EAGLENEWS TV-25 жил дэвшил

“Eagle news”телевиз 25 нас хүрлээ.

“Eagle news” телевиз 25 нас хүрлээ.

25 жилийнх нь ойн дээр “Ийгл эрийн цээнд хүрлээ” гэх мэтийн жижүүрийн үг хэлэх нь илүүц юм. “Ийгл” анхнаасаа мэргэжлийн байсан, байсаар ч байгаа. Энэ бол систем, мэдээг үзэгчид шинээр нь, шуурхай, шударгаар хүргэх багийн ажиллагаа юм.

Хэрэв хандлага зөв, систем алдаагүй ажиллавал ямар үр дүнд хүрч, брэнд бүтээж болохын амьд жишээ нь “Eagle news”. Энэ бадрангуй утгатай, өвөрмөц дуудлагатай брэнд, түүнийг амьдруулагч үе үеийн хамт олон Монголын чөлөөт сэтгүүл зүйн ямагт анхдагч, мөс хагалагч байсаар ирсэн нь ардчилсан Монгол Улсын түүхийн салшгүй хэсэг юм.

Ардчиллын гол тулгуур багануудын нэг нь чөлөөт хэвлэл мэдээлэл. Энэ ойлголт Монголын нийгэмд соёл болон тогтоход “Eagle news” телевиз үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэхдээ энэ удаад бид билэг дэмбэрэл, эмх цэгцийг бодож “Ийгл” телевиз 25 жилийн түүхэнд Монголын сэтгүүл зүйд бий болгосон “25 дэвшил”-ийг нэрлэж байна.

1. Анхны хувийн, бас гадаадын хөрөнгө оруулалттай хэвлэл, мэдээллийн байгууллага

Өнөөгийн өндөрлөгөөс харахад “Ийгл” телевиз нийгмийн захиалгаар байгуулагджээ. Тухайн үед Монголд төрийн өмчит Үндэсний телевиз, орон нутгийн өмчит “Улаанбаатар” телевизээс өөр телевиз байсангүй.

“Ийгл” анх хоёр зорилго, тэмүүллийн уулзвар дээр байгуулагдсан. Нэг талаас АНУ-ын Өмнөд Дакота муж улсад бизнесмэнүүд байгуулсан “Among” сан Монголд христийн шашныг сурталчилах зорилгоор хөрөнгө босгоод байв. Нөгөө талд Ардчилсан хувьсгалыг тэргүүлсэн учраас Америкт тодорхой хүрээнд танигдсан залуу улстөрчид Монголд чөлөөт телевиз байгуулахыг зорьж, дотоодын хөрөнгө оруулагчдыг “Among” сантай зуучлан холбож өгчээ. Энэ хоёрын уулзвар дээр “Ийгл” телевиз ажлаа эхэлсэн. Өөрөөр хэлбэл “Ийгл” телевиз Монголын анхны хувийн, тэр тусмаа гадаадын хөрөнгө оруулалттай хэвлэл мэдээллийн байгууллага юм. Гэхдээ энэ бүхэн тийм ч амар бүтээгүй, 1992-1995 он хүртэл чамгүй хөөцөлдөж байж телевиз байгуулагдсан гэдгийг үүсгэн санаачлагчдын нэг нийтлэлч Баабар дурссан нь бий.

2. Орчин үеийн мэдээний хэлбэр, зарчмыг Монголд нэвтрүүлэв

“Ийгл” телевиз гарч ирэхээс өмнө Монголын телевизийн мэдээ үзэл суртлын хэрэгсэл шинжээсээ хараахан салж амжаагүй байлаа. Нам засгийн удирдлагын ажил төрлийг даган сурвалжилсан шинжтэй, албан тушаалтны тайлбарыг гол эх сурвалжаа болгохын хамт тэдгээр эх сурвалж нь сунжруу, урт яриа өгдөг хэв шинжит дүр төрх хэвээр байсан цаг үе.

“Ийгл” энэ хэв маягийг шуудхан эвдэв. Юун түрүүнд мэдээг олон эх сурвалжид тулгуурлан хийх болж, эфирт сэтгүүлч нь өөрөө ил гарч хөтөлж эхэлсэн нь монгол үзэгчдийн хувьд цоо шинэ зүйл байлаа. Мэдээний хөтлөгч гэдгийг өмнө нь бэлэн текстийг үзэгчдэд уншиж хүргэдэг дамжуулагч төдий ойлгодог байсан бол “Ийгл”-ийн хөтлөгчид барууны сэтгүүл зүйн жишгээр өөрөө мэдээ, сурвалжилгандаа явж, түүнийгээ эфирт цацах боллоо. 25 жилийн өмнө “Ийгл” анх Монголын телевизийн практикт нэвтрүүлсэн энэхүү анкорын соёл саяхнаас л цөөн телевизүүдэд төлөвшиж эхлээд буй нь нууц биш.

