Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаа тогтоолгосон 111 мянга гаруй иргэн бий
Коронавирусийн халдвар бүртгэгдэж, хөл хорионы дэглэм тогтоосонтой холбоотойгоор хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд групп буюу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хугацаагаа, сунгуулах, шинээр тогтоолгох боломжгүй болоод байна. Манай редакцид энэ асуудлаар маш олон иргэд холбогдож, тодруулж өгөхийг хүссэн. Энэ дагуу бид Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын нарийн бичгийн дарга Т.Лхагвадоржоос тодрууллаа.

Тэрээр “Монгол Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон 111 мянга 300 гаруй иргэн байдаг. Эдгээр иргэдийн асуудлыг шийдэхдээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан өвчний жагсаалт, хувь, хугацааг үндэслэн бид шийдвэрлэж байгаа. Монгол Улсад коронавирусийн халдварын улмаас бүх нийтийн бэлэн байдалл шилжиж хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор манай амйаг, нийслэл, дүүргийн дэргэдэх Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын хурал түр хугацаагаар хойшлогдож хуралдахгүй байгаа. Үүнтэй холбоотойгоор манай иргэдийн арваннэгдүгээр сар, арванхоёрдугаар сард хөдөлмөрийн чадвар алдалт нь хугацаа нь дууссан болон шинээр тогтоолгох, цуцлуулах иргэдийн асуудал шийдэгдээгүй байгаа.
Бид энэ асуудлыг хөл хорионы дэглэм цуцлагдсаны дараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтой. Энэхүү хуулийн 11 дүгээр зүйлд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгож чадаагүй иргэний хөдөлмөрийн чадвар алдалтыг нөхөн тогтоож тухайн хугацааны тэтгэврийг нөхөн олгоно гэж заасан байдаг. Иймд иргэд даатгуулагч энэхүү хөл хорионы үед УОК-ын шийдвэрийг дагаж мөрдөхийг хүсье. Хэрвээ та бүхэнд лавлах зүйл болон санал хүсэлт байгаа бол харьяа нийгмийн даатгалын байгууллагынхаа утсанд болон цахимаар хандаж мэдээ мэдээлэл авах боломжтой гэдгийг мэдэгдэж байна” гэв.