Ирэх нэгдүгээр сард Цагаан ордны эзэн солигдоно. Тэргүүн хатагтайн зэрэгцээ Ерөнхийлөгчийн охин Эшли Байден хэвлэлийн анхаарлыг татаж байна. Америкийн шинэ тэргүүн охин Иванка Трампын олон нийтийн дунд үлгэрлэсэн Ерөнхийлөгчийн охины манлайлагч чадварыг давж гарч чадах уу.
Ах Хантер Байден нь гадаад төрх, мансууруулах бодистой холбогдсон дуулианаараа алдартай бол Эшли олон нийтийн анхаарлаас хол байхыг илүүд үздэг. Гэсэн ч тэрээр одоогийн тэргүүн охин Иванка Трамптай өрсөлдөх бүрэн боломжтой. Тэд хоёулаа 39 настай, бас өв тэгш царай төрх, бие галбиртайг Америкийн хэвлэлүүд онцолж аль хэдийн харьцуулалт хийгээд эхэлсэн. Эшли Байданы тухай таван баримтыг дэлгэж байна.
Ноён, хатагтай Байдены ганц охин
Эшли бол Жилл, Жо нарын цорын ганц охин юм. Жозеф Байден анхны гэрлэлтээсээ Бо, Хантер гэсэн хоёр хүүтэй. 1972 онд Байдены анхны эхнэр Нелиа, охин Наоми нар автын ослоор амиа алдсан билээ. Сенатч 1977 онд эхнэр Жиллтэйгээ танилцан гэрлэлтээ батлуулсанаар хөвгүүдээ хамтдаа өсгөж, 1981 онд Эшли хорвоод мэндлэн гэр бүлдээ баяр баясгалан авчирлаа.

Охин ээжийнхээ нэгэн адилаар шинжлэх ухаанд сонирхолтой. Улстөрчийн эхнэр Жилл Байден нэгдсэн улсын Тэргүүн хатагтай болсон ч эрдэм судлалын ажлаа орхихгүй, оюутнуудад лекц уншсан хэвээрээ байх бодолтой гэнэ.
Эшли Нью Орлеан дахь Тулане их сургуулийн коллежид суралцах хугацаандаа оюутны эрдэм судлалын багийн ахлагчаар ажиллаж байв. Коллежоо төгсөөд нэг хэсэгт пиццаны газарт цагийн ажил хийж, улмаар хүсэл эрмэлзлээ даган нийгмийн шинжлэх ухааныг гүнзгийрүүлэн судлахаар Пеннсильванийн Их Сургуульд элсэн суралцлаа.
Тэгвэл яг энэ үед Иванка Трамп загвар өмсөгчөөр ажиллахаар Нью-Йоркт анхны тайзан дээрээ гарч байлаа.
Нийгмийн идэвхтэн
Аавынхаа нэгэн адилаар Эшли нийгмийн ажилд оролцох эрмэлзлэлтэй. 2015 онд Бо Байден тархины хорт хавдраар нас барсаны дараа ээж нь Эшлийг ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлж, нийгмийн шинэчлэлийн үйлсэд өөрийгөө сориод үзэхийг санал болгожээ. Улмаар Эшли эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн байгууллага болох Делавэрийн шударга ёсны төвийн гүйцэтгэх захирлаар нэг жил орчим ажиллажээ. Шоронгоос суллагдсан иргэдийг шинэ амьдралд дасан зохицоход нь туслах, залуусыг ажлын байранд зуучлах, ядуу өрхүүдийн нөхцөл байдлыг үнэлж, туслах гэх зэргээр зөвхөн хууль тогтоомжийн ажлаар хязгаарлагдахгүй олон төсөлд Эшли чөлөөт цагаараа ажилладаг байлаа.

Нийгмийн ажилтны арвин туршлагатай Эшли хүн амын янз бүрийн хэсэгт туслах олон тооны хөтөлбөр боловсруулахад гар бие оролцдог ч ихэнхдээ гэмт хэргийн хохирогч, гэрчүүдийг хамгаалах чиглэлээр ажилладаг.
Олны анхаарлын гадна
Аав нь улс төрийн томоохон зүтгэлтэн хэдий ч бусдын хараанд өртөхөөс үргэлж зайлсхийж иржээ. Тухайлбал түүний инстаграм хуудас нийтэд хаалттайн дээр бүсгүй баяр цэнгээнд бараг оролцдоггүй. Нийгмийн ажилд илүү их цаг зарцуулахыг хичээдэг энэ бүсгүй хувийн амьдралаа олны нүднээс далд байлгахыг хичээдэг тул түүнийг гэрлэсэн гэдгээс өөр мэдээлэл бараг үгүй. Эшлиг ах Бо Байден нь царайлаг мэс засалч Ховард Крэйнтэй танилцуулжээ. Хоёр жил болзсон хос 2012 онд гэрлэлтээ батлуулсан юм.

Аавын амин эрдэнэ
Байдены гэр бүлийг ихээхэн бат бэх, үргэлж биесээ дэмждэг гэдэг. Энэ нь ч өнгөрсөн сонгуулийн кампанит ажлын үеэр Эшли аавынхаа сонгогчидтой хийх уулзалт, цуглаан бүрт дагалдан явж байснаас тод харагдсан. Шинэ Ерөнхийлөгч амьдралынхаа бүхий л чухал шийдвэрийг гаргахдаа охиноосоо урам зориг авдаг хэмээн ярилцлага өгч байв. Харин Эшли түүнд ямар нэгэн зүйл буруугаар эргэж байгаа юм шиг санагдвал үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг аав нь зааж сургасан гэжээ.
Хууль зөрчигч
Хувийн амьдралаа нууцлахыг хүсдэг ч ах Хантер Байдены дуулиануудтай зэрэгцээд Эшлигийн өдүүлж байсан хэргийг ч хэвлэлүүд сөхөж эхэлсэн. Бүр 2009 онд ноён Байден дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед нэг найз нь бүсгүйн мансууруулах бодис хэрэглэж байсан гэх бичлэгийг бусдад зарах гэж оролджээ. Уг бичлэгт яг хэн дүрслэгдсэнийг тогтоогоогүй ч шар сонины хуудаснаас нэг хэсэгтээ л салаагүй юм.
Гэхдээ хууль зөрчсөн анхны тохиолдол энэ биш. Тодруулбал Эшли Байден 1999 онд марихуана хадгалсан хэргээр саатуулагдсан ч урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй гэх үндэслэлээр эрх чөлөөтэй болжээ. 2002 онд мөн шөнийн клубээс гарч явахдаа цагдаагийн ажилтнуудад саад учруулсан хэргээр баривчлагдсан ч батлан даалтаар суллагдсан юм.