Улсын Онцгой комиссын шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас амьсгалын аппаратны хүрэлцээ ямар байгаа талаар мэдээлэл өглөө.

Тэрээр “Одоо бидэнд яг ашиглахад бэлэн 180 орчим аппарат бий. Аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, лавлагаа шатлалын төв эмнэлгүүдэд ковид-19 өвчний бэлэн байдлыг хангах үүднээс 50 орчим амьсгалын аппарат бэлдсэн, нийлээд 180 болж байгаа юм. Мөн ашиглахад бэлэн 20 зөөврийн амьсгалын аппарат байна.

Бид бүхэн өнгөрсөн наймдугаар сард амьсгалын аппаратны захиалгаа хийсэн. Тухайн үед цар тахлын нөхцөл байдал дэлхий даяар хүнд байсан учраас нийлэлт саатсан тал бий. Одоо харин захиалсан аппаратнууд маань үйлдвэрлэгдээд, орж ирэхэд бэлэн болсон. Арванхоёрдугаар сарын 8-нд эхний 200 аппарат орж ирнэ. Арванхоёрдугаар сарын 20 гэхэд дахиад 200 гаруй аппарат ирчихнэ.

Бид бүхний тооцоолсноор коронавирусийн халдвар дотоодод хүн амны нэг хувьд тархсан тохиолдолд хүндрэх, амьсгалын аппаратад орох шаардлагатай хүнээ тооцоолоод үзэхээр амьсгалын аппаратны дутагдалд орохгүй гэж тооцоолсон. Харин энэ аппаратууд дээрээ ажиллах боловсон хүчнийг бэлтгэх асуудал тулгарч байгаа. Өмнө нь бэлдэж байсан, дахиад нэмж бэлдэх шаардлага гарч байна” хэмээн мэдээллээ.