Төрийн өндөрлөгүүдийн оноо авах уралдаан

Цар тахлыг эдийн засгийн хохирол багатай даван туулах, иргэд, аж ахуйн нэгжүүдийн орлогыг дэмжих, хамгаалах гээд олон сорилт төр засгийн өмнө тулгарч буй.  Дотооддоо халдвар алдаж, хэсэгтээ хатуу хөл хорионд байх нь тодорхой болсон энэ үед төр засгаас иргэд, ААН-ээ эдийн засгаар дэмжих хүлээлт ч иргэдийн дунд бий боллоо. Тэр дундаа хэрэглээний болон ипотекийн зээлийг царцаах, түрээсийн төлбөрийг хойшлуулах шийдвэрийг олон хүн хүлээж байна.

Иргэдийг дэмжих эдийн засгийн арга хэмжээ хэрэгжүүлэх чиглэлээр төрийн гурван өндөрлөг ч идэвхтэй ажиллаж байгаа нь сүүлд гарсан мэдээллүүдээс тодорхой харагдана. Хэрэгжих эсэх нь эргэлзээтэй ч Ерөнхийлөгч өрх бүрд нэг сая төгрөг олгох санаачилга гаргаж, УИХ-ын дарга зээлийн хүүг бууруулах үүрэг чиглэл өгөөд байна.

Харин Засгийн газар өнөөдөр хуралдаж, цар тахлын үеийн нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах, иргэд, аж ахуйн нэгжээ дэмжих чиглэлээр шийдвэр гаргана.

Ийнхүү төрийн өндөрлөгүүдийн иргэдээс оноо авах уралдаан үргэлжилж буй.

“Ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах боломжтой”

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр Монголбанкны удирдлага болон холбогдох бусад албан тушаалтнуудтай цахим уулзалт хийж, зээлийн хүүг буулгах үүрэг даалгавар өгөв. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Арилжааны банкуудад Монголбанкнаас олгох зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах замаар зээл, зээлийн хүүг багасгах боломж бий. Өмнөх туршлагадаа үндэслэн ипотекийн зээлийн хүүг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авахад бэлэн байна. Энэ зорилгоор Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлыг ойрын үед хуралдуулахаар төлөвлөж байна” гэжээ.

Түүнчлэн Монголбанкны мэдэгдэлд  Ковид-19 цар тахлаас үүдэн орлого, үйл ажиллагаанд хүндрэл үүссэн иргэд, аж ахуйн нэгжүүд харилцагч банкиндаа хандан зээлдээ бүтцийн өөрчлөлт оруулах асуудал нээлттэй байгааг дурджээ. Мөн Засгийн газар дэмжвэл ипотекийн зээлийн төлбөрийг хойшлуулах арга хэмжээг үргэлжлүүлэх боломжтой гэж үзэж буйгаа Төв банк мэдэгдэлдээ онцолсон байна.

Ерөнхийлөгчийн улс төр

Засгийн газраас хариу арга хэмжээ авах, УИХ-ын дарга зээл, зээлийн хүүг бууруулах асуудлаар үүрэг даалгавар өгөхтэй зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг олгох санаачилга гаргалаа. Ингэхдээ 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг согтууруулах ундаанаас бусад дотоодын үйлдвэрүүдээс худалдан авалт хийх эрхийн бичиг олгох санал гаргав.

Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд өнгөрсөн оны байдлаар 897 мянга 427 өрх бүртгэлтэй байна. Энэ онд нэмэгдсэн өрхийн тоог нэмбэл 900 мянган өрх хол давна. Тэгэхээр өрх бүрд нэг сая төгрөг олговол 900 тэрбум гаруй төгрөг шаардагдах нь. Гэтэл өөдрөгөөр төсөөлж 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан ирэх оны төсөвт энэ ачааллыг даах боломж байхгүй. Өнгөрсөн шинэ жилээр өгсөн Ерөнхийлөгчийн гэнэтийн бэлэг болох тэтгэврийн зээлийн тэглэлтийг Салхитын мөнгөний ордын хөрөнгөөр барагдуулсан. Одоо өөр нэг ордыг ашиглаж, өрхүүдэд мөнгө тараадаггүй юм бол шууд олгох боломж, чадал улсад байхгүй.

Улс төрийн өнцгөөр харвал эрх баригчид ямар нөөц боломжоороо иргэдээ дэмжих вэ гэж “шаналж” байхад Ерөнхийлөгч хоржоонтой тоглоом хийлээ. Төрийн тэргүүн нь санаачилга гаргахад иргэдийн олонх итгэж хүлээх нь мэдээжийн хэрэг. Харин эрх баригчид нэгэнт “газар авсан” саналыг дэмжихгүй байх хэцүү, дэмжих хэцүү гацаанд орно. Тэр дундаа хэдхэн сарын дараа төрийн тэргүүний сонгуультай золгох учраас  Ерөнхийлөгчийн улс төрд унахгүй байх замыг МАН эрэлхийлнэ. Тэгвэл МАН-ын гарц шийдэл хийгээд иргэд, ААН-ээ дэмжих арга хэмжээний зарим нь өнөөдөр тодорхой болох юм.

Шадар сайд Бүлгийн дарга хоёрын толхилцоон

Орон даяар халдварын тархалттай тэмцэж байгаа энэ үед УОК-ынхныг УИХ-ын гишүүд “байцаах”-аар болжээ.  Тодруулбал, цар тахалтай тэмцэх хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороог өнөөдөр хуралдуулна. Уг хуулиар цар тахалтай тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр төсвийн эрхийг Засгийн газарт олгосон. Тухайлбал, энэ хуульд заасны дагуу өнгөрсөн хугацаанд иргэдийг зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж байв.

Энэ хуулийн биелэлтийг УИХ хянах үүрэгтэй ч онцгой нөхцөл гарсан энэ үед УОК-ынхныг дуудаж байгаа нь цаанаа улстөрчдийн толхилцоонтой холбоотой гэх мэдээлэл байна. Хотод хоригдсон орон нутгийн иргэдийг гаргах тухай мэдээллээр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Шадар сайд Я.Содбаатар нарын харилцаа таарамжгүй байгаа нь олон нийтэд мэдэгдсэн. Д.Тогтохсүрэн гишүүн худал мэдээлэл тараасан болж буруудахдаа Шадар сайд л хэлсэн гэж тайлбарласан юм. Ийнхүү худал мэдээлэл тараасан үндэслэлээр Д.Тогтохсүрэн гишүүнд хариуцлага тооцох асуудал сөхөгдөхөд УОК-ын дарга Я.Содбаатарын ажлыг УИХ өнөөдөр “шүүхээр” болов. Тэдний орон нутгийн эрх мэдлийг авах тэмцэл ийнхүү даамжирч, төрийн ажилд нөлөөлөх боллоо.