ЭМЯ-ны 17:00 цагийн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлч цахимаар "Буянт-Ухаа-2" хороолол болон "Голден парк" хотхонд халдвар бүртгэгдсэн эсэх, эрүүл мэндийн хэчнээн эмч ажилтан өвдөс, ажиллах хүч хангалттай эсэхийг лавлахад ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Бид халдвар илэрсэн иргэдийн ажиглан тусгаарлах байрнаас өмнө явсан зам мөр байвал хэлнэ. Аль болох ард иргэдийн дунд халдвар тараахгүйн тулд ард түмэнтэй хамтран ажиллана.
ХӨСҮТ-д одоогоор 10 хүн халдвар авсан. Дэлхий нийтийн жишгээр эрүүл мэндийн ажилтан халдвар авах эрсдэл өндөр байгаа. Олон хоногоор ажиллах, хамгаалалтын хувцастай олон цаг ажиллах зэргээс шалтгаалан эрүүл мэндийн ажилтан халдвар авч болно. Цаашдаа эмч ажилчдаа өвчлүүлэхгүйн төлөө ажиллаж байна. ХӨСҮТ 200-аад их эмч бэлдсэн. Манай хоёр баг өвдөн тусгаарлагдсан ч бид 10 багаа оруулан ажиллаж байна. ХӨСҮТ-д 400 орон дээр ажиллах эмч эмнэлгийн ажилтан бэлэн байгаа. Эмч нарын ажиллах хүрэлцээ, хангамж боломжтой байгаа" гэв.
Мөн коронавирусийн шинж тэмдэг илэрвэл маш яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй. Хэрвээ сэжигтэй тохиолдол илэрвэл 24 цагаар ажиллаж байгаа 119 утсанд яаралтай холбогдон зөвлөгөө авах хэрэгтэйг анхаарууллаа.