Корона байтугай хамрын ханиад хүрэхгүй байх нь иргэний үүрэг

Манай улс саяхныг хүртэл коронавирусийн халдварыг дотооддоо алдаагүй цөөхөн хэдэн улсын нэг байлаа. Халдварын эх үүсвэр болсон БНХАУ, сүүлийн үед энэхүү өвчлөлийн голомт болсон ОХУ-ын дунд оршиж буй манай улс арван сарын турш дотооддоо халдвар алдахгүй барьсан нь сайн хэрэг. Гэхдээ үүнийг амжилт гэж ярьж болохгүй. Ард иргэдийнхээ өмнө ажил хариуцаж байгаа хүмүүс илүү хариуцлагатай байсан бол одоо ч дотооддоо халдвар алдаагүй байж болох байв. Харамсалтай нь, халдварын тохиолдолд өдөр өдрөөр, бүр цаг цагаар нэмэгдэж байна. Гэхдээ үүнийг улстөржүүлж, нэмэх оноо авах оролдох нь зохимжгүй. Ямар ч тохиолдолд өвчнөөр улс төр хийнэ гэдэг утгагүй. Сонор сэрэмж алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудлыг хэзээ ч ярьж болно.

Шадар сайд бөгөөд УОК-ын дарга Я.СОДБААТАР: -Улс даяараа амаргүй нөхцөл байдалд байна. Хүнд хариуцлага тооцох цаг хугацаа олдох байх. Энэ нөхцөл байдлын дараа том дүгнэлт гарч таарна. "Энх саран" сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдсан нь үнэн. Хариуцаж байсан хүмүүсийн нэр ус нь байгаа.

Шадар сайдын хэлж байгаачлан одоо бол хэн нэгэн албан тушаалтанд хариуцлага тооцох цаг биш. Цар тахал монголчуудад ийм зав чөлөө олгохгүй тархаж байна. Тиймээс иргэд дарга нараас хариуцлага нэхэх, тэнд хариуцлага тооцохыг шаардах бус өөрсдөө хариуцлагатай байх нь чухал. Нэгэнт ийм зүйл болсон учраас иргэд дарга нараас нэхдэг хариуцлагаа өөрөөсөө, ойр тойрныхоо хүмүүсээс нэхэх цаг аль хэдийнээ ирлээ.

Ерөнхий сайд асан Д.СОДНОМ: -Халдвар дотроос гараагүй, өвдсөнийг илрүүлж эмчилж чадаж байсан амжилтад тайвширцгаах, зарим хүн маск тогтмол зүүх, олон хүн цугларсан газар очихгүй байх, өөрийгөө тусгаарлахад тоомсоргүй хандсан зэргээс болж халдвар тархлаа. Хэнэггүй, сахилгагүй, ёс зүйгүйгээс коронаг алдахад хүрлээ гэж дүгнэж байна. Цар тахалтай хийж буй тэмцэл бол Монгол Улсын иргэдийн амьд явах эрхийн баталгааны төлөө хийж байгаа дайн учраас, дайны үе шиг дэг журам сахилгатай байж ялна. Улс орон даяар хөл хорио тогтоосон нь зөв. Хөл хорионы үед мөрдүүлж байгаа зорилгогүй тэнэх, зах, дэлгүүр хоршоо айл албан газраар сэлгүүцэхийг цээрлэж, хувийн ариун цэврийг сахиж байгаа зэрэг дэглэмийг хэвшил болгомоор байна.

Монгол Улсад коронавирусийн халдварын хэд хэдэн голомтоос үүсвэрлэн дэгдэж, халдвар хаалгыг чинь тоглож байгаа энэ үед өөрийгөө хамгаалж, хариуцлагатай байх нь л чухал гэдгийг Ерөнхий сайд асан Ц.Содном хэвлэлд өгсөн ярилцлагадаа ийнхүү онцолжээ.

Иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах үүрэг хүлээсэн албан тушаалтнууд хариуцлага алдсан нь үнэн. Өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Харин иргэд өөрсдөө хариуцлага алдахгүй, өөрийгөө хамгаалах сонголттой тулгараад байна. Ажил хариуцаж буй албан тушаалтнууд иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах үүрэг хүлээсэн байдаг шиг иргэн хүн гэр бүлийнхээ өмнө эрүүл мэндээ хамгаалах үүрэгтэй. Коронавирус байтугай хамрын ханиад хүрэхгүй байх нь ч гэр бүл, хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага, бас хөрөнгө оруулалт. Өөрөө өвдвөл гэр бүлийн гишүүддээ халдаах, сэтгэл санааны хямралд автуулах, төлөвлөөгүй зардал нэмэгдэх зэрэг сөрөг үр дагавартай. Тийм л учраас өвдөхгүй байх нь гэр бүл, хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага юм. Харамсалтай нь, иргэд энэхүү үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарлахгүй байгаа учраас хөл хорионы дэглэмийг улам чангаруулаад байна. Дэлхий нийтийг хамарч нэг сая 300 мянга гаруй буюу Монгол Улсын хүн амын 40 гаруй хувьтай тэнцэх хэмжээний хүний амийг аваад буй коронавирусийн халдвар манай улсад дэгдсэн нь хэнэггүй хандаж болох асуудал биш. Гэвч хатуу хөл хориогоо цуцлахыг шаардах, дур зоргоороо авирлах оролдлого гарсаар байна. Уг нь энэ үед хүний эрх бус амьд явах баталгаа нэгдүгээрт эрэмбэгдэх ёстой. Үүрэг, хариуцлагаа ухамсарлаж аюулт өвчний ард гарсан цаг эрхээ эдэлж, хүссэнээ хийх боломж, цаг хугацаа хангалттай олдох биз ээ.  

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. ЮУ Ч ХИЙХГҮЙ ЗҮГЭЭР СУУГААД ЗЭЭЛИЙН ТООЛУУР НЬ ГҮЙГЭЭД БАЙХ НЬ БАС ҮҮРЭГ

    1 0 Хариу бичих
  2. Гарч чадахгүй хоолгүй турж үхэх нь бас иргэний үүрэг

    0 0 Хариу бичих