Энэ мэтчилэн “Ийгл” анхнаасаа барууны сэтгүүл зүйн бүтээлч чиг хандлагыг үйл ажиллагаандаа баримталж ажилласан нь хожим Монголын телевизийн сэтгүүл зүйд жишиг болсон.

“Eagle”телевизийн гүйцэтгэх захирал асан Я.Сэлэнгэ

Хэвлэлийн эрх чөлөө гэж юу вэ гэдгийг монголчуудад бодитоор мэдрүүлсэн...

“Eagle”телевиз хэвлэлийн эрх чөлөө гэж юу вэ гэдгийг монголчуудад бодитоор мэдрүүлсэн. Энэ утгаараа “Eaglenews”телевиз Монголд анхдагч. Ер нь олон зүйлээр анхдагч л даа.

“Eagle” телевизийн анхны анкор Т.Баярхүү

Мэдээг алдаа мадаггүй, хүргэх хугацаанд хүргэхийг бид хурд гэж ойлгодог байсан...

Манай телевиз бусад телевизээс харах өнцөг, үг хэллэг, мэдээ дамжуулж байгаа байдал гээд олон зүйлээрээ ялгаатай байсан. Мэдээг хурдтай дамжуулахыг чухалчилдаг байлаа. Энэ нь хурдан ярьдаг байсан гэсэн үг биш. Ямар ч алдаа мадаггүй, хүргэх хугацаанд хүргэхийг бид хурд гэж ойлгодог байсан юм.

3. Технологийн шинэчлэл, нутагшуулалт

“Ийгл” зөвхөн мэдээний формат биш телевизийн орчин үеийн технологийг Монголд оруулж ирж, нутагшуулжээ. 1995 оны наймдугаар сард “Ийгл”-ийн Техникийн албаны анхны дарга Пол Шварцендрубер телевизийн цамхагт хиймэл дагуулын дохио хүлээн авагч суурилуулж, CNN телевизийг шууд дамжуулж эхэлсэн нь 25 жилийн эфирийн эхлэл.

Жил гаруйн дараа далай дамнан чамгүй бэрхшээлж туулж тээвэрлэж ирсэн 40 тоннын чингэлэгтэй мастер контролын тоног төхөөрөмжийг Хилийн цэргийн удирдах газрын соёлын ордонд угсарч, Монголын анхны чөлөөт телевиз агуулгаа бэлтгэн цацах болов. Энэ төхөөрөмжүүдийн ачаар “Ийгл”-ийн мэдээ төв телевизийн бичлэгээр цацдаг мэдээтэй өрсөлдөн анх удаа хот даяар шууд дамжуулагдав. Энэ бол Монголын телевийн түүхэнд шинэ хуудас нээсэн явдал байлаа.

4. Сэтгүүлчдийн мэргэших орон зай

“Ийгл”-ийн түүх сэтгүүлч, ажилтнуудаа сургахаас эхэлжээ. Мэдээллийг тэнцвэртэй хүргэх, үйл явдлыг сурвалжлах, тайлбар хийхийн ялгаанаас эхлээд барууны сэтгүүл зүйн зарчим арга барилыг “Ийгл”-ийн анхдагчдад заах ажлыг Сингапурын иргэн Лена Инн хариуцжээ.

“Eagle News” 25 жилийн түүхэндээ өөрийн гэсэн школыг бий болгосон гэж хэвлэл мэдээллийн нэр хүнд бүхий судлаачид болох “Глоб Интернешнл” ТББ-ын тэргүүн Х.Наранжаргал, “Хэвлэлийн хүрээлэн”-гийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах нар дүгнэлээ.

Өнгөрсөн хугацаанд “Ийгл” 420 уран бүтээлч, инженер техникийн ажилтан бэлтгэн гаргасан байна. Эндээс туршлага хуримтлуулсан уран бүтээлчид 2000-аад оноос хойш Монголд олноороо байгуулагдсан телевизүүдэд хариуцлагатай алба хашиж, гал голомтыг асаалцсан.

Товчхондоо “Ийгл”-ээс чөлөөт сэтгүүл зүйн анхны одод олноороо, үе үеэрээ төрөн гарсан. Тэдний дотор МҮОНТ-ийн захирал ч бий, парламентын гишүүн ч бий, бие даан телевиз, студи, продакшн байгуулан хэвлэлийн зах зээлд өрсөлдөж яваа нь ч бий.

МҮОНРТ-ийн Дэд захирал асан Д.Энхтуяа

Монголын сэтгүүл зүйн нүүр царайг тодорхойлж чадаж байна гэж боддог.

“Ийгл” телевизийн тухайн үеийн шинэ туршилтууд, нэвтрүүлсэн туршлага одоо бүх телевиз, хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжаад Монголын телевизийн сэтгүүл зүйн нүүр царайг тодорхойлж чадаж байна гэж боддог.

