Манай улсын хэмжээнд коронавирусийн халдварын найман голомт байна гэж ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл мэдээллээ. Нийслэл хот, таван аймаг, Энхсаран сувилал, ХӨСҮТ гэсэн найман кластер буюу багц голомтод 378 хүнээс коронавирус илэрсэн. Коронавирусийн халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал болох 3852 хүнийг тусгаарлалтад авсан байна. Улсын хэмжээнд нийт 144 мянган хүнийг коронавирусийн халдварын шинжилгээнд хамруулжээ.

Анх 11 дүгээр сарын 11-нд эхний тохиолдол бүртгэгдснээс хойш ойрын хавьтлуудыг тусгаарлалтад байлгаж гурван удаагийн шинжилгээ авчээ. Гурван удаагийн шинжилгээ нь сөрөг гарсан 100 гаруй хүнийг одоогийн байдлаар гэрийн хяналтад шилжүүлсэн байна. Кластерласан өвчний анхны голомтыг тогтоож, 14 хоног тусгаарласан. Эхний голомтыг хяналтад авсан бөгөөд халдвар өвчний хувьд салбарласан голомтууд гардаг байна. Иймээс салбарласан голомтын цар хүрээг хязгаарлах ажлыг шуурхай авч хэрэгжүүлж байгааг онцоллоо.