2021 онд хуримлах одод

Хувь заяагаа холбохоор хуримын зар түгээсэн ч цар тахлын улмаас түр хойшлуулаад буй алдартнуудын төлөвлөгөө ирэх онд бүү өөрчлөгдөөсэй. 

Гвен Стефани, Блейк Шелтон 

Тэднийг салсан тухай олон дам яриа гарч байсан ч таван жил үерхсэний эцэст дуучин бүсгүй сүйн бөгж зүүлээ. Гвен Стефани найз залуу кантри дуучин Блэйк Шелтоны гэрлэх саналд зөвшөөрсөн хариу өгчээ. 51 настай Гвен аз жаргалтай мөчийнхөө зургийг инстаграм хуудсанаа хуваалцсан бол Блэйк “Миний 2020 он болон үлдсэн амьдралыг минь аварсан Гвенд баярлалаа. Би чамд хайртай. Би "Тийм" гэсэн хариу сонссон " хэмээн твиттертээ бичжээ.

Гвен ферм дээр ковбой гуталтай гэрлэхийг мөрөөддөг хэмээн ярьж байсан удаатай. Хүсэл биелэж тэр кантри дуучинтай амьдралаа холбох нь.

Кэти Перри, Орландо Блум 

Цар тахлын улмаас хөл хоригдоогүй бол энэ хос интоор цэцэглэх цагаар Японд хуримын тангараг өргөх гэж төлөвлөж байжээ. Гэхдээ сакурагийн оронд хосын амьдралд илүү ид шидтэй зүйл дэлбээлсэн юм. Перри энэ зун Дэйзи охиноо төрүүлж, хосууд аз жаргалдаа умбан буй. Хуримын оронд хосууд сүй тавьсан ойгоо найзууд, ойр дотны хүрээнд тэмдэглэлээ. Энэ үдшийн зочид Перри, Блум нарын нэрийн эхний үсэгтэй захиалгаар хийсэн цамц өмссөн байв.

Лили Коллинз, Чарли МакДауэлл 

"Эмили Парист" цувралын од, зохиолч найруулагч Чарли МакДауэлл нар болзож эхэлсэнээс хойш нэг жилийн дараа өнгөрсөн есдүгээр сард сүй тавьснаа зарласан. Сүйт залуу Irene Neuwirth-т захиалгаар хийлсгэсэн тансаг бөгжөөр хайртай бүсгүйнхээ гарыг гуйсан бол Лили Коллинз энэ мөчийг  "том амьсгаа авах" гэж тодорхойлжээ. Жүжигчин бүсгүй хуримын даашинзаа сонгохдоо "Эмили Парист" цувралын уран бүтээлчдээс зөвлөгөө авах болов уу гэж таамаглаж байна.

Жасмин Такс, Хуан Дэвид Борреро 

"Victoria's Secret"-ийн сахисан тэнгэр Жасмин Таск,  Snapchat-ийн гүйцэтгэх захирал Хуан Дэвид Борреро нарын дөрвөн жилийн үерхэл хурим болоход ойрхон байна. Есдүгээр сард Гранд Каньонд аялж явахдаа сүйт залуу нь Жасминд гэрлэх санал тавьж, бөгж бэлэглэжээ. Хамгийн сонирхолтой нь 7 каратын очир эрдэнэ бүхий Ritani-ийн бөгжийг сүйт бүсгүйд дроноор авчирч өгчээ. Тэгэхээр хосын хурим илүү сонирхолтой байх нь тодорхой. Хуан үзэсгэлэнт сүйт бүсгүйдээ өөр ямар гэнэтийн бэлэг барих бол гэж бид тэсэн ядан хүлээж байна. 

Бруклин Бекхэм, Никола Пелц

Дэвид, Викториа Бекхэм нарын том хүү өнгөрсөн долоодугаар сард сүй тавьсан. 21 настай Бруклины ирээдүйн эхнэр жүжигчин бүсгүй Никола Пелц сүй тавьсан өдрөө олон нийтийн сүлжээнд “Чи намайг дэлхийн хамгийн аз жаргалтай бүсгүй болголоо. Амьдралынхаа үлдсэн хугацааг чамтай өнгөрүүлэхийг хүсэж байна. Чиний хайр бол хамгийн үнэтэй бэлэг. Би чамдаа маш их хайртай" гэж бичжээ. Бруклин сүйн бөгжөө багет талхан завсар хавчуулж бэлэглэжээ.

Хосууд цар тахлын улмаас олон зочид урих боломжгүй болж хуримаа түр хойшлуулаад байна. Хэрвээ цагийн байдал наашилбал хосууд эхлээд Их Британийн Котсвольдс дахь Бекхэмийн эзэмшилд хуримлаж, дараа нь Николагийн төрсөн нутаг АНУ-ын Флорида мужид очиж тангараг өргөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Мэдээжийн хэрэг Викториа Бекхэм бэрийнхээ даашинзыг оёх болно.

Хунтайж Филлипос, Нина Настася Флор

Грекийн хааны гэр бүлд ч шинэ хос нэмэгдэж байна. Эртний сурвалжит удамт энэ гэр бүлийн Грек улсыг засаглахаа больсон ч хэргэм зэргээ хэвээр хадгалдаг. Грек, Данийн сүүлчийн эзэн хаан Константин II, хатан хаан Анна Мария нарын бага хүү 34 настай Филиппос өнгөрсөн зун сүй тавьснаа зарласан. Ханхүүгийн гарыг атгасан бүсгүй бол Швейцарийн бизнес эрхлэгч Нина Флор юм. Европт вирусийн тархалт намжвал язгууртны хүрээнд томоохон хурим товлогдох нь. Хосын сүй тавих ёслол Итаки арал дээр болсон. Хурим ч бас Грекийн үзэсгэлэнт арлуудын нэгд болох нь тодорхой.

Женнифер Лопес, Алекс Родригес

Тэд өнгөрсөн зун Италид тансаг хурим хийхээр төлөвлөж байлаа.  "Бид том төлөвлөгөөтэй байсан ч тахал бүгдийг өөрчилсөн" гэж Алекс тавдугаар сард телевизийн шоу нэвтрүүлэгт оролцохдоо ярьжээ. "Гэхдээ бурхан илүү том төлөвлөгөөтэй байдаг. Тиймээс бид хүлээх л үлдлээ" гэж тамирчин эр нэмж хэлжээ. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Родригес хавар охин Элладаа зориулж шуугиантай төрсөн өдрийн үдэшлэг хийсний дараа ирээдүйн эхнэр нь гэрлэхийн оронд зүгээр л бал сараар машинаар явах санал тавьжээ. Тэгэхээр тансаг хурим хүлээх хэрэггүй ч байж мэднэ.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Jlo batsaan baihad l hurimaa hiij baisan.baishiigeel hurim hiih yum. Odoo ayaga tsaigaa huvaaj uuh hun hajuud ni baival bolno

    0 0 Хариу бичих