5. Редакцын бие даасан байдал

Ямар ч хэвлэл мэдээллийн байгууллага хөрөнгө оруулагчгүйгээр оршин тогтнох боломжгүй. Ялангуяа сэтгүүлчийн хөдөлмөрийг улаан загалмайгаас ялгаагүй ойлгож, мэдээ, мэдээллийн үнэ цэн, оюуны өмчийг нийгмээрээ хайхардаггүй, хөдөлмөрөө капитал болгосон сэтгүүлчийг биеэ үнэлэгчээс дор үздэг Монгол шиг оронд хэвлэлд хөрөнгө оруулагч чухал.

“Eagle News” телевиз эхний 15 жилдээ Америк-Монголын хамтарсан болон Америкийн дагнасан хөрөнгө оруулалттай ажилласан. Харин сүүлийн 10 жил дан Монголын хөрөнгө оруулалттай ажиллаж байна. Энэ хугацаанд “Ийгл”-ийн мэдээ голч, олон ургалч байр сууриа хадгалсаар байгаагийн цаана хөрөнгө оруулагчдын ганц гол зарчим үйлчилдэг. Энэ бол редакцын өдөр тутмын бодлогод хутгалдан оролцож, хяналт тавихгүй байх явдал.

Аль ч үед “Ийгл”-ийн хөрөнгө оруулагчид энэ зарчмаа барьж, редакцын хараат бус байдлыг хүндэтгэхийн хамт хэт орлогын араас хөөцөлдөж, агуулгаа зарахын эсрэг ямагт зогсож ирсэн нь “Eagle News” телевиз өнөөдөр хүртэл оршин тогтнож буйн нэг том учир шалтгаан гэж хэлж болно.

6. Олон ургалч үзэл, ардчиллын дуу хоолой

Хэвлэл мэдээллийн ажиглагч Д.Цэрэнжав гуай ерээд оны тухай, “Тэр үед сөрөг хүчин гэдэг зүйл чухал байлаа. Энэ чухал зүйлийг “Eagle”телевиз нөхдөг байлаа. Ер нь хэвлэл мэдээллийн мөн чанар сөрөг хүчин талдаа байдаг шүү дээ” хэмээн дурсаж байна. Чөлөөт хэвлэл үргэлж төрийн байгууламжтай харшилддаг. “Ийгл” төртэй харшилдсан тоогоороо Монголын телевиз, хэвлэл мэдээлэл дунд толгой цохино. Бүх юмыг нэг өнгө, нэг цонхоор харж байсан нийгэмд ямар нэгэн улс төрийн үзэл суртал номлодоггүй телевиз агуулгаа цацаад эхэлсэн нь цочирдмоор байлгүй яахав.

Ямар сайндаа л тухайн үед эрх баригч намын Засгийн газарт Соёлын сайдаар ажиллаж асан улстөрч Н.Энхбаяр энэ үйл явцыг “Шүүмжлэлтэй ярьдаг, хүмүүсийг айлгадог, цочоодог телевиз болж эхэлсэн” хэмээн дурсахав дээ.

Монголын хэвлэлийн хүрээлэнгийн судалгаанд, “Америк- Монголын хамтарсан Христийн сангаас 1994 онд “Ийгл” телевиз байгуулагдсанаар электрон мэдээллийн хэрэгсэлд тогтоосон Засгийн газрын монополийг үгүй хийсэн байна” хэмээн дүгнэжээ. Улс төрийн чухал, ээдрээтэй цаг үеүд, тухайлбал МАН дийлэнх олонхиор засаглаж байсан шинэ зууны эхэнд, сөрөг хүчний эсэргүүцэл олныг хамарсан үймээн болж хувирсан 2008 оны 7-р сарын 1-нд “Ийгл” нийгмийн хяналтыг хэрэгжүүлж, хүний эрх, мэдээлэл олж авах эрхийн талд бат зогсож чадсан.

7. Иргэний сэтгүүл зүйн анхдагч ба хөгжүүлэгч

“Ийгл”-ийн “Таны цаг”, “Speak out” нэвтрүүлгүүд үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чаддаг байлаа. Учир нь хэн ч өмнө нь эгэл жирийн иргэдийн үзэл бодол, санал хүсэлтийг тийнхүү хүндэтгэлтэй сонсож, ар мөрт нь орж, асуудлыг шийдвэрлэхийн төлөө явдаггүй. Хожим нь “Иргэний мэдээ” нэртэй болсон “Таны цаг” болон “Зочны цаг” нэвтрүүлгүүд өөр олон телевизээр, өөр өөр нэртэйгээр нэвтэрсээр байна. “Таны цаг” болон “Иргэний мэдээ”-нд асуудал нь дурдагдсан төрийн албан хаагч ямартай ч чих зөөлөнтэй болдог.

