Саяхныг хүртэл дэлхийд жишиг болохуйцаар ковидоос иргэдээ хамгаалж чадсан улс гэх имиж Монголынх байлаа. Баримтат кино хүртэл хийлгээд амжив. Бид эдийн засаг, аж ахуйн нэгжүүдээрээ дэнчин тавин байж арга хэмжээ авсан. Дор бүрнээ л эрвийх дэрвийхээрээ хичээсэн. Гэхдээ...
Гэхдээ бид өнгөрсөн арван сарын турш дотооддоо халдвар алдсан тохиолдол яах вэ гэдэгт бэлтгэлгүй байсан нь бэлэн байдлын үед харагдах шиг. Халдвар авсан хүмүүсийн дам хавьтагчдийг одоо хэр нь гүйцэт олоогүй байна. Тусгаарлалтад байсан иргэд биесээсээ халдвар авахаас эхлээд тусгаар бүгдээрээ эрдэсний гайгаар 555 болоход хүрчээ.
Энэ биднийг бэлэн байдал зарлахад хүргэв. Нөхцөл байдал хүндэрвэл Онц байдал зарлахаас аргагүйд хүрнэ гэдгийг ч Ерөнхий сайд учирласан.
Гэтэл бэлэн байдал зарлаад хэдхэн хоноход их л хэцүүхэн дүр зураг тодрох нь тэр. Шадар сайд бөгөөд УОК-ын дарга Я.СОДБААТАР хариуцлага алдсан хүмүүстэй хариуцлага тооцохын оронд хамгаалсан маягтай “Улс даяараа амаргүй нөхцөл байдалд байна. Хүнд хариуцлага тооцох цаг хугацаа олдох байх” гэж хариуцлагагүй мэдэгдэл хийгээд сууж байна. Тэгсэн хэр нь иргэдээс байнга хариуцлага шаардаж, УОК-ын зааврыг ягштал мөрд гээд буй нь шударга бус санагдана. Ер нь бэлэн байдлаас хойш анзаарагдсан нэг зүйл нь тушаасан, зандарсан, айлгасан, сүрдүүлсэн өнгө аястай.
Түүнийг нь өөгшүүлэх мэт цахим чуулганаар хууль тогтоогчдийн амнаас “Хүн бүхэн таалагдана гэж байхгүй” гэх үг голдуу сонсогдсон нь бүр ч эгдүүцмээр.
УИХ-ын дарга л гэхэд “Сошиал дагаад юм уу, нийгмийн уур амьсгалыг дагаад бужигнаад байж болохгүй. Эргэж буцаж болохгүй. Тооцоо судалгаатай хуульд нийцсэн шийдвэр гаргаад түүнийгээ эргэж, буцалтгүй хэрэгжүүлэх ёстой. Одоо хүсч, гуйх биш, нийтийн эрх ашиг, нийтийн эрүүл мэндийн төлөө хуулийг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай. Ийм учраас ойрын болоод дам хавьтлыг олж тогтоогоод хязгаарлах, оношлох хүртэл нийт иргэд Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нөлөөллийг бууруулах хуулиар иргэдийн эрх хэмжээ хязгаарлагдаж байгааг гүнзгий ойлгож, хорио цээрийн дэглэмийг хатуу чанд мөрдөх шаардлагатай байна” гэх жишээний.
