Урсаж л байдаг гол горхи, ундарч л байдаг булаг шанднаас усыг нь уутлаж савлаад зарна гэдэг 400 жилийн өмнө бол хэний ч санаанд багтахгүй байсан нь лавтай. Гэтэл өнөөдөр хүн төрөлхтөн жилдээ 460 тэрбум литр савласан ус хэрэглэж байна. Энэ зах зээл жилд дунджаар 10 хувиар өсдөг бөгөөд 2020 оны эцэс гэхэд 280 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй.
Савласан цэвэр ус нь хамгийн өндөр ашигтай, хар тамхийг ч хол хаядаг гэдэг. “Nongfu Shan” цэвэр усны үйлдвэрийн эзэн Жонг Шань Шань гэгч бизнесмэн “Али баба”-гийн Жек Маг сарын өмнө Хятадын хамгийн чинээлэг хүний албан бус сэнтийгээс буулгасан нь үүний тод жишээ болсон. “Bloomberg” түүнийг 58.7 тэрбум долларын хөрөнгөтэй гэж тооцон Хятадын тэргүүн баянаар нэрлэсэн юм.
Лонхонд савласан “ид шид”
Савласан цэвэр усны бизнесийн түүх XVI зуунаас эхтэй. 1760-аад оны орчим “Jack- son’s Spa” компани цэвэр усыг шилэнд савлан “Эмчилгээний журмаар хэрэглэнэ” нэрийн дор худалдаж эхэлжээ. Энэ бизнес ХХ зуун хүртэл эрчимтэй өргөжсөн ч цэвэр усны хангамжийн систем үүсэж, цоргоноосоо үнэгүй шахам ус авах болсон тул нэг хэсэг уналтад орж, худалдаанд зөвхөн эрдэст ус л үлдсэн юм.
Францын эмч Луи Перье 1898 онд Вереж хотноо сувилал нээж, тэр газрынхаа усаар Европын дээд зэрэглэлийн зочид буудал, ресторануудыг хангах болсноор савласан цэвэр усны бизнесийг нэг шат ахиулжээ. 1970-аад он гэхэд “Perrier” Европтоо ноёрхлоо бүрэн тогтоож, улмаар 1975 онд АНУ-ын зах зээлд гарав. Тэд савласан ус хэрэглэх нь амжилттай яваа хүний амьдралын нэг хэв маяг мэтээр сурталчилж, гурван жилийн дотор борлуулалтаа 25 саяас 75 сая болтол нэмэгдүүлж чадсан гэдэг.
1990-ээд шингэн хүнс үйлдвэрлэлийн аваргууд болох PepsiCo, Coca-Cola савласан усны зах зээлд орж ирлээ. Санхүүгийн өндөр чадамжтай эдгээр компаниуд зар сурталчилгаанд асар их хөрөнгө зарцуулан хүн төрөлхтний “тархийг угааснаар” савласан ус цоргоны усыг эгнэгт ялсан билээ.
“Beverage Marketing Corporation”-ы тооцоогоор, дэлхий дээр жилд 460 гаруй тэрбум литр савласан ус борлуулагдаж байна. Зах зээлийн багтаамжаараа БНХАУ (80 тэрбум литр) бусдыгаа тасархай тэргүүлж, АНУ (45 тэрбум литр) удаалдаг. Америкийн нэг иргэн жилд 160 литр савласан ус хэрэглэдэг нь бусдаасаа давсан үзүүлэлт. Зөвхөн АНУ-д энэ төрлийн бизнест 35 тэрбум доллар эргэлдэж буй нь Холливудын кино үйлдвэрлэлээс бараг гурав дахин их гэсэн үг юм.
Ер нь савласан ус, рашаан төвлөрсөн хангамжийн уснаас дунджаар 2000 дахин үнэтэй. Дэлхийн олон оронд сүү, тараг, шар айраг, тэр ч бүү хэл шатахуун савласан эрдэст уснаас хямд байдаг.
