Сонсголын бэрхшээлтэй иргэдэд мэдээлэл өгөх, холбон зуучлах “Дохионы хэлний видео дуудлага” фэйсбүүк хаяг 24 цагаар ажиллана

Цар тахлын нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийн хэвлэлийн хурлыг дохионы хэлний орчуулгатайгаар иргэдэд хүргэж байгаа. Түүнчлэн хөл хорионы хатуу дэглэм тогтоосон энэ үед хөгжлийн бэрхшээлтэй иргэд тэр дундаа сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулан шаардлагатай байгууллага руу холбож, дохионы хэлний орчуулга хийх 24 цагийн фэйсбүүк чат ажиллуулж эхэлжээ.

Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбооноос  энэ оны гуравдугаар сард анх дохионы хэлний видео дуудлага фэйсбүүк хаяг нээжээ. Ингээд дохионы хэлний орчуулга шаардлагатай иргэдэд орчуулга хийж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл дохионы хэлний орчуулагч шаардлагатай иргэн тус хаяг руу видео дуудлага хийгээд өөрийн холбогдохыг хүссэн аль нэг байгууллагын дугаарыг өгнө. Улмаар орчуулагч тухайн дугаарт нь залгаж, чатаар холбогдсон сонсголгүй иргэний яриаг орчуулан тухайн ажилтанд дамжуулан хэлнэ, эргээд тухайн ажилтны хэлсэн зүйлийг сонсголгүй иргэнд дохионы хэлээр орчуулан хүргэх юм. Нийт 10 дохионы орчуулагч 24 цагаар иргэдийн дуудлагад хариулан ажиллаж байна.

Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчдын холбооны тэргүүн Л.Соёлмаа  “Хөдөө орон нутаг руу буцах, орон нутгаас Улаанбаатар руу ирэх, Засгийн газрын шийдвэрийн талаар мэдэх, УОК болон ЭМЯ-ны мэдээллийг илүү тодруулах, хоол хүнсний тусламжийг хаанаас авч болох вэ зэрэг дуудлагууд ирж байна. Мөн яаралтай түргэн тусламж, цагдаа руу холбогдох гэсэн иргэд хандаж байна. Бид тэр дуудлага бүрийг холбогдох албаны утас руу нь холбон өгч орчуулж байгаа.

Хөдөө орон нутгаас холбогдож байгаа дохионы хэлний чадвар маш тааруу иргэд цөөнгүй байна. Ялангуяа хөдөө орон нутагт сургууль завсардсан сонсолгүй иргэд видео дуудлагаар холбогдож байна. Тэдэнд зориулсан сонсголгүй дохионы хэлний орчуулагчтай холбож өгч байгаа. Тэр сонсголгүй дохионы хэлний орчуулагч дохионы хэл маш муу мэддэг, бичиг үсгийн чадваргүй иргэдтэй зөвхөн ахуйн дохио зангаагаар харьцдаг. Энэхүү ахуйн дохио зангааг нь сонсголгүй, хэлмэрчид тайлбарлан ойлгуулж бид зохих ёсны хүмүүстэй нь холбож хүндээ хүрсэн үйлчилгээг үзүүлж байгаа” хэмээв.

Дохионы хэлний орчуулга хийж байгаа орчуулагчдын хоёр нь сонсголгүй орчуулагч. Учир нь мэргэжлийн дохионы хэл мэдэхгүй иргэд мэдээлэл авахад хүндрэл үүсэж байгаа гэнэ.

Уг фэйсбүүк чатаар зөвхөн сонсголгүй иргэдээс гадна жирийн иргэд ч сонсголгүй иргэдтэй харилцахдаа орчуулга хийлгэх боломжтой гэнэ.