Халдвар тархсан энэ үед хууль, журмаа барилгүй яах вэ. Барьж ч байгаа байх. Харин ч иргэд хариуцлагатай байгаа. Гэтэл өнөөдөр сошиал ертөнцөд дэлгээд буй бичлэгүүд бодит байдал дээр юу болоод байгааг хэлээд өгнө. Хэв журмыг сахиулж буй цагдаа нар хүний эрхийг дээдэлж байна уу гэдэг эргэлзээ түрүүлэв. Бичлэг хийж, түүнийгээ олон нийтэд цацаж, урьд өмнө нь удаа дараа давтан хэрэг үйлдсэн мэдээллийг нь ил болгон олон нийтээр жигшүүлэх ажлыг цагдаагийнхан хийж байна. Шүүх эрх мэдэл гагцхүү шүүхэд л хадгалагдана гэдгийг хэн хэн нь тооцсон. Хэрэвзээ албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй, гэмт буруутай эсэхийг нь шүүхээс өмнө тогтоогоод байвал өнөөдөр хууль бус үзэмжээр бүх зүйл шийдэгдэж хүний эрх зөрчигдөх үндэс болж болзошгүй билээ. Үндсэн хуулийн 2-р бүлэг Арван есдүгээр зүйлд “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан бол мөн “Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө” гэж заасныг сануулах нь илүүц биз.
Хамгийн гол нь цар тахлын халдвараас хамгаалах хууль, холбогдох журмууд нь зарим эрх, эрх чөлөөг тодорхой хэмжээнд хязгаарлаж байгаа. Энэ дунд хэвлэлийн эрх, эрх чөлөөг журмаас журмын хооронд бага, багаар хумисаар байгаа юм. Тиймээс иргэдэд бодит мэдээллээр хангагдах боломж улам бүр хумигдаж байна. Худал мэдээлэл түгээвэл тооцох торгуулийг тогтоогоод байгаа боловч бодит мэдээллийг түгээх боломжийг хязгаарлаж байна. Эцэстээ бодит мэдээлэл гэж албан тушаалтны амнаас унасныг хэлэх үү, хэрхэх вэ гэдэг бас л үзэмжийн асуудал болон хувирч байна. Яван явсаар “гарцаагүй нөхцөл” гэдгээр хаацайлан хүний үндсэн эрхийг хязгаарладаг аюултай жишгийг тогтоохгүй гэсэн баталгаа өнөөдөр алга.
Бодит байдал дээр иргэдэд ямар асуудал гарч, хэрхэж байна вэ гэдгийг мэдээлэх боломж улам бүр хомс боллоо. Бүх мэдээлэл “УОК” гэсэн ганцхан эх сурвалжтай болж хувирч байна. Энэ тохиолдолд бодит мэдээлэл гэсэн ойлголтын тухай бодоод ч хэрэггүй. НҮБ-аас "Сovid19-ийн онц байдлын эрх хэмжээ нь хүний эрх хамгаалагчид, сэтгүүлчдийн ажил, үйл хэргийг няцаах, хүчингүй болгох, эсвэл тэднийг чимээгүй болгоход ашиглагдах ёсгүй". Гэж анхааруулсаар байгаа ч манайд байдал эсрэгээрээ яваад байх шиг.
Дарга нарын амнаас “хариуцлагатай бай” гэх үг хангалттай гарлаа. Мэдээж энэ хүнд үед бидэнд хариуцлага хамгаас чухал. Гэлээ гээд үндсэн эрхийг хязгаарлаж болохгүй. Өөрийг нь таниагүйн төлөө УИХ-ын индэр дээрээс эрхээ хамгаалуулахаар Хууль зүйн сайдад хандаж, хангах тухай нөгөөх нь мэдэгдэхдээ мэдрэмжтэй байдаг хэр нь ээ, иргэдийнхээ эрхийг болохоор хязгаарлаж, илүү хариуцлага шаардахаасаа ичмээр. Өөрсдөө үлгэр дуурайл болох ёстой хууль тогтоогчид амны хаалтаа ч зүүчээгүй байж хариуцлага ярьж шүлсээ үсчүүлэх чинь онцгүй харагдаад байна. Бид хаа хаанаас хариуцлагатай байж, хандлагаа өөрчилмөөр байна. Тиймээс ядарсан иргэдээ томрохоо л байчих. Ядаж хүний үндсэн эрхийг хумих тухай ам нээх болгондоо гаргахаа байчих.