Иргэн Д.Чулуунхайч хөл хорионы өдрүүдийг "Шинэ зүйл сурах, гэр бүлийн хамт сайхан дурсамжууд бүтээх боломж" гэж тодорхойлж байна. Тэрээр цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхээр хайртай хүмүүсээ уриалах челленж эхлүүлжээ. Д.Чулуунхайч Орхон аймгийн хүүхэд гэр бүл хөгжлийн газарт залуучуудын арга зүйчээр ажилладаг юм.

"Гэрээсээ гарахгүй байх нь хайртай хүмүүсээ хайрлах бас нэг хэлбэр. Гэхдээ эхний ээлжинд хүн бүрийн төлөө хийж чадах зүйл нь эерэг мэдээлэл түгээх байсан" гэж Д.Чулуунхайч хэлж байна. Ингээд тэрээр ээжийнхээ хамт 14 хоногийн өмнөөс эхлэн 108 мөргөж эхэлжээ. Гурав хоногийн өмнөөс ажлын хамт олноо уриалж аяныг эхлүүлсэн байна.

-108 мөргөхөөр сэтгэл санаа, бие махбодын хувьд ямар өөрчлөлт гарч байна?

-Хүмүүст 108 мөргөж байгаа гэж хэлэхээр "Чи турж байна уу, турахын тулд ингэж байгаа юм уу" гэж асуудаг. Миний гол зорилго бол турах биш тарни уншиж өөрийнхөө бодол санаагаа цэгцлэн амгалан тайван байлгах. 108 мөргөснөөр сэтгэл санаа хүртэл өөдрөг байдаг юм билээ. Бие сэтгэл санааны амар амгаланг мэдрэн бас бага зэрэг турж байгаа.

-Аав тань зураач юм байна. Хамт дагаад зураг зурахаар ямар өөрчлөлтүүд мэдрэгдэж байна?

-Аавынхаа зураг зурахыг багаасаа л харж өссөн. Зургийн өнгө, алслалт ийм байдаг гэдгийг ааваасаа сурч мэдсэн. Өмнө нь аавтайгаа хамт тухтай зураг зурах боломж гардаггүй байсан. Цар тахлын үед гэр бүлдээ цаг заваа зарцуулах боломжийг өгч байгаа гэж харж байгаа.

Аавтайгаа зураг зурж, ээжтэйгээ хамт 108 мөргөж гэр бүлээрээ жаргалтай дурсамж бүтээж байна. Харин тэдний эхлүүлсэн аяныг дэмжиж иргэд сошиал сүлжээнд давлагаалж эхэлжээ. Зарим нь хэлний мэдлэгээ сайжруулж, спортоор хичээллэн хүүхдүүддээ шинэ зүйл сургаж байгаагаа илэрхийлжээ.

Харин залуу мэргэжилтэн Д.Чулуунхайч хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдийн тухайд “Хаяа гарч явж, найзуудтайгаа уулзах юмсан гэж бодогддог ч энэ бол үүрдийнх асуудал биш зуурдын хэдхэн хоногийн тэвчих асуудал учраас байгаа нөхцөлдөө аз жаргалтай байгаагаа тодорхойлоод байж байгаа нь илүү сайхан байна. Найзуудтайгаа онлайнаар ярилцаж болж байна. Ажлаа ч онлайнаар хийж байна. Гэр лүүгээ хүнсээ хүргүүлж авч байгаа болохоор гарах юмсан гэдэг бодол алга” гэв.

Цаг бол алт. Эргээд харахад дурсамжтай, өөртөө хийж бүтээсэн зүйлтэй үдэх нь чухал гэсэн түүнийг үгээр сурвалжилгаа өндөрлүүлье.