ХОТЫН ТӨВИЙН “ХОЙМОР” ОФФИСЫН ГАДАА ЗОГСОХ АЧААНЫ АВТОМАШИНЫ ТЭВШИНД СҮҮЛИЙН ШИРЭЭГ АЧИЛЦСАН ХАРУУЛ ХӨГШИН “БАЯРТАЙ, ГАЙГҮЙ БОЛОХ БАЙЛГҮЙ ДЭЭ” ГЭЭД ГАРААРАА ДАЛЛАН БАРГАРДУУХАН ЗОГСОНО.

Дахиад л нэгэн компани оффисоос нь гарсан хэрэг. Долоо хоногтоо 1-2 байгууллага орлогогүй болсноос түрээсээ дийлэхгүйд хүрч оффисоо чөлөөлдөг болсон тухай тэр толгой сэгсрэн хуучилна. Блүүмбергийн мэдээлснээр АНУ-д оффисын түрээс буурсан бөгөөд 2021 онд 6.5 хувиар, Европт 7.8 хувиар буурахаар байна. Биднээс ялгаатай нь тэдэнд ажилгүйдлээс гадна зайнаас ажиллаж байгаа нь голлон нөлөөлнө гэжээ. Өөрөөр хэлбэл, оффисын шаардлага буурч байгаа гэсэн үг.

Улаанбаатарын төвийн оффисууд хоосорч, түрээслэх хүнгүйгээс урсгал зардлаа төлөхийн тулд хямдрал зарлах болов.

Нийслэлийн төвд орших шилэн оффисуудад ер нь хэн суудаг байсныг төсөөлбөл Монголын эдийн засгийн ерөнхий бүтцийг ядах юмгүй харж болмоор санж. Үл хөдлөх зуучлалын “Тэнхлэг зууч”-ийн хийсэн судалгаагаар 2019 оны гуравдугаар улиралд Улаанбаатарын А бүсийн оффисын дүүргэлт 98 хувьд хүрч байсан бол энэ оны хоёрдугаар улиралд 70 хувьд хүрч, намар эргээд нэмэгдсэн ч 85 хувьд хүрээд зогсчээ. RE/MAX мэдээллийн санд 2019 оны эхний таван сард түрээслэх үл хөдлөхийн мэдээлэл 1244 байсан бол энэ онд даруй хоёр дахин нэмэгдэж 2110 болсон байна. Түрээслэх оффис нэмэгдэж, түрээслэгч буурсаныг хэлээд буй хэрэг.

Гаднаа гяланцаг дотроо оронцог...

Түгжрээд таг гацчихдаг Улаанбаатарт хотын төвийн оффис хамгаас чухал.

Алга дарам газар олдвол оффис барих нь тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг. Манай оффисын үндсэн бүтэц нь анхнаасаа уул уурхайн компаниуд болон гаднын хөрөнгө оруулагч нарын түрээсээс үндэслэжээ. Эндээс мөнгө олох боломж байсан учраас үнэтэй оффисын барилгууд барьж, суурийг нь тавьсан түүхтэй. Аль ч утгаараа оффисын зохион байгуулалтаар бид аливаа бүтээгдэхүүн хийж чаддаггүй. Ковид болоод өөр олон хүчин зүйлсээс шалтгаалан тэжээгч нь болох уул, уурхай зогсч, гадаадын хөрөнгө оруулалт саарснаас оффисууд хоосорч, орлогогүйд хүрэхдээ тулав.

Одоогоор оффисын орчинд орлого олон ажиллаж буй салбар бол хэвлэл мэдээлэл, IT програмчлалын компани, баар, цайны газар, дээр нь банк, банк бусчууд . Бусад нь уналтанд оржээ.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 39 хувиар буурав. Аж үйлдвэрийн салбарын аж ахуйн нэгжүүдийн борлуулсан бүтээгдэхүүн гэхэд эхний зургаан сарын байдлаар 7.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 30.3 хувиар буурсан гэдгийг бичигч бус Монгол банк дурджээ. Аз таарахад аж үйлдвэрийн салбараас бидний эдийн засаг хамаарал багатай. Гэхдээ баярлах болоогүй. Биднийг тэжээгч гадаадын хөрөнгө оруулагчид, уул уурхайнхан, импортлогчид Ковидоос өмнө орлого олон түрээсээ төлөөд байж. Гэтэл хил хаасан болохоор гаднын хөрөнгө оруулалт, импорт ерөнхийдөө зогсчээ. Импорт гэдэгт тавилга, хувцас хунар, ер нь гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг эс тооцвол шүдний чигчлүүр ч багтана.

Тэрхүү чигчлүүр мэтийг нь авах мөнгийг өгдөг тэжээгч нь гадаад хөрөнгө оруулагчид, уул уурхай байж таарав. Импортын бараа буурсан учраас түүнээс авах татвар буурчээ. Дагаад Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого буурав. Эхний зургаан сарын байдлаар тэнцвэржүүлсэн орлого өмнөх оны мөн үеэс 25.9 хувиар буурсан тухай Монголбанк мэдээлсэн. ДНБ-ий өсөлт ч түүхэн доод утгадаа хүрэв.

