Цахим банк ашигладаггүй бол банкны үйлчилгээг хэрхэн авах?

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ үед банкны төлбөр тооцоотой холбоотойгоор гарч буй түгээмэл асуулт хариултыг нэгтгэн хүргэж байна. 

1. Төлбөр тооцоо хэвийн тасалдахгүй хийгдэх үү?

Монголбанк нь банк хоорондын бага дүнтэй төлбөр тооцоо буюу 3 сая төгрөгөөс доош дүнтэй гүйлгээг 24/7 буюу тасралтгүй үргэлжлэх зарчмаар, харин их дүнтэй төлбөр тооцоо буюу 3 саяаас дээш дүнтэй гүйлгээг ажлын өдрүүдэд 09:00-16:30 цагийн хооронд дамжуулдаг.  Иймд цар тахлын үед ч төлбөр тооцооны системүүд хэвийн горимоор ажиллах тул  бэлэн мөнгөөр дамжин халдварлах эрсдэлээс сэргийлж, бэлэн бус төлбөр тооцоо буюу карт, интернэт, мобайл гүйлгээг өргөнөөр ашиглахыг зөвлөж байна.

2. Банк хоорондын их дүнтэй гүйлгээ ямар цагт хийгдэх вэ?

-Банк хоорондын их дүнтэй гүйлгээний систем болох “Банксүлжээ” систем ердийн цагийн хуваарийн дагуу буюу 09:00-16:30 цагийн хооронд тогтмол хэвийн ажиллана. Банкууд хэрэглэгчийн их дүнтэй гүйлгээ хийх хүсэлтийг хүлээн авснаас хойш 1 цагийн дотор тухайн гүйлгээг дамжуулах үүрэгтэй тул энэ зарчмаар ажиллана.

3. Цахим банк ашигладаггүй байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүн банкны үйлчилгээг яаж авах вэ?

Тухайн банкны хэрэглэгчээр бүртгүүлсэн бол банкныхаа лавлах үйлчилгээний утсанд холбогдож цахим банк хэрэглэх заавар зөвлөгөөг авах боломжтой. 

4. Гадаад төлбөр тооцоог яаж хийх вэ?

Гадаад төлбөр тооцоог банкууд өөрсдийн системээр дамжуулдаг тул үүнтэй холбоотой асуудлаар банкиндаа хандаж, тодруулга мэдээлэл авч гадаад гүйлгээг хийх боломжтой.

5. Онлайнаар зээл олгох уу?

Зарим хэлбэрийн зээлүүдийг цахимаар авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг харилцагч банкиндаа хандаж, тодруулга мэдээлэл авна уу.

Эх сурвалж: Монголбанк


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)