Монголын медиа корпорациас санаачлан хэрэгжүүлж байгаа "Ардын үг" зөвлөлдөх аян Дорноговь аймагт амжилттай явагдаж өнгөрлөө. Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудын тайланг иргэдээр хэлэлцүүлж дүгнүүлэхийг зорилгоо болгосон энэ аяны эхний зөвлөлдөх санал асуулгыг явуулах аймгаар говийн бүсийг төлөөлүүлэн Дорноговь аймгийг сонгосон юм. Зөвлөлдөх санал асуулгын өмнө нийт иргэдийг төлөөлөх түүврээс суурь үнэлгээ авах судалгаа хийгдсэн.

МЕК агентлагаас явуулсан энэхүү судалгаагаар Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумдад тогтмол оршин суудаг нийт 800 хариулагчаас 2016 оны 3-р сарын 21-24-ний өдрүүдэд сурвалжлагын асуумжаар мэдээллийг цуглуулсан болно. Судалгааны түүврийн хэмжээг аймгийн төв, сумдад оршин суудаг 21-ээс дээш насны иргэдийн тоонд тулгуурлан тогтоосон болно. Тухайн суманд оршин суудаг сонгуулийн насны иргэдээс судалгааны мэдээлэл цуглуулахад хариулагчийг санамсаргүй байдлаар сонгосон бөгөөд нэг өрхөөс нэг хүнийг сонгох хязгаарлалтыг баримталсан. Киш гридийн аргаар сонгосон түүвэрлэлтийн төлөөлөх чадвар нь:

Итгэлцлийн түвшин: 95%;  Алдааны магадлал: 5%;

D-Day буюу Зөвлөлдөх санал асуулга 2016 оны 4-р сарын 2-ны өдөр Сайншанд хотын Саран хөхөө театрын байранд явагдлаа. Зөвлөлдөх санал асуулгад мөн санамсаргүй түүврээр иргэдийг төлөөлүүлэн оролцуулахаар 300 иргэнийг сонгож зөвлөлдөх уулзалтын урилга, шаардагдах мэдээллийн багцтай хүргүүлсэн. Уулзалтанд уригдсан иргэдээс 266 нь хүрэлцэн ирж зөвлөлдөх санал асуулгад оролцлоо.  Урьдчилсан судалгаа болон Зөвлөлдөх уулзалтын түүврийн бүтэц дараах байдалтай байв. Монголд анх удаа явагдсан Улаанбаатарын Зөвлөлдөх ардчиллын уулзалтад 317 хүн оролцож байсан. Сая гаруй хүнтэй хотыг ийм тооны хүн төлөөлөх бүрэн чадвартай гэж үзэж байсан жишгээр 266 иргэн Дорноговийн нийт иргэдийг төлөөлөх боломжтой гэж үзэн Зөвлөлдөх уулзалт эхэллээ. Зөвлөлдөх санал асуулгыг дараахь зохион байгуулалттайгаар хийв.

-Иргэд тодруулах, лавлах асуултууд тавьж хариулт авах

-Шүүмжлэлт санаа бодол бүхий иргэд Засаг даргын тайлангийн талаарх байр суурь, дүгнэлтээ илэрхийлэх

-Жижиг бүлгүүдэд иргэд хуваагдан тайланг хэлэлцэх

-Нууц санал хураалтаар Засаг даргын тайланд үнэлэлт өгөх Уг нь энэ зөвлөлдөх уулзалтад Дорноговь, Говьсүмбэр аймгийг УИХ-д төлөөлөхөөр сонгогдсон эрхэм гишүүн Ж.Батсуурийг оролцож, тайлангаа тавихыг урьсан ч татгалзсан хариу өгсөн. Тойргийнх нь иргэд түүнд шууд л "муу" дүн тавьж байгаа бөгөөд өөрөө ч үүнийг эрт мэдэрсэн тул иргэдтэй уулзахаас зайлсхийв бололтой. Зөвлөлдөх уулзалтын үеэр үг хэлсэн олон иргэд Ж.Батсуурийг "заавал ирэх ёстой байсан", "сонгогдсоноосоо хойш бараагаа харуулаагүй", "аймгийн иргэдийн эрх ашгийн төлөө юу ч хийгээгүй", "биднийг харах нүүргүй" хэмээн шүүмжилж байлаа. Иргэдийн хандлага, Ж.Батсуурь гишүүний зугталт зэргээс баримжаалбал тэрээр Дорноговиос хулжиж байгаа бололтой.

Өөрт нь таагүй асуултууд ирэх үед Засаг дарга П.Ганхуяг бухимдлаа барьж чадахгүй уцаарлах, "асуулт асуухаар алга ташаад унадаг чинь яаж байгаа юм" хэмээн танхим руу зандрах зэрэг авир гаргасан бөгөөд танхимаас "оновчтой асуулт тул дэмжиж байна" гэсэн хариу сонсогдож байлаа.