Үзэгч, жирийн иргэдтэй хамтран ажиллаж, үзэл бодлоо илэрхийлэх боломж олгон амьд харилцаа үүсгэдэг эдгээр нэвтрүүлгийнхээ хүрээг “Eagle news” телевиз өргөтгөж, “Ардын үг” хэмээх медиа аян зохион байгуулсан. Хэд хэдэн аймаг, дүүрэгт зохион байгуулсан энэхүү аяны хүрээнд “Ийгл”-ийнхэн зөвлөлдөх ардчиллын механизмаар дамжуулан иргэдийн санаа бодлыг нэгтгэж, төрийн түшээдийн сонорт хүргэж чадсан. Энэ аяны нэг хэсэг бол Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн бодлого, үйл ажиллагаагаа нэгтгэн ард түмэндээ тайлангаа тавьж, дүгнүүлсэн нь Монголд цоо шинэ үзэгдэл байв.

8. Дотоод үйл явдлын шууд дамжуулалт

“Ийгл”-ийн алдарт “Шинэ, шуурхай, шударга” хэмээх уриан дээр “шууд” гэсэн үг нэмчихэд буруудахгүй. Наадмын нээлт, бөх, зарим чухал хурал цуглаанаас өөр шууд дамжуулалтын туршлагагүй Монголын телевизийн урлагт “Ийгл”-ийн шууд дамжуулалтууд жинхэнэ тэсрэлт болсон.

Урлагийн чухал тоглолтууд, улс төрийн чухал үйл явдлууд, төрийн тэргүүдийн айлчлал, Оюутолгой төслийн гэрээг үзэглэх ёслолын арга хэмжээ, Жорж Бушийн айлчлал, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын баривчилгаа, 7-р сарын 1-ний үйл явдал, “Нүүрс” хөтөлбөрийн шүүх хурал гээд олон нийтийн анхаарал татсан болон улс орны хөгжлийн чухал үйл явдал, агшнуудыг “Ийгл” газар дээрээс нь шууд дамжуулсаар ирсэн.

“Ийгл”-ийн дотоод үйл явдлын шууд дамжуулалт мэдээний телевиз болон шинэчлэн зохион байгуулагдахаас өмнөх 10 гаруй жил хамгийн идэвхтэй байсан. Энэ хүчин чармайлт нь бусад телевизүүдийн эфирийн бодлогод нөлөөлж, өрсөлдөөн үүсгэснийг тэмдэглэх хэрэгтэй.

Үүнээс гадна дотоодод болсон томоохон үйл явдлын дүрс, мэдээг “Ийгл” гаднын томоохон агентлагуудад дамжуулан, дэлхий даяар цацсаар байна.

9. Дэлхийн халуун цэгээс хийсэн шууд дамжуулалтууд

2001 оны есдүгээр сарын 11. Дэлхийн нийтийг донсолгосон Дэлхийн худалдааны төвийн халдлагын дараа үүсэн нөхцөл байдлыг “Ийгл” шууд дамжуулсан. Хоёр жилийн дараа тэрхүү халдлагаас үүдсэн Иракийн дайны үйл явцыг шууд дамжуулав. “Ийгл”-ийн студид олон улсын харилцааны мэргэжилтнүүд, цэрэг дайны стратеги судлаачид хүрэлцэн ирж, 20 гаруй хоногийн турш дэлхийн халуун цэгээс мэдээллийг тайлбартайгаар шууд дамжуулсан. Энэ мэтчилэн 2002 онд Азид анх удаа болсон Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, NBA-ийн тоглолтууд, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн тангараг өргөх ёслол, 2010 онд Чилийн Сан Хосе уурхайд 7000 метрийн гүнд дарагдсан уурхайчдыг аврах ажиллагаа гээд дэлхий даяараа анхаарал хандуулж буй үйл явдлыг “Ийгл”-ийн үзэгчид шууд хүлээн авч үзсээр өдгөө нэгэнт дасал болжээ.

Одоогоор дэлхийн халуун цэгийн шууд дамжуулалтад “Ийгл” шиг ач холбогдол өгч, зохиогчийн эрх, мэргэжлийн өндөр түвшний тайлбартайгаар үзэгчдэдээ хүргэж, мэдээлэх үүргээ биелүүлж чаддаг телевиз гарын таван хуруунд багадахаар цөөхөн байна.

Дэлхийтэй хөл нийлүүлэх энэ зарчмыг “Ийгл” анхнаасаа л барьж ирсэн. Байгуулагдсан даруйдаа CNN –ий мэдээг синхрон орчуулгатай хүргэж байсан бол Цагаан ордонд АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буштай ярилцлага хийсэн цор ганц монгол сэтгүүлч ч бас “Ийгл”-ийнх билээ. Дэлхийн хэмжээний үйл явдлуудыг ийнхүү шууд дамжуулдаг болсон нь гадаад мэдээг хоцорч буюу маргааш нь хүлээж авдаг байсан хуучны “уламжлалыг” халсан юм.

Зохиолч, сэтгүүлч Л.Пүрэвдорж

Монголын телевизийн урлагт цоо шинэ зүйл болсон.

