархлааг нь унагасан нь ойлгомжтой.

Хийх үйлдлээ хэзээнээс томоор харж, хэрхэх, яахаа бүрэн төсөөлөн зурж чаддаг Ерөнхийлөгчид энэ нь шазуураа зуун, хүйтнээр инээмсэглэн төлөвлөсөн ёсоор дараагийн алхамаа хийхэд хүргэв. Түүний дараагийн алхам Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг даруй хэлэлцүүлж, батлуулах тал дээр шуурхай арга хэмжээ авахыг УИХ-ын дарга Г.Занданшатараас хүссэн хүсэлт. Энэ хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлж, улмаар төслийг УИХ-ын чуулганы 2018 оны аравдугаар сарын 19-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

“Энэ төсөл нь стратегийн ач холбогдол бүхий ордуудыг ашигладаг, ихээхэн хэмжээний гадаад валютын орлоготой үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын мөнгөн гүйлгээ, төлбөр тооцоог Монгол Улсын банкаар гүйцэтгэдэг байх ач холбогдолтой” гэж хууль санаачлагч тайлбарлаж буй.

Энэ бол мэдээж эдийн засагт эргэлзээ төрүүлэн талцдаг асуудлын нэг. Өдгөө буруутгагдаад буй Сангийн сайд асан С.Баярцогтын Оюутолгойн гэрээг хийхдээ гаргасан ганц гэгдэх алдааны нэгээр тооцогддог асуудал нь хөрөнгө оруулагчийн мөнгө Монголын банкиар дамждаггүй явдал. Хэрэвзээ дамжуулдаг байдлаар хийсэн бол байнгын хэл ам дагуулж, хардаж байдаг хөрөнгө оруулалтыг бодитоор хянаад зогсохгүй валютын нөөц, ханшийн савлагааг шийдэх боломжтой байсныг учир мэдэх эдийн засагчид учирладаг. Мэдээж хэрэг дэлхийн томоохон ордын хөрөнгө оруулалтын валют банкны салбарт эргэлдээд эхэлбэл жижигхэн эдийн эдийн засагтай манайх шиг оронд олон олон давуу талыг авчрах нь дамжиггүй.

Үүнийг ч хууль санаачлагч “Гадаад валютын гүйлгээг зохицуулагч, валютын захын оролцогч болохын хувьд Монголбанкнаас эдгээр аж ахуйн нэгжийн орлогыг захын бус хэлцлээр худалдан авах, шаардлагатай төлбөр тооцоог данс байршуулах замаар гүйцэтгэж шууд харьцах хууль эрх зүйн зохицуулалт дутмагаас шалтгаалж томоохон хөрөнгө оруулалтын гэрээний үр ашиг нийтэд хүртэхгүй байх, борлуулалтын орлого Монгол Улсаар дамжихгүй байх, Монгол Улсаас эх үүсвэртэй хөрөнгө нь гадаад валютын улсын нөөцөд тооцогдохгүй байх зэрэг асуудал байна” гэдгээр хуулийн төслийнхөө танилцуулгад хоёр жилийн өмнө тайлбарлачихсан байгаа.

Иймэрхүү аргаар валютын ханш, нөөцөө бүрдүүлдэг хамгийн оновчтой бодлогыг одоогоос 100 жилийн өмнө Богд хааны Засгийн газар барьсан түүх бий. Тэд Хятадын пүүсүүдэд өөрсдийн мөнгөн тэмдэгтээр зээл олгосон байдаг. Зээлээр авсан мөнгөөрөө Монголоос түүхий эд авч, нутагтаа аваачин борлуулсан хятадын пүүсүүд өөрсдийн цай, бараанаас гадна валютаа өвөртөлж ирээд түүнийгээ Монголын мөнгөн тэмдэгт болгон зээлээ төлөх жишээтэй. Монголд нээгдсэн гадаадын хөрөнгө оруулалттай “Монголор” алтны уурхайтай 1912 онд гэрээ байгуулж монгол түшмэдээр хянуулан, бүх олсон алтны 16.5 хувийг улсын санд алтаар болон Орос цаасан мөнгөөр оруулж байхаар болсон явдал ч цаагуураа валютыг урсгалыг бий болгож, ханшийг нь ч давхар барьж байсан нь түүхнээ тэмдэглэгджээ. УИХ Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хүчээ нэгтгээд хэлэлцэхгүй өнгөрч болно. Гэхдээ энэ бол тэдэнд хасах оноо авчирна уу гэхээс өөдтэй зүйл авчрахгүй. Эцэстээ унхиагүй байгаа парламентын үйлдэл Ерөнхийлөгчийг эсэргүүцэхэд л хүчээ нэгтгэх төдийлөн болж өнгөрч, зүхүүлсээр ч үлдэж мэдэх нь.

Байдал улам бүр дордсоор буй энэ үед энэ мэтчилэн хоржоонтой, бас оновчтой, олон нийтэд таалагдах санаачлага сонгуулиас өмнө Ерөнхийлөгчийн зүгээс ирсээр байх болно. Ганц дайчин ганцаардахгүй. Түүний эрх баригчдын эсрэг хийсэн алхам бүр иргэдэд таалагдах нөхцөл байдлыг өөрсдөө бий болгож байна. Оновчгүй бодлого, бодит бус тооцоолол, судалгаагүй хэтэрхий албадлагын шинжтэй шийдвэрүүдийг гаргасаар буй ахуйд ийм л байна.

Эрх баригчдад мэдрэмж алга. Цар тахлаас шалтгаалан учруулж буй сөрөг үр дагаврыг сөрсөн бус аргацаасан, алсын хараагүй шийдвэр гаргаж буй байдал бүр ч таалагдахгүй байна. Ерөнхийлөгч мундагтаа бус эрх баригчид муу байгаад л асуудал байна. Тиймээс ч унаж байсан Ерөнхийлөгчийн нэр хүнд өсч байна. Өөрсдийгөө л магтаад, шагнаад байгаа болохоос үнэн хэрэгтэй шуурганд уруудсан мал шиг аятай яваа эрх баригчдын өмнө зогсоод, хэр чадлаараа шилбүүрдэн шуурга сөрөхийг сануулах хэн боловч баатар харагдахаар байна. Тэр мэдрэмжтэй байна.