38 дугаар сургууль дээр байгуулсан шинжилгээ авах цэг хүлээлт ихтэй байна

Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотоос буцах хүсэлтээ гаргасан иргэдээс нийслэл хотын хэмжээнд 20 цэг гарган түргэвчилсэн болон PCR шинжилгээ авч эхэлсэн. Манай сурвалжлах баг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 38 дугаар сургууль дээр ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагын шинжилгээ авах цэгээс мэдээллийг хүргэж байна.

Уг хэсгийг хариуцан ажиллаж байгаа резидент “Баянгол дүүргийн 11 дүгээр цэг буюу 38 дугаар сургууль дээр манай баг ажиллаж байна. Нийт 311 хүн шинжилгээ өгөхөөр цахимаар бүртгүүлсэн. Өглөө 09:00 цагаас шинжилгээгээ эхлэх байсан ч халдвар хамгааллын хувцас хүлээгдэн цагаасаа оройтож эхэлсэн. Эхний ээлжинд хүүхэдтэй иргэдийг оруулан шинжилгээ авч байна. 11:00 цагийн байдлаар ХӨСҮТ рүү 50 сорьц явуулсан. Одоо нийт 85 сорьц авч ажиллаж байна. Шинжилгээний хариу 24 цагийн дараа гарна.  Орой 17:00 цаг хүртэл шинжилгээ авна. Энэ хэсэгт 10 резидент нийт 14 хүн ажиллаж байгаа” гэв.  

Иргэд 38 дугаар сургуулийн баруун талын хаалгаар дугаарлан орж тус сургуулийн доор байрлах подвальд ийнхүү шинжилгээ өгч байгаа юм.

Архангай аймгийн Хотонт сумын иргэн “Архангай аймгаас ирээд хоёр сар болж байна. Дотоодын халдвар гардаг өдөр нутаг буцах гэж байсан нь хөл хорионд орсон. Хотод айлд хэцүү байна. Хэдийгээр манай аймагт халдвар гарсныг мэдэж байгаа ч харихаас өөр сонголт алга. Явмаар байна. Өглөөний мэдээгээр эерэг гарлаа нөгөөх нь сөрөг боллоо гээд яриад байсан яг юу болсныг сайн мэдсэнгүй. Яг голомт гарсан сум руу явах нь буруу байх. Би Хотонт сумын төв дээр очино” гэв.

Баян-Өлгий аймгийн Булган сумын иргэн "Баян-Өлгий аймгаас 11 сарын 1-нд ирсэн. Өмнө нь шинжилгээ өгсөн нь өнөөдөр нутаг буцах гээд дахин шинжилгээ өглөө. Өглөө 08:00 цагаас ирж хүлээсэн. Цахимаар 08:40 минутад шинжилгээ өгөхөөр цаг авсан ч 12:00 цагт орж шинжилгээгээ өглөө. Энд айлд байгаа болохоор хурдан гэр орондоо харимаар байна" гэлээ. 

Увс аймгийн иргэн "Шинжилгээгээ өгөхөөр цагийг нь мэддэггүй. 11:40 минутаас гэсэн хаана зогсохоо мэддэггүй. Хүүхэд л цахимаар цаг авсан. Өглөө эрт ирсэн ч мэдэхгүй хойно л зогсоод байжээ. Гэрийнхээ хүнтэй хотод эмчлүүлэхээр ирээд хөл хорионд орсон" гэв. 

Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн энэхүү цэг дээр ойролцоогоор 100 гаруй иргэн дугаарлан зогсоно. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Bairlal n haana we

    0 0 Хариу бичих