“Ийгл”телевиз 2003 онд дэлхий нийтийн анхаарлыг татсан, дэлхийг үндсэндээ хоёр хуваасан Иракийн дайны нөхцөл байдлыг шууд дамжуулан үзүүлж байлаа. Монголын үзэгчид болон Монголын нийгмийн сэтгэл зүйд дайн хэрхэн өрнөж байгааг телевизээр шууд дамжуулан үзүүлнэ гэсэн ойлголт огт байгаагүй. Энэ бол Монголын телевизийн урлагт цоо шинэ зүйл болсон.

10. Телевизийн халз мэтгэлцээнийг Монголд нэвтрүүлэв

“Ийгл” телевиз 2000 онд Монголын анхны үзэгчтэй улс төрийн мэтгэлцээнийг зохион байгуулсан билээ. 2000 оны УИХ-ын сонгуульд МАХН, МҮАН, МСДН гэсэн гурван том намаас 76 тойрогт нэр дэвшүүлсэн юм. “Ийгл”-ийнхэн тойрог бүрийн нэр дэвшигчдийг мэтгэлцээнд урихаас гадна нийслэл дэх студидээ тухайн тойргоос иргэдийн төлөөллийг автобусаар тээвэрлэн авч ирж, мэтгэлцээнд үзэгчээр оролцуулсан.

Үүнээс хойш УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулиудаар “Ийгл” телевиз тогтмол мэтгэлцээн зохион байгуулах болж, бас л бусад телевизүүдийн дунд жишиг тогтоож өгсөн. Мөн “Ийгл”- ийн эфирээр нийгмийн бусад асуудлаар ч цөөнгүй мэтгэлцээн, хэлэлцүүлэг өрнөсөөр байгаа.

Хамгийн сүүлд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр “Ийгл” телевиз болон “Боловсрол суваг” телевиз хамтран мэтгэлцээн зохион байгуулах хүсэлтээ СЕХ болон намуудад тавьсан ч, хүлээн аваагүй юм. Мэтгэлцээнээр мэргэшсэн, ашиг сонирхлын зөрчилгүй телевизийн урилгыг хүлээн авалгүй, өөр телевизэд мэтгэлцээд ямархуу үр дүн гарсныг үзэгчид бэлээхэн санаж байна.

11. Ардчилсан сонгуулийн амьд түүх

Ардчилсан сонгуулийн нэг гол хүчин зүйл нь хэвлэл мэдээлэл гэдгийг “Ийгл”-ийнхэн Монголын ард түмэнд ойлгуулсан билээ. “Ийгл” телевиз байгуулагдаад удаагүй байхдаа 1996 онд анхны сонгуулиа цогц хэлбэрээр шууд дамжуулж байлаа. УИХ-ын сонгуулийн хэсгийн хороод дээрээс санал хураалтын явцыг тооллого дуустал шөнийн турш шууд мэдээлсэн нь мөн л Монголдоо анх удаа юм. Сонгуулийн дүн гарч Ардчилсан холбоо эвсэл түүхэн ялалт байгуулахад “Ийгл” телевиз анх шууд мэдээллээд зогсохгүй, “Ийгл”-ийн мэдээнээс уламжлан CNN дэлхий даяар цацаж байв.

Үүнээс хойш 2010-аад онд хувийн телевизүүд дуу дуугаа авалцан байгуулагдах хүртэл “Ийгл”телевиз сонгуулийн хамгийн идэвхтэй мэдээлэгч, бас хяналт байсныг үзэгчид үгүйсгэхгүй биз ээ.

2008 оны УИХ-ын сонгуулиар “Ийгл” сонгууль дамжуулалт дээр жишиг тогтоосон. Сонгуулийн үйл явцыг “Ийгл”телевиз долоон цэгээс шууд нэвтрүүлэв. 7-р сарын 1-ний шөнө Ерөнхийлөгчийн зарлигаар нийслэлд онц байдал тогтоох хүртэл “Ийгл”-ийн шууд дамжуулалт гурав хоногийн турш нэг минут ч завсарлаагүй. 7-р сарын 1-нд гарсан хүний эрхийн ноцтой зөрчлүүдийг нийтэд ил болгох үүргээ “Ийгл” телевиз нэр төртэй биелүүлсэн. Үйл явдлыг дамжуулж болох хамгийн боломжит цэг болох ДБЭТ-ийн дээвэр дээрээс “Ийгл” үйл явцыг шууд дамжуулсан нь өдгөө тэрхүү эмгэнэлт үйл явдлын тухай хамгийн бодит дүрс, мэдээ болон үлджээ.

МХХ-ийн гүйцэтгэх захирал М.Мөнхмандах

Монголын сэтгүүл зүйн түүхэнд анх удаа үймээн самууныг шууд дамжуулсан туршлага, сурах туршлага, анхаарах туршлагыг бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэд өгсөн.

