Ирэх оны мөнгөний бодлогоор инфляцыг 6 хувь орчимд барина гэж Монголбанк зорьсон ч хөл хорио тогтоож, эдийн засгийн идэвхжил буурахаар байгаа юм. Ийм тохиолдолд дээрх зорилт хэрэгжих боломжтой юу гэсэн сэтгүүлчийн асуултад тус банкны дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн хариулахдаа,

"Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд инфляц 1.4  хувьтай байна. Дэлхий дахинд шатахууны үнэ буурсан, мөн махны үнэ буурсан зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан  инфляц буурч байна. Тэгэхээр ирэх жил эдийн засаг өснө гэсэн хүлээлттэйгээр +/- 2 интервалтайгаар 6 хувийн инфляцын зорилтыг дэвшүүлсэн. Мөн бусад улс орны эдийн засгийн хүчин зүйлс, хүлээлттэйгээ уялдан энэхүү зорилтыг тодорхойлсон.  Удахгүй Ковид-19-ын вакцин гарах талаар дэлхий нийт мэдээлж эхэлж байгаа нь сайн хэрэг. Учир нь вирусийн улмаас үүдэлтэй тодорхойгүй байдлаа шийдвэрлэх боломж харагдана гэсэн үг шүү дээ" гэлээ.