Монголын гадагшаа гаргаж орлого олдог хоёрхон зүйл болох уул уурхайн хийгээд мал аж ахуйн экспорт зогсчихоор эдийн засаг нь сэхээний орон дээр цус сэлбэхгүй бол амь тавих аюул нүүрлэв.

Эерэг нь сөргөөр нөлөөлөх гажиг

Ковид амьсгалах боломжгүй болгодог бузгай өвчин учраас үр нөлөө нь ч урвуу хамааралтай санж.

Энэ оны эхний есөн сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.9 хувиар буурчээ. Экспортын дүн импортын дүнгээс 1218.9 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан талаар Гаалийн ерөнхий газраас бахархалтайгаар сонордуулж байна. Гэхдээ Ковидын дүрэм ёсоор эерэг гарна гэдэг нь өвчин туссаны шинж. Үхэлд хүрэх аюултайн адил бидний хэтэрхий хамааралтай импорт буурахаар бид хомсдолд орж, хоосорч буйн дохио. Монголбанкны судалгаанаас харахад, өрхүүдийн 53 хувь нь хэрэглээгээ бууруулжээ. Сайхан мэдээ мэт боловч ингэснээр импортын худалдаанд тулгуурласан аж ахуйн нэгжүүд нь орлогогүй болж, хаалгаа барихад хүргэж байна. 2020 оны хоёрдугаар улирлын “Инфляцын хүлээлтийн тайлан”-гаас харахад “Ковид-19” цар тахал нь аж ахуйн нэгжүүдийн 45 хувьд нь маш ихээр, 28 хувьд нь дунд зэрэг, 15 хувьд нь бага зэрэг нөлөө үзүүлжээ.Орлогогүй, мөнгөгүй болсон иргэд ломбарданд эд, зүйлсээ хадгалуулах нь олширч, Хадгаламж зээдийн хоршоодын олгосон нийт зээлийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10.4 хувиар өссөн статистикийг тэд гаргасан байна. Цахилгаан барааны борлуулалт бүхэлдээ унасан байхад ганцхан утасны борлуулалт өссөн нь гиннест бүртгүүлмээр сонирхолтой үзүүлэлт санж.

Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны өгсөн мэдээллээр 2020 оны эхний хагас жилд ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авсан иргэдийн тоо нэг хувиар буурсан ч олгосон мөнгө 35.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хатуу хөл хорио тогтоосон энэ үед Монголын Худалдаа аж үйлдвэрийн яамнаас бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар цаашид энэ хэвээрээ үргэлжилбэл байдал улам дордох дүр зураг гарчээ.

Цөөнөөс цөөн ажиллах хүч

Монгол Улсад хөдөлмөрийн насны нэг сая 300 мянган ажиллах хүч бий. Тэдний 200 мянга нь төрийн албан хаагч. Бүртгэлтэй 70 мянга орчим ажилгүй хүн бий. Үлдсэн нэг сая гаруй хүнээс уул уурхай, аж үйлдвэр, барилгын салбарынхныг хасвал үлдсэн нь үнэндээ импортоор амь зогоогсод. Тиймээс ч энэ үед ар араасаа хаалгаа барьж уналтад орж байна. Уул уурхай, газар тариалан, мал аж ахуйн, банк, үйлчилгээнийхэн, архи, талх, хиам гээд 10 хуруунд багтахуйц цөөхөн үйлдвэрлэгчдээ хасчихвал бид ерөөсөө л импортоор голоо зогоодог болох нь оффисууд хоосорч буй ганцхан жишээгээр ийн харагдана. Гэхдээ уул уурхай нь зогсоход л тэрхүү импортын барааг нь худалдан авах мөнгөгүй болох ажээ. Оюутолгойг ашиглаж байгаа тулдаа хэдэн зуун ханган нийлүүлэгчийг тэжээгээд өдий зэрэгтэй явна. Эрдэнэтийн 49 хувь монголчуудад ирснээр оросуудад очдог байсан мөнгө эх орондоо үлдэж байна. Харамсалтай нь, энэ үйлдвэрт бэлгэвч тэргүүтэн шахдаг аж ахуйн нэгжүүд дампуурсан билээ.

Хилээ хаачихвал дуусах нь. Цөөнөөс цөөхөн ажлын байр нь ч дагаад хаагдаж байна. Он дуустал дорвитой зохицуулалт хийхгүй бол нийт ажиллах хүчний тэн хагас нь ажилгүй болж мэдэх аюул учирчээ

Одоо яах вэ?

Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдлыг он дуустал сунгалаа. Ямар ч муу зүйлд сайн зүйл байдаг юм хойно бид хэрхэн амьдарч байгаагаа бодитоор мэдээд авлаа. Одоо харин оновчтой бодлого боловсруулж арай өөр аргаар цаашаа явах боломжийг бүрдүүлэх нь чухал. Энэ үеийг далимдуулаад ядаж гутлаа өөрсдөө хийдэг болохын төлөө зүтгэмээр. Мэдээж юугаа ч хийж чаддаггүй улс чинь дээс томж найзыгаа аврах үлгэр шиг юм болох нь гарцаагүй. Гэхдээ цаашаа амьдарна гэвэл үүнээс өөр арга алга. Дээс томцгооё.