Цар тахлын улмаас Монголын сурагч хүүхдүүд теле хичээлээр ерөнхий боловсрол эзэмших шаардлагатай тулгарсан. Теле хичээл хэмээх зайн сургалтад хүүхэд бүр тэгш хамрагдах боломжийг бүрдүүлээгүй атлаа хүүхдүүдийн 80 гаруй хувь нь хичээлээ үзэж байгаа гэдэг хариултаар Боловсрол, шинжлэх ухааны яам боловсролын тэгш бус хүртээмжийг үл хайхарсаар байна. Теле хичээлээ үзэж байгаа юу гэдэг асуултад ҮГҮЙ гэж хариулах эмзэг бүлгийн айлын хүүхдүүд даанч дэндүү олон байгааг дараах сурвалжлагаар хөндөн хүргэе.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Я.Цэдэвсүрэн “Хичээл хийхгүй болчихлоо гэдэг нэр томьёог бид хэрэглэмээргүй байгаа юм. Бид танхимын танхимын сургалтын хэлбэрийг танхимын бус сургалтын хэлбэр рүү шилжүүлсэн” гэв.
Боловсрол, шинжлэх ухааны сайд ингэж үзэж байгаа бол хотын захын хороололд амьдрах II ангийн хүү арваннэгдүгээр сарын 12-оос хойш нэг ч удаа теле хичээлээ үзээгүй гэдгээ хэлж байна. Таван хүүхэдтэй энэ айл ухардаггүй ч гэлээ өнгөт зурагттай. Таван хүүхдийн гурав нь ерөнхий боловсролын сургуульд суралцдаг. Гэхдээ аль сувгаар хэдэн цагаас теле хичээл нь цацагддаг талаар аав, ээж нь анхаарал хандуулж үзээгүй байна.
II ангийн сурагч “Багш зураг даруулж наашаа явуулаад ээжийн утаснаас үзээд хичээлээ хийдэг. Зурагтаар хичээл үзээгүй” гэв.
Хүүхдүүдийн аав “Хүүхдүүд ер нь теле хичээл үзэхгүй байгаа даа. Хичээл нь хэдээс гардагыг ч мэдэхгүй. Олон хоног теле хичээл явна гэвэл тэгээд үзүүлнэ дээ” гэлээ.
Ангийн багш нь аргагүйн эрхэнд ээж рүү нь хичээл, даалгаврынх нь зургийг аваад явуулдаг ч аав, ээж нь боловсролын түвшин доогуур тул хүүхдийнхээ хичээлийг зааж өгч чаддаггүй гэдгээ хэлж байна. Өнөөдөр улсын хэмжээнд цахим хичээлийг нь үзүүлэх байтугай хоногийн хоолгүй, хүүхдэдээ анхаарал хандуулдаггүй 10 мянган өрхөд 24 мянган хүүхэд амьдарч байна. Тиймээс тэдэнд анхаарал хандуулах хүн нь ангийн багш, хэсгийн ахлагч л болчихоод байна.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Б.Халиун “Анги удирдсан багш нар хүүхдүүдтэйгээ утсаар холбогдон хичээлийн хоцрогдлыг аль арилгах номон дээрээс даалгавар өгөх байдлаар ажиллана. Үнэхээр зурагт үзэх боломжгүй теле хичээлд хамрагдахгүй байвал хүүхдэд хувилбарт хичээлийг санал болгож, хичээлийн хоцрогдолгүй байх тал дээр анхаарч ажиллаач гэдэг зүйлийг бид зөвлөж, чиглэл болгож хамтарч ажиллаж байна” гэв.
Эхлээд Монгол улсад сургуулийн байршлаас хамаарч сургалтын чанар нь эрс ялгарч байна гэдэг боловсролын тэгш бус байдал давамгайлж байв. Харин одоо хэн нөхөж үздэг зурагттай вэ, хэн хүрэлцээтэй интернеттэй вэ, хэн теле хичээлээ бие даагаад үзэж ойлгох чадвартай вэ гэдгээс тэгш бус байдал цар тахлын үед улам даамжирч байгааг та бодитоор харлаа. Тэдний ирээдүй хэрхэх бол?