Д.Дэмидсэрж: Элэгний хүнд өвчтэй охиныхоо эмийг авч чадахгүйд хүрлээ

Хөл хорио тогтоосноос хойш 18 хоног өнгөрч байна. Харин өнгөрсөн хугацаанд хөл хөдөлгөөн хамгийн их байдаг нийслэлийн захын дүүрэгт нөхцөл байдал ямар байгааг манай сурвалжлах баг газар дээр нь очиж сурвалжиллаа.

18 хоногийн өмнө 7 буудлын автобусны буудал орчим олны хөлийн газар байлаа. Энд гар дээрээс жижиглэн худалдаа эрхэлдэг иргэд, гар дээрээс шулсан яс нохойн хоол борлуулдаг иргэд, үсчин, гоо сайхан, цахилгаан бараа, гутал засвар гээд олон цэгт иргэд амьжиргаагаа залгуулдаг байлаа. Тэдний нэг нь Д.Дэмидсэрж. Тэтгэвэрт гарснаасаа хойш тэрээр 17 жилийн турш 7 буудлын энэ хэсэгт өвөлдөө малгай, ороолт, аарц, чацаргана, зундаа самар тэргүүтнийг борлуулж охиныхоо эм тариаг авдаг байжээ. 37 настай охин нь элэгний хүнд өвчтэй байнгын асаргаанд байдаг. Гадаа хүйтэн тул айл руу явуулаад байгаа гэв.

-Танайх нэлээд жиндүү байх шиг байна. Түлээ түлш нь ямархуу байна?

-Манайх өглөө 04:00 өнгөрөөж нэг галласан. Тэгэхгүй л бол мод, түлш хэцүүдээд байна. Нэг шуудай түлш 3750 төгрөг. Би өглөө оройд л нэг гал түлж байгаа. Аргаа бараад охиноо сая байшинд байдаг эгчийнх рүүгээ явууллаа. Хоол хүнсийг нь би явуулья гээд. Тэгэхгүй бол хүйтэн газар өвчтэй хүүхэд хэцүү шүү дээ хэмээн учирлалаа.

Арваннэгдүгээр сарын 10-нд түүнд 110 мянган төгрөг байжээ. Харин өнгөрсөн хугацаанд байсан мөнгөөрөө охиныхоо эмийг авчээ. Хэд хоногийн өмнө 3 кг мах авсан ч идэхгүйг хичээж байгаа гэлээ. Гар дээрээс худалдаа эрхэлж мөнгө олдог түүний орлого бүрэн зогссон. 

Д.Дэмидсэрж “Хэрвээ би гадаа гар дээрээс худалдаа эрхэлж байсан бол өдөрт 10 мянган төгрөг олоод 3000 төгрөгөөр нь махаа аваад үлдсэнээр нь нүүрсээ аваад ороод ирнэ шүү дээ. Амьдрал хэцүү байна. Одоо вирус гарснаас хойш өдөрт зөвхөн мах, гурил хоёроос өөр юм хэрэглэхгүй авахгүй байна” гэлээ.

7 буудалд гар дээрээс худалдаа эрхэлдэг иргэд олон. Тэд өдгөө гэртээ орлогүйдэж олон төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд цөм цоожтой байна. Харин автобус хүлээж бээрсэн иргэдийн хөдөлгөөн их байлаа.

Увсаас ирсэн иргэн “Хотод эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гадуур гэрээр байна. Ирээд сар гаран боллоо. Охин хотод байсан тулдаа л болж байна. Одоо шинжилгээ өгөн буцах гэж байгаа” гэв.

Майхан толгойгоос 7 буудал ирж хүнсээ авсан иргэн буцахдаа 50 гаран минут автобус хүлээж байхтай таарлаа. Тэрээр "Майхан толгойд ажиллаж байгаа дэлгүүр байхгүй. Даараад л автобус хүлээж байна” гэж байв.

Хүнсний дэлгүүрийн худалдагч “Орой 19:30 гээд хүнгүй болж 19:50-д хаагаад гарч байна. Коронавирус гарснаас хойш худалдан авалт муудсан. Иргэд гуя, хаа авдаг байсан бол одоо нэг нуруу ч гэсэн аваад явж байна” гэлээ.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Дэлхий биш монгол жинхэнэ сүйрэл болж ихэнх иргэд нь өдрийнхөө орлогоор амь зуудаг банктай хүмүүс хэцүү бна олсон мөнгөө идээд дууслаа юун 12 сарын зээл мэдэхгүй хувийн бизнeс эрхэлдэг бага орлоготой хүмүүс хэдэн сардаа өрнөөс салхааргүй боллоо 1 сар орлогогүй сууна гэдэг жижиг бизнeс хийж байгаа улсуудад бөөн алданги ямар хэдэн тэр бум саяаар нь хулгай хийдэг биш новш ю

    0 0 Хариу бичих
  2. Тахал гарснаас хойш дэлхий даяар туйлдаж байна

    1 0 Хариу бичих