УОК-ын дарга Я.Содбаатар нийслэлээс орон нутаг руу явах хүсэлтэй иргэдийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Орон нутгаас ирсэн иргэдийг шинжилгээнд хамруулж гэрт нь буцаах ажлыг тун удахгүй хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хийж байна. Мөн орон нутагт очсон иргэдийг бүгдийг нь төлбөртэй тусгаарлалтад оруулахгүй. Гэрийн хяналтад байлгах чиглэл барина.
Тун удахгүй 119.mn гэсэн бүртгэлийн систем ажиллуулна. Мэдээллийн технологийн ололтыг ашиглана. Дараа нь орон нутгаас хотод ирээд гацсан иргэдээс шинжилгээ авч, цагдаа нарын хяналт дор нутаг руу нь буцаана. Иргэд нутагтаа очоод гэрийн тусгаарлалтад орно. Аймаг, орон нутгийн удирдлагууд, хууль хүчний хүмүүс тэдэнд хяналт тавина. Түүнээс голомтот бүсээс ирсэн гээд бүх хүнийг тусгаарлахгүй. Орон нутгийн удирдлагууд дур мэдэн тусгаарлах байр бэлдэж болохгүй юм. Зөвхөн сэжигтэй тохиолдлуудыг л тусгаарлана" гэв.