12. Энтертайнмент нэвтрүүлгийн анхдагч

“Ийгл” зөвхөн мэдээний формат, шууд хөтөлбөрүүдээрээ анхдагч байсангүй. Энтертайнмент мэдээллийн салбарт ч анхдагч байсныг хэрсүү үзэгчид өдгөө ч санаж буй биз ээ.

Монголд анх удаа “Ийгл”-ээр “Eagle prime”хэмээх мэдээ болон энтертаймент хослуулсан хөтөлбөр нэвтэрч байв. Нийслэлийн залуучуудын хэв маяг болж байсан “Оддын амьдрал”, “Cool videos”хэмээх нэвтрүүлэг ч байлаа.

“Гоёл” наадам, Монголын сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн, “Бооцоо” драмын жүжиг гээд “Ийгл” тухайн үедээ маш олон энтертайнмент арга хэмжээг албан ёсны зөвшөөрөлтэй шууд дамжуулж байлаа.

Алдарт “Смоки” хамтлаг, Демис Руссосоос эхлээд Харанга, Хурд, Морин хуурын чуулга, “Хунт нуур” балет, “Учиртай гурван толгой” дуурь, Камертон, С.Жавхлан гээд хөгжмийн салбарын бүхий л тоглолт, концертыг “Ийгл” албан ёсны онцгой эрхтэй шууд дамжуулдаг байв.

13. Спортын мэдээ, мэдээлэл, контентын анхдагч

“Ийгл” телевиз бүр 1996 оноос эхлэн NBA-ийн тоглолтуудыг тайлбартай үзүүлж эхэлсэн. Бүр хожим NBA-ийн тоглолтууд дээр анализ хийж, танин мэдэхүйн мэдээлэл өгдөг “NBA talk”хэмээх нэвтрүүлгийг бэлтгэн цацаж эхэлсэн нь өдгөө залуусын дунд нэр хүндтэй агуулга болж чадсан. Төрийн томчуудтай боулинг тоглонгоо ярилцдаг чөлөөт ярилцлагын нэвтрүүлэг ч 1999 оноос эхлэн хийгдэж байлаа.

“Ийгл”-ээр Монголын телевизүүдээс анх удаа “Хасуу” бөхийн лиг цацагдаж, бартаат замын авто уралдаанаас эхлээд олон төрлийн спортын тэмцээнүүдийг шууд дамжуулж байлаа. 2002 онд Япон, Солонгос улсуудад зохиогдсон Хөлбөмбөгийн ДАШТ “Ийгл”-ээр албан ёсны зөвшөөрөл, монгол тайлбартай нэвтэрсэн нь манай телевизүүд дэлхийн томоохон тэмцээнүүдийг шууд дамжуулах ажлын эхлэл байлаа.

14. Танин мэдэхүйн контентууд

1995 онд “Ийгл” телевиз анх “Мэдээлэл сурталчилгаа, танин мэдэхүйн шинэ ертөнцийг Монголд авчрах” уриа, зорилготой эфирээ нээж байв. Телевизтэй цуг орчуулгын алба байгуулагдаж Христийн шашны агуулгатай нэвтрүүлэг, АНУ-ын түүх, ардчиллын түүхийг өгүүлсэн агуулгууд, “Гиллиганы арал”, “Нисдэг байшин”, “Цахиур чулууныхан” зэрэг контентыг гаргаж эхэлсэн.

“Найдваргүй холбоос” танин мэдэхүйн нэвтрүүлэг, “Би чадна” хөгжөөнт нэвтрүүлгүүдээс гадна CNN-ийн зохиогчийн хөтөлбөрүүдийг нь орчуулж гаргадаг байв.

“Ийгл” телевизийн танин мэдэхүйн бүтээлүүдээс одоо үед амжилттай хэрэгжиж буй нь “Бүрэн зураглал” хөтөлбөр. Нийгэмд нэр хүнд бүхий хүнийг урьж, редакцаа удирдуулан, нэг асуудал дээр төвлөрч бүрэн зурагладаг энэ хөтөлбөр өдгөө хэдийнэ үзэгчдийн талархан хүлээдэг контент болжээ.

15. Эдийн засгийн төрөлжсөн мэдээлэл

“Ийгл” улс төр, нийгэмд болж буй үйл явдал болон иргэний эрхийн зөрчлийн асуудалд анхаарлаа хандуулахаас гадна иргэдэд эдийн засгийн боловсрол олгох агуулгыг чухалчилж ирсэн. Улс орны эдийн засгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийг тодорхойлдог “Тоон тойм”хэмээх тойм хөтөлбөрөөс үзэгч эдийн засгийн төлөвийг богино хугацаанд мэдэх боломжтой.

