Доналд Трампын сонгуулийн штаб Висконсин мужийн сонгогчдын саналын хуудсанд хэсэгчилсэн хяналтын тооллого хийх эрхтэй болжээ. Трампын баг уг эрхийг авахын тулд гурван сая доллар төлсөн байна. Висконсин мужид явагдсан сонгуулийн үр дүнг эцэслэн зарлаагүй ч Ардчилсан намын нэр дэвшигч Жо Байден Д.Трампаас 20 мянган санал илүү авч ялсан гэсэн мэдээлэл гараад байгаа юм.
Висконсин мужийн эрх баригчдын хэлснээр бол Трамп мөнгөө төлж, хяналтын тооллого хийхэд хоёр долоо хоног шаардагдах гэнэ. АНУ-ын хууль ёсоор, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн авсан саналын зөрүү 1 хувиас бага байгаа тохиолдолд ялагдсан нь хяналтын тоолго явуулах хүсэлт гаргах эрхтэй байдаг. Энэ дагуу Трамп хүсэлтээ гаргаад байгаа бөгөөд сонгуулийн хууль журам зөрчигдсөн гэж үзэж байгаа Милоуки, Дэйн тойргийн саналын хуудсыг дахин тоолох юм байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн ялагчийг 538 төлөөлөгчийн саналаар шийдвэрлэдэг. Жой Байден одоогийн байдлаар 306 төлөөлөгчийн санал авсан гэж мэдээлэгдэж байгаа бөгөөд Трамп 232 саналтай байгаа. Ялахын тулд Трамп дор хаяж гурван мужид ялах шаардлагатай. Түүнд саналын хуудсыг дахин тоолж хууль зөрчсөн үйлдлүүдийг олж илрүүлэх боломж л байгаа. Гэвч үүнд итгэх хүмүүс өдөр ирэх тусам цөөрсөөр байна.