Манай улс коронавирусийн халдварыг дотооддоо алдахаасаа өмнө гадаадад гацсан иргэдээ татан авч байлаа. Үүний дагуу энэ сарын 19-нд Франкфуртээс иргэдээ татан авахаар төлөвлөөд байсан юм. Гэвч дотооддоо халдвар алдсны улмаас тусгай үүргийн нислэгүүдээ зогсоосон. Үүнтэй холбогдуулан эх орондоо ирэхээр тийзээ бичүүлж, ажлаасаа гарч, орон байраа хүлээлгэж өгөөд байсан Европ дахь монголчуудын амьдрал хүнд байдалд оржээ. Тухайн иргэдийн төлөөлөл Ерөнхий сайд, Шадар сайд, Гадаад харилцааны сайд нарт хандаж хүсэлт гаргажээ.

Уг хүсэлтдээ "Франкфурт-Улаанбаатар чиглэлийн арваннэгдүгээр сарын 19-ны чартер нислэгт багтсан иргэд хүндэтгэх шалтгааны улмаас нислэгийг арванхоёрдугаар сарын эхний долоо хоногтоо багтаан аваасай гэж хүсэж байна. Сардаа ганц удаа нисдэг Франкфурт-Улаанбаатар чиглэлийн энэ нислэгт Европын 28 улсаас монголчууд хамрагддаг бөгөөд бидний ихэнх хэсэг нь Франкфурт луу нисэх цуцлах багадаа сая төгрөгийн өртөг бүхий боломжгүй хатуу нөхцөлтэй билет захиалсан. Мөн Европд 2 дахь Covid-19-ийн давалгаа эрчимжсэнтэй холбогдуулан ихэнх оронд хүнсний дэлгүүрүүд, банк, эмийн сан гэх мэт газруудаас бусад нь хаалгаа барьсан учраас Европд амьдарч байгаа монголчууд маань ажил олж хийх боломжгүй болоод байна. Арваннэгдүгээр сарын 19 нд байраа хүлээлгэж өгсөн хүмүүс маань буудлууд хаалгаа барьсан тул өвлийн хүйтэнд хонох газаргүй болоод байна.

Цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоож, айлууд зочин хүлээж авахаа больсон тул нэгнийгээ толгой хорогдуулах айл олно гэдэг маш хэцүү. Монголд хийгддэгүй хагалгаанд ирээд буцах шаардлагатай хүмүүс  эмнэлгийн төлбөрөө цаашид төлөх боломжгүй болоод зарим нэг нь эмнэлгээсээ хөөгдсөн ба аль болох яаралтай эмчилгээгээ Монголдоо үргэлжлүүлэх шаардлагатай байна. Оюутнуудын хувьд хичээл нь бүрэн онлайн болсонтой холбогдуулан оюутны байранд цаашид байрлах боломжгүй, мөн ажилгүй болсон байгаа.

Мөн өндөр настай, жирэмсэн, бага насны хүүхэдтэй хүмүүс уг нислэгт багтсан. Хамаг мөнгөө билет, тусгаарлалтанд шавхаад хоёр бага насны хүүхдээ дагуулаад гудамжинд гарах болж байна гэсэн эмэгтэй, мөн өрөө жирэмсэн, гурван бага насны хүүхдээ 70 гарсан ээж дээрээ үлдээгээд ирсэн ч ээжийнх нь бие муу байгаа тул хүүхдүүдийг нь асарч халамжлах хүнгүй дээрээ тулаад байна гэсэн хүмүүс бий. Европын бүхий л улсад цар тахал өдөрт хэдэн мянгаараа нэмэгдэж байгаа тул энд удах тусам өдийг хүртэл өөрсдийгөө энэ өвчнөөс хамгаалж ирсэн дээрх бүх иргэд уг өвчнөөр халдварлах магадлал ихэснэ гэдгийг анхаарч үзэж нэгэнт төлөвлөгдсөн нислэгээ яаоалтай татна уу" гэжээ.