Дэлхийн улс орнуудад эхнээсээ цар тахлын вакцин гарч, амьдрал эргээд хэвдээ орно гэсэн найдлага төрүүлж байгаа ч шинэ зуун эхэлснээс хойших хамгийн уршигтай эдийн засгийн хямрал багадаа таван жил үргэлжилнэ гэж эдийн засгийн шинжээчид үзэж байна.
Дэлхийг хамарсан эдийн засгийн зогсонги байдал өсөлтийг хэдэн жилээр хойш нь татаж, татвар төлөгчдөд 12 их наяд ам.долларын хохирлыг учруулжээ. Хэвийн горимд орсон ч үр дагавар нь арилахгүй, ирэх таван жилд 28 их наяд ам.долларын алдагдал хүлээнэ гэсэн таамгийг ОУВС хийж байна.
Хямрал цар тахал гэсэн нэг л шалтгаантай тул вакцин гарч байгаа гэсэн мэдээлэл хөрөнгийн бирж дээр зохих эерэг нөлөөгөө үзүүлж байгааг үгүйсгэж болохгүй. Гэсэн ч нөхцөл байдал шууд сайжирна гэсэн үг биш гэнэ. Хямрал аль хэдийн хөгжлийг мэдэгдэхүйц хойш нь татах хор нөлөөгөө үзүүлж амжсан гэнэ.
Дэлхийн хамгийн нөлөө бүхий, хашир банкируудын нэг Жером Пауэлл “Вакцин гарсан нь удаан хүлээлгэсэн сайн мэдээ мөн боловч үр дүн нь дунд хугацаандаа гарна уу гэхээс ойрын хугацаанд байдал сайжрахгүй” хэмээн мэдэгджээ.