Трампыг өвдөг шороодуулсан нэвтрүүлэгч

АНУ-ын сонгуулийн үр дүнг дэлхий нийтээрээ чагнаархаж буй энэ үед CNN-ийн дуу хоолой хамгийн хүчтэй сонсогдож байна. Ерөөс Америкийн FOX news, CNN гэсэн тэргүүлэх мэдээллийн сувгууд ардчилагч, Бүгд найрамдах намаараа талцаж үйл явдалд ханддагаараа зартай.

Таван жил Доналд Трампын эндүү гишгэсэн болгоныг мөшгиж, Цагаан ордноос сурвалжилга хийх эрхээ хүртэл хасуулж явсан CNN-ийн сэтгүүлчдийн хувьд Байдены ялалтаас хүртэх эрх бий. Сонгуулийн дүнг хүлээж тэвчилгүй яаран ялалтаа тунхагласан Доналд Трампыг CNN-ийн нэвтрүүлэгч Андерсон Күүпер “наранд цохиулсан тарган яст мэлхий”- тэй зүйрлэжээ. Төрийн тэргүүний хүүтэй нийгмийн сүлжээгээр толхилцоод авдаг сэтгүүлчийн амнаас гарах л үг.

Удмын улбаа

Орчин цагийн аж үйлдвэржсэн, хүчирхэг Америкийг бүтээсэн эрхмүүдийн нэг болох Корнелиус Вандербильт бол Андерсон Күүперийн элэнц өвөг. “Коммодор” хочит өвөг нь нэгдсэн улсад анхлан усан тээвэр, төмөр замын сүлжээ нээж оргүй хоосноос Вандербильтийн хүчирхэг эзэмшлийг цогцлоосон юм. Түүний ээж Глория Вандербильт удамт гэр бүлийн найм дахь үеийн залгамжлагч гэлээ ч хоосон алдар нэрээс өөр зүйл өвлөж аваагүй гэдэг. Жүжигчний замналаас загварын салбарт хөл тавьсан Глория хожим цэнхэр жинсэн өмдийг бүсгүйчүүдийн гоёл болгож, хувцас үйлдвэрлэлээс шаазан эдлэл хүртэл зохион бүтээж Вандербильт нэрийг дахин бизнесийн ертөнцөд дуурсгасан билээ.

Харин зохиолч Уайатт Эмори Күүперийн гэр бүлд 1967 онд мэндэлсэн хүүг огт өөр хувь тавилан хүлээж байв. Уг нь Андерсон ээжийнхээ нөлөөгөөр гурван настайгаасаа загварын сэтгүүлд зургаа авхуулж, Harper’s Bazaar-ийн хавтсыг чимэглэн өсвөр насандаа Calvin Klein, Ralph Lauren компаниудын дүр төрхөөр ажиллаж байв. Нью-Йоркийн дээдсийн хүрээлэнд өсөж торнисон хүү Манхэттэн дэх тусгай сургалттай Далтон сургуульд элсэн орж, улмаар Йелийн их сургуульд улс төрийн шинжлэх ухаанаар мэргэшсэн байна.

Эцэг Күүпер зүрхний нээлттэй хагалгааны үеэр амиа алдаж, 1988 онд ах Картер нь Нью-Йорк дахь гэртээ 14 давхраас үсэрч амиа егүүтгэсэн явдал амьдралыг нь эрс өөрчилжээ. Гэр бүлд нь тохиолдсон эмгэнэлт явдал, сэтгэл гутралаа даван туулахын тулд Андерсон сонирхогчийн видео камер, ганц үүргэвч мөрлөөд Мьянмарыг зорилоо.

Хожим Күүпер “Бид дотны хүнээ алдахад л амьдралын утга учрыг эргэцүүлж эхэлдэг. Энэ ертөнцөд бие даан амьдарч чадах эсэхээ сорихоор холын аянд гарсан” хэмээн дурсжээ.

Дайны сурвалжлагчаас мэдээний студид

Мьянмарын цэргийн хунт оюутны бослого хөдөлгөөнийг цус асгаруулан хүчээр дарж байгааг гэрчилсэн чухал видео авч чадсан Күүпер удалгүй Янгонаас бэлтгэсэн цуврал сурвалжилгуудаа залууст чиглэсэн мэдээллийн хөтөлбөр бэлтгэдэг “Channel оne” агентлагт нийлүүлэх боллоо. Мьянмарын дараа өлсгөлөн гамшигт нэрвэгдсэн Сомали, үндэстэн хоорондын цуст мөргөлдөөнд сүйрсэн Руанда улсыг зорих томилолт түүнийг хүлээж байв. Боснийн дайны үеэр ч ганц жижиг камераа бариад сумны өөдөөс гүйж явлаа.

Күүперийн бие дааж бэлтгэсэн сурвалжилга хангалттай анхаарал татах болсон тул мэдээллийн сувгууд уралдан ажилд урилаа. Ингээд 1995 оноос ABC News агентлагийн албан ёсны сурвалжлагч болж, удалгүй тус сувгийн World News Now-ийн хөтлөгчөөр тушаал дэвшсэн байна. Хоногт 20 цаг ажиллаж, студиэс гаралгүй амьдарч байсан Күүпер туйлдаж гүйцэв. Мэдээнээс залхаж, хэсэг ч болтугай тархиа амрахыг хүссэн түүнд ABC шинэ реалити шоугаа хариуцуулжээ. “The Mole” шоуг хэдэн жил хөтөлж байгаад Күүпер 2001 оноос дэлхийн мэдээ мэдээллийн аварга CNN-ийн багт нэгдлээ.