АНУ-д нэг литр савласан ус сүүнээс гурав дахин, шатахуунаас дөрөв дахин өндөр үнэтэй. Монгол улсын хувьд ч ялгаагүй, хагас литр савласан цэвэр ус нэг тонн усны үнэтэй дүйцэж байна.
Маркетингийн золиос
Олон хүн савласан ус илүү цэвэр, сайн чанарынх гэж итгэдэг. Үнэн хэрэгтээ энэ бодол нь үйлдвэрлэгчдийн хөрөнгө хүчээ зарж хийсэн сурталчилгааны үр дүн юм. “Environmental Working Group” институтын судлаачид энэ талаар дэлхийн томоохон үйлдвэрлэгчидтэй нэг бүрчлэн уулзаж судалгаа хийхэд бараг тэн хагас нь бүтээгдэхүүнээ “Цоргоны ус” гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Хэдэн жилийн өмнө Монголд ч ийм судалгаа хийгдэж, Байгаль орчны яам, Гео экологийн хүрээлэнгийн эрдэмтэд савласан цэвэр усны найрлагад үнэлэлт өгч байв. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулдаг цэвэр усны үйлдвэрүүдээс 20 нь судалгаанд хамрагдахад ердөө гурав нь эрдэслэг усны ангилалд нийцсэн юм. Цэвэр усны стандартад зааснаар 50 мг/л-ээс дээш агуулгатай байвал эрдэслэг, үүнээс бага бол эрдэсгүй гэж үздэг. Усны үйлдвэрүүд бараг нэг ижил төрлийн буюу мембран технологиор усаа цэвэршүүлнэ. Гэтэл ийм аргаар цэвэршүүлсэн усны эрдэс давсны агуулга эрс багасч, нэгэн ёсондоо нэрмэл ус болдог. Өөрөөр хэлбэл, гүний болон цоргоны усыг шүүж, бүх эрдэс бодисыг нь авсны дараа л бид “цэвэр ус” нэрээр хүртэж байна. Угтаа бол байгаль дээрх усыг үйлдвэрлэлийн аргаар шүүсний дараа хүний бие махбодид хэрэгтэй эрдэс минералуудыг нэмж хийх ёстой. Гэвч үйлдвэрлэгчид “Үргүй зардал” гэж үзээд шууд савладаг байна.
Харамсалтай нь, ингэж савласан ус цоргоны уснаас сайн уу гэвэл бас үгүй. Үнэн хэрэгтээ төвлөрсөн усан хангамжийн ус маш нарийн стандартаар цэвэршүүлэгдэж, төрийн чанд хатуу хяналтын дор хэрэглэгчид очдог. Харин цэвэр усыг ингэж хянаж чаддаггүй байна.
“Consumer Reports” хэрэглэгчдийн сэтгүүлийн нэгэн дугаарт савласан усны зургаан брэнд “Starkey” (Эзэмшигч нь Whole Foods), “Peсafiel” (Keurig Dr. Pepper), “Crystal Geyser” (Alpine Spring Water), “Volvic” (Danone), “Crystal Creamery” (EartH2O)-ийн савласан цэвэр усанд мыщъяк зөвшөөрөгдөх хэмжээнээс их байсан талаар мэдээлсэн бөгөөд ийм мэдээлэл байсгээд гардаг нь савалгаатай шууд холбоотой байдаг юм. Тиймээс хуванцар савтай усыг наранд хэрхэвч тавьж болохгүй.
Номхон далайн институтын ерөнхийлөгч Питер Глейк “Савласан ус төвлөрсөн хангамжийн уснаас илүү цэвэр гэдэг ойлголт буруу гэдгийг хэлье. Савласан ус хангамжийн ус шиг хариуцлага өндөртэйгөөр шалгагддаггүй, хянагддаггүй. Том корпорациуд төвлөрсөн усан хангамжийн усны чанарыг шүүмжилсэн пи арыг шууд болон шууд бусаар байнга явуулж байдаг. Үйлдвэрлэгчид цэвэр усны бизнес рүү хошуураад байдаг нь ашигт ажиллагааны түвшин өндөр байдагтай холбоотой. Энэ тал дээр хар тамхи мансууруулах бодистой дүйнэ. Энэ нь хэдэн мянган хувийн ашиг гэсэн үг” хэмээн “Business Insider” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдаж байв.