Түр завсарлаад эргэн цугларч шүүмжлэлт санаа бодлыг сонсох хуралдаанд П.Ганхуяг танхимд үзэгдсэнгүй. Eagle ТВ-ийн сурвалжлагч завсарлагын үеэр зарим нэг зүйлийг тодруулах ярилцлага авсанд бухимдаад явчихсан гэсэн тайлбарыг зарим хүмүүс өгөв. Засаг даргын тайланд шүүмжлэлтэй хандаж байгаа иргэдийн байр суурийг сонсох нь Зөвлөлдөх уулзалтыг мэдээллийн тэнцвэртэй байдалд явуулах тогтсон зарчмын дагуу хийгдэж байгааг дутуу ойлгосон аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд "манай даргыг мууллаа", "хийсэн бүтээснийг харлуулах гэлээ" гэх зэрэг гомдол, эсэргүүцэл гаргаж байлаа. Шүүмжлэлтэй хандаж байгаа иргэдийн олонхи нь П.Ганхуягийг хийх ёстойгоо хийгээгүй, хийсэн ажлууд нь чанаргүй, дутуу дулимаг, тендер шалгаруулалт нь байнга будлиантай явагддаг гэсэн зүйлсийг давтамжтай дурдсан байна. Зарим иргэн "хөрш Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь аймгуудын удирдлагаас өнгөрсөн 4 жилд хийж бүтээсэнтэй харьцуулахад манай аймаг даанч харамсмаар байдалд байна.

Хөрш Сүхбаатар, Хэнтий, Өмнөговь аймгуудын удирдлагаас өнгөрсөн 4 жилд хийж бүтээсэнтэй харьцуулахад манай аймаг даанч харамсмаар байдалд байна.

800 иргэнээс авсан урьдчилсан санал асуулга болон Зөвлөлдөх санал асуулгын нийт дүнг харьцуулбал аймгийн Засаг даргын зүгээс өнгөрсөн дөрвөн жилд хийж гүйцэтгэсэн ажлуудад иргэд боломжит таван онооноос 2,71;  2,48 гэсэн оноо өгсөн байдлаас харахад Зөвлөлдөх уулзалтын үеэр авсан мэдээллээс үндэслэсэн Засаг даргын үнэлэмж 0,23 нэгжээр унажээ. Мэдээлэлжээгүй иргэд Засаг даргадаа бараг л 3 гэсэн дүн тавих гэж байсан бол мэдээлэлжсэний дараахь бодит үнэлэмж 2,48  буюу сурлагаар бол муухан гэсэн дүн тавьжээ. Эх орны алтан гурав гэж муухай үг байсан. Энэ бол үлгэн салган сурдаг хүүхдүүдийн өөрсдийгөө тайвшруулдаг үг байлаа. Тэгвэл Дорноговь аймгийн Засаг дарга иргэдээсээ алтан гурав ч авч чадсангүй. Аймгийн иргэдэд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх чадварт нь бүр ч муу үнэлгээ өгөв. 800 иргэнээс авсан судлагаагаар энэ дүн 1,64 байсан бол зөвлөлдөх санал асуулгаар иргэд түүнд 1,5 гэсэн дүн тавив.

Энэ нь дээр үеийн сурлагын дэвтрээр бол "онц муу" гэсэн үнэлгээ билээ. Хэрвээ УИХ дахь Дорноговьчуудын төлөөлөл болох эрхэм гишүүн Ж.Батсуурь хүрэлцэн ирж тайлангаа тавьсан бол П.Ганхуягаас дээрдэхээргүй дүн тавиулах байсан байх. П.Ганхуягийн хувьд иргэдээсээ "муу", "онц муу" үнэлгээ авсан нь бодитой агаад зүйл тогтлын дагуух дүн гэж олонхи иргэд үзэж байна. Бидний хувьд Засаг дарга П.Ганхуягийн иргэдийнхээ итгэлийг алдаж, муугаар үнэлэгдэх болсон шалтгаануудыг иргэдийн өгсөн мэдээлүүдийг сурвалжилж, магадлаж тогтоосон. Удахгүй цувралаар олон нийтэд толилуулах болно. Ингэхдээ зөвхөн баримт, нотлогоонд тулгуурлаж байгаагаа урьдчилан мэдэгдье. "Ардын үг" зөвлөлдөх аяныг зохион байгуулагчид хэн нэгнийг муучлан гутаах, аль нэг талыг дэмжих зорилго огт агуулаагүй бөгөөд иргэдийн оролцоо, иргэдийн санаа бодлыг хангах иргэдээр сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудын ажлыг бодитоор үнэлүүлэхийг үндсэн чиг баримжаагаа болгон бүхий л тэнцвэрийг ханган ажилласан болно. Монголын медиа корпораци, Зөвлөлдөх ардчиллын хүрээлэн нийгэм, улс төрийн салбарт Зөвлөлдөх ардчиллыг хэм хэмжээ болгон нэвтрүүлэх, институцичлэхийг зорьж байгаа бөгөөд дараа дараагийн Зөвлөлдөх аяныг аймаг, хотуудаар өрнүүлэх болно.