CNN-д ирээд удаагүй байхад нь есдүгээр сарын 11-ний аймшигт халдлага болж, Андерсон дахиад шууд мэдээний студиэс үйл явдлын халуун өрнөлийг үзэгчдэд хүргэж эхлэв. 2003 оноос бие даасан тойм хөтөлбөртэй болсон нь өнөөг хүртэл цацагдаж буй Anderson Cooper 360° нэвтрүүлэг юм. Энэ хөтөлбөрөөрөө тэр мэдээний хөтлөгч, нэвтрүүлэгч гэсэн уламжлалт ойлголтыг эвдэхийг хүсчээ.

“Мэдээний хөтлөгч, нэвтрүүлэгч гэхээр л бүхнийг мэдэж, ойлгож байгаа мэт дүр эсгэх нь хангалтгүй. Үзэгчид ийм төрхөд хууртахаа больсон. Мэдээний студид өөрийнхөөрөө байж, бодит байдлыг тэдэнд мэдрүүлэх ёстой. Мэдэхгүй зүйлээ хүлээн зөвшөөрч, мэддэгээ ярьж тайлбарлаж, бусдын санаа бодлыг чөлөөтэй сонсож хуваалцаж байж чиний мэдээ амьд болно”

Энэтхэгийн далайн цунами, Диана гүнжийн үхэл, Ромын Пап Иохан Павелын оршуулга, хунтайж Чарльз, Камилла Паркер Боулз нарын хурим, Нигерийн өлсгөлөн, Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслол, Бостоны марафоны үеэр болсон халдлага зэрэг дэлхий нийтийн анхаарлыг татсан хурц тод үйл явдлуудын мэдээллийг үзэгчид түүний бэлтгэсэн хөтөлбөрөөс хүлээн авч үзэж байлаа. 2005 онд дэгдсэн Катарина хар салхины үеэр Күүпер гамшгийн дараах нөхцөл байдлыг өөрийн биеэр сурвалжилж, сэргээн босголтод хойрго хандаж буй эрх баригчдыг хоолой зангируулан хурцаар шүүмжлэв.

Хожим нь Нью-Йорк сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр “Мэдээний сурвалжлагч сэтгэл хөдлөлөө хянах ёстой. Гэхдээ зовж шаналж байгаа хүмүүсийн дунд ороход мэргэжлээс илүүтэй хүн ёсны зарчим чамайг сэрээдэг” гэжээ.

CNN-ийн улс төрийн мэдээллийн зэрэгцээ Күүпер CBS телевизээр “60 минут” нэртэй баримтат сэтгүүлзүйн цуврал бэлтгэж байна. Энэ нэвтрүүлгээрээ Мексикийн хар тамхины дайн, Конго дахь хүчирхийлэл, Кубын эрэг орчмын шүрэн хадны экологийн сүйрэл зэрэг онцгой сэдвийг хөндөн олон нийтийн анхааралд аваачсан Купер 2006 онд Эдвард Р.Мурроугийн нэрэмжит шагнал хүртсэн юм. GLAAD медиа шагнал, телевизийн шилдэг уран бүтээлийн Эмми шагналыг найман удаа хүртсэн түүний Шри Ланка, Африк, Иракт ажилласан томилолт, Луйзана мужийн байгалийн гамшгийг сурвалжилж явсан тэмдэглэлүүдээс бүтсэн “Dispatches from the Edge” ном 2006 онд Нью-Йорк Таймсын шилдэг борлуулалттай бүтээлээр шалгарч байв. Тэр эцгээс өвлөсөн бичиж туурвих чадвараа микрофоны ард гээлгүй тогтмол тэмдэглэл хөтөлж, хэвлэн нийтлүүлж иржээ. Details сэтгүүлээс чөлөөт нийтлэлүүдийг нь өнөө ч унших боломжтой. 2017 онд ээж Глория Вандербильтийн хамтаар “Солонго айсуй: Ээж, хүү хоёрын амьдралын түүх” нэртэй дурдатгал хэвлүүлсэн нь бүтэн жилийн турш бестселлер номын жагсаалтыг тэргүүлжээ.

Бүхний нүднээ ил үгтэй сэтгүүлчийн хувийн амьдрал харин нууцлаг байсаар ирсэн юм. 2012 онд Күүпер өөрийгөө ижил хүйстэн болохыг зарлаж шүтэн бишрэгчдийнхээ гайхшралыг барав. Түүний нууцыг гэр бүлийнхэн нь мэддэг, шударга сэтгүүлч байхыг л гол зорилгоо болгож ирсэн тул бусад асуудлыг хойш нь тавихыг илүүд үзсэн гэж Күүпер олон нийтэд хандсан мэдэгдэлдээ өгүүлжээ. Насны эрхээр ээжийгээ алдаж ганцаар үлдсэн Андерсон Күүпер өнгөрсөн дөрөвдүгээр сард тээгч эхийн тусламжтайгаар хүүтэй болсоноо зарлалаа. Одоо тэр зөвхөн нэвтрүүлэгч биш аав болсон.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. gomo yumaadaa

    0 0 Хариу бичих