Савласан усны бизнес эрхлэгчид төвлөрсөн усан хангамжтай зөвхөн цэвэр зар сурталчилгаагаар өрсөлддөггүй. Өөр бохир арга хэрэглэдэг болохыг “Business Insider” илчилсэн түүх бий. Тус сэтгүүл “Nestle Waters NA”, “Nestle USA”, “Coca-Cola” компаниуд төвлөрсөн усан хангамжийн системийн засвар арчилгаанд зарцуулах төсвийг хасуулахын тулд Конгрессийг хоёр жилийн турш 28 сая ам.доллараар лоббидсоныг олж тогтоожээ. Төсөв танагдсанаар мэдээж төвлөрсөн усан хангамжийн усны чанар муудаж, савласан усны хэрэглээ нэмэгдэнэ. Муугүй заль биз.
19 сая хүн цэвэр усны хомсдолд аж төрдөг Нигер улсад “Nestle Waters” компани гүний ус цэвэршүүлж савладаг хоёр ч том үйлдвэр 2016 онд нээжээ. Тэд эхэндээ Мандереги тосгоны оршин суугчдад найрсаг хандаж уух усаар үнэгүй хангахаар амалж байсан ч хоёр жилийн дараа цоргоо хааж орхив. Цэвэр усны үйлдвэр тосгоны иргэдийг усаар хангах үүрэг хугацаатай байсныг, хугацаа нь дуусахад цэвэр усны нөөц зөвхөн компанийн эзэмшилд очихыг тосгоныхон Засгийн газартай байгуулсан гэрээ гэгчээс нь олж мэджээ. Nestle-ийн цэвэршүүлсэн усны үнийг хүчрэхгүй Мандереги тосгоныхон одоо хоёр км-ийн цаадах голоос усаа зөөж ууж байгаа. Усны төлөө хурдны замаар хөндлөн гүйж амиа алдсан нь ч олон.
2011 онд дэлгэцэнд гарсан “Цутгал: Усыг хайрлах нь” (Flow: For Love of Water) хэмээх баримтат кинонд цэвэр усны компаниудын олдог асар их ашгийг харуулсан байдаг. Шинээр байгуулагдсан “Nestle Waters” компани Мичиган мужийн гүний цэнгэг усны ордыг 99 жил ашиглах зөвшөөрлийг 70 000 ам.доллар буюу жилд 707 ам.доллараар аваад үйлдвэрлэлээ эхэлсний дараа өдөрт 1.8 сая ам.долларын ашиг олж байгаа талаар уг баримтат кинонд өгүүлдэг юм.
Савласан цэвэр усны үлдээж буй “өв”
Цэвэр усны бизнесийг үйлдвэрлэгчид нь байгальд ээлтэй гэж сурталчилдаг ч үнэн хэрэгтээ хүрээлэн буй орчинд хамгийн хор нөлөөтэй. Дэлхий нийт жилд дунджаар 2.4 сая тонн хуванцар сав хаядгийн 75 хувь нь цэвэр усных байдаг аж. Хөрсөнд задарч шингэтлээ 700 жил зарцуулдаг хуванцар сав бол эрэг орчмын бүс нутгийг хамгийн ихээр бохирдуулдаг гурван зүйлийн нэг билээ. Дээрээс нь хуванцар сав үйлдвэрлэл хүлэмжийн хий ихээр ялгаруулж агаар орчинд ч сөргөөр нөлөөлж буй. Гадаргуугийн усны нөөцөө барж буй хүн төрөлхтөн одоо гүний усаа савлан дундалж байна. Ойрын арван жилд нэг хүнд ногдох усны хэрэглээ өдөрт 5 литрээс 8 литр хүртэл нэмэгдэнэ. Харин гүний усны нөхөн сэргээгдэх хугацаа дунджаар 1400 жил байдаг ажээ.