“Ийгл”-ээр сүүлийн хоёр жилийн турш нэвтэрч буй санхүү, эдийн засгийн боловсрол олгох цуврал нэвтрүүлэг нэгэнт хүмүүсийн хүлээж үздэг агуулга болжээ. Улс орны эдийн засгийн харилцаа, нөөц бололцоо улам бүр өсөн нэмэгдэж буй учраас эдийн засгийн мэдээний сектороо улам бүр бүтээлч болгоход түлхүү анхаарал хандуулах шаардлага “Ийгл”-ийн өмнө тулгараад буй.

16. Оюуны өмчийн зөрчилгүй телевиз

Дээр дурдсан бүхий л агуулга нэвтрүүлгүүд дээр “Eagle News” телевиз зохиогчийн эрхийг дээд зэргээр хүндэтгэн ажиллаж иржээ. Ялангуяа олон улсаас татаж буй томоохон шууд дамжуулалт, уралдаан тэмцээн, нэвтрүүлгүүд бүгд албан ёсны онцгой эрхтэй контентууд байсан. Телевизийг үүсгэн байгуулсан Америк хөрөнгө оруулагчид оюуны өмчийн тал дээр онцгой анхаарал хандуулдаг байсан нь ийнхүү байгууллагын соёл болон төлөвшсөн гэж хэлж болно.

17. Аналитиксэтгүүл зүйн анхдагч

Сэтгүүлч Ц.Оюундарь, Д.Гантуг нарын бүтээл “Зууны луйвар” нэвтрүүлэг Монголын чөлөөт сэтгүүл зүйн түүхэнд хамгийн алдартай бүтээлүүдийн нэг билээ. Энэхүү цуврал бүтээлийг эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төрөлд хамаатуулж хараахан боломгүй, аналитик сэтгүүл зүйн төрөл зүйлд багтаамаар санагддаг. Аналитик сэтгүүл зүй нь эрэн сурвалжлах сэтгүүл зүйн элементүүд болон тайлбар, сурвалжилгын элементүүдийг хослуулан нарийн төвөгтэй баримтууд дундаас олон нийтэд ойлгомжтой дүр зургийг бий болгохыг эрмэлздэг төрөл юм. Чингэхийн тулд сэтгүүлч нийгмийн шинжлэх ухааны суурь судалгааны аргуудыг ч ашиглах шаардлагатай болдог. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй угтаа аналитик шинжтэй хэдий ч үндсэн зорилго нь илчлэхэд чиглэгдэнэ. Харин аналитик сэтгүүл зүй тайлбарлах зорилготой бөгөөд суурь асуудлыг гүнзгий ойлгож, түүхэн дэлгэрэнгүй мэдээлэл, статистик өгөгдөлд тулгуурлан цогц тайлбар, гаргалгаанд хүрэхийг зорьдог. “Зууны луйвар” нэвтрүүлгийн уран бүтээлчид зөвхөн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагын завхрал, шамшигдуулалтыг илчлэхийг зорьсонгүй, хамтарсан үйлдвэрийн удирдлагын түвшинд бугшсан алдаа завхрал, олон жилийн гажуудлыг цогцоор нь гарган тавихыг зорьж, зорилгодоо ч хүрч чадсанаараа аналитик сэтгүүл зүйн бүтээлд тооцогдож буй юм.

Сэтгүүлч Ц.Оюундарь

Эхний нэвтрүүлгээ хийгээд, орой нь дараагийн дугаараа бэлдэж байлаа. Гэтэл хоёр дахь дугаараас эхлээд зогсоох оролдлогууд гарч эхэлсэн. Бид Америк-Монголын хамтарсан телевизэд ажиллаж байсан учраас, бас захирал Пол Шварцендрубер нэвтрүүлэгт ямар нэг байдлаар улс төрийн хориг саад учруулж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байсан учраас ямартай ч байсан нэвтрүүлгээ зогсоохгүй зургаан дугаар үзэгчдэд хүргэж чадсан.

18. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн лаборатори

“Eagle news” телевизээс үе үеийн амжилттай эрэн сурвалжлах сэтгүүлчид төрөн гарсан байдаг. Телевизийн хараат бус редакцын бодлого эрэн сурвалжлах сэтгүүл зүйн бүтээл төрөх хөрс болсоор ирсэн.

С.Зоригийн аллагын талаар анх хөндсөн цуврал, цагдаагийн албан хаагчдын ёс зүйн дүрэмд өөрчлөлт оруулахад хүргэсэн сурвалжилга, “Шинэ санаа” мөнгө хүүлэх пирамидыг хаалгасан цуврал сурвалжилга, хүний эрхийн байгууллагуудыг хөдөлгөөнд оруулсан хүн худалдаалах гэмт хэргийн тухай цуврал, “Эко констракшин” компанийн хууль бус үйл ажиллагааг цувралаар мэдээлсний үрээр оршин суугчид нь эрх ашгаа хамгаалж чадсан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай дунд сургууль дахь бэлгийн дарамтыг хөндөн тавьж, хариуцлага тооцуулсан нэвтрүүлэг, Салхитын мөнгөний ордыг тойрсон авлигын сүлжээг илчилж, шүүгчдийг ажлаас нь чөлөөлсөн асуудал гээд үе үеийн бүргэдүүд төрийн гар хүрээгүй газар хүрч, дөрөв дэх засаглал хоточ нохойн үүргээ амжилттай гүйцэтгэсэн түүх олон.

