Улсын онцгой комисс өнөөдөр хуралдана. Хурлаар цар тахалын тархалтыг хумих чиглэлд өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн, цаашдын төлвийг хэлэлцэж, Гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах эсэхийг шийдвэрлэнэ. Комисс 11 цагаас хуралдаж гаргасан тодорхой шийдвэр саналаа Засгийн газарт уламжлах юм. Харин Засгийн газрын хуралдаан 14 цагаас товлогдоод байна. Өчигдөр холбогдох албаныхан коронавируст халдварын 16 дахь шатны эрсдэлийн үнэлгээг хийхэд халдвар хүн амын дунд тархах магадлал маш өндөр гэсэн дүгнэлт гарсан байна.
Нийслэлийн зүгээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хатуу хөл хорио тогтоосны улмаас эдийн засаг хумигдаж байгаа цаг үед жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байрыг хадгалж өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор иргэдийн өдөр тутмын амьдралд байнгын эрэлт хэрэгцээтэй саван, оо, ариун цэврийн цаас, шампунь, хүүхдийн живх зэрэг ахуйн хэрэглээний барааны худалдаа, цайны газар, кафе, ресторан, үсчин, хувцас, гутал, цаг, гэр ахуйн модон эдлэл, цахилгаан барааны засвар үйлчилгээний газрууд, авто засвар, угаалга зэрэг дор дурдсан 20 салбарын үйл ажиллагааг сэргээх саналаа Улсын онцгой комисст хүргүүлээд байгаа юм.