“NBS” телевизийн захирал С.Наранбаатар агсан

Би “Eagle”-ээс ажлын гараагаа эхэлснээрээ бахархаж явдаг. Тухайн үедээ өөр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ажилласан бол өдий дайны сэтгүүлч болоо ч уу, үгүй ч үү...

(С.Наранбаатар агсны нэрэмжит сангаас Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг шалгаруулан урамшуулдаг уламжлал тогтжээ)

19. “ИЙГЛ”-ИЙН ЭРГЭН ИРЭЛТ

2003.04.22-ны орой “Eagle” телевизийн үйл ажиллагаа зогссон. Хаагдсан шалтгааныг тухайн үед хувь нийлүүлэгчдийн маргаан хэмээн тайлбарлаж байжээ. “Монголиан Бродкастинг” компани гэсэн нэртэй 50/50 хувийн хөрөнгө оруулалттай Америк Монголын хамтарсан компани үйл ажиллагаа явуулж байх үед Монголын талын хувь нийлүүлэгч солигдсоноос болж үл ойлголцол үүсчээ.

Парламентад дийлэнх олонхийн суудалтай МАХН засгийн эрх барьж байсан энэ үеийг “Энхбаярын хаанчлал”-ын үе гэх нь бий. Тэр үед энэхүү засаглалын алдаа мадгийг уудалдаг хамгийн тод дуу хоолой нь “Ийгл” телевиз болоод байлаа. “Ийгл”-ийн уран бүтээлчид Америк хөрөнгө оруулагчаа дагаж шинэ телевиз байгуулахаар зөвшөөрөл хүссэн ч 2004 оны сонгууль өнгөртөл Засгийн газар халгаагаагүй нь ч нэгийг хэлнэ. Худалдаа хөгжлийн банкны хувьчлалд Ерөнхий сайд Н.Энхбаяр “чухал үүрэгтэй оролцсон” талаарх сурвалжилгыг “Ийгл”-ийнхэн цувралаар хийсэн нь телевиз хаагдсан үетэй цаг хугацаа давхацдаг нь ч нэгийг хэлнэ.

2005 онд “Ийгл” эргэн ирсэн. Ингэхдээ Том Терри тэргүүтэй АНУ-ын хөрөнгө оруулагчдын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Монголын сэтгүүл зүйн түүхэнд хаагдаад, эргэн үйл ажиллагаа нь сэргэж, улам өргөжсөн түүх одоохондоо үгүй юм.

20. Мэдээний суваг

“Ийгл” телевиз эргэн ирэхдээ мэдээгээр дагнасан суваг болж, үйл ажиллагааны чиглэлээ төрөлжүүлсэн юм. Монгол шиг жижиг зах зээлтэй, олон өрсөлдөгчтэй оронд телевиз олон талт бус нэг чиглэлээр дагнан ажиллахаар шийднэ гэдэг тун эрсдэлтэй, бас зоригтой алхам байсан.

Ингэснээр телевизийн нэг хөтөлбөр төдий байсан МЭДЭЭ хэмээх контентыг цаг тутам “үйлдвэрлэдэг” мэдээний машин болж өргөжсөн. Мэдээ зөвхөн оройн цагаар гардаг гэсэн хэвшмэл ойлголтыг үгүй хийж, цаг тутам мэдээ нэвтрүүлж, үзэгчид эх орондоо болон хилийн чанадад болж буй үйл явдлыг хугацаа алдалгүй хүлээн авдаг болов.

21. Олон улсын хамтын ажиллагаа

“Eagle News” телевиз уламжлалт хамтын ажиллагаатай CNN телевизтэй 2013 оноос илүү өргөн хүрээнд хамтрах болж, олон улсын стандарт буюу продюсерингийн системд суурилсан тогтолцоонд шилжсэн. Хамтын ажиллагааны хүрээнд CNN-ээс сургалтын баг хүрэлцэн ирж сургалт явуулснаас гадна “Ийгл” телевиз тухайн жилээс CNN телевизийн Монгол дахь онцгой эрхт албан ёсны түнш болсон юм. “Eagle news” телевиз CNN-ээс гадна Reuters, FOX news, VOA, Russia Today, Associated Press агентлагтай хамтран ажилласаар иржээ.

22. Мэдээний урсгалыг бүрэн зураглахын төлөөх нэгдэл

“Eagle news” телевиз мэдээний телевиз хэлбэрээр дагнан ажиллаж буй Монголын цорын ганц суваг. 2014 онд “+21 орон нутгийн сүлжээ”-г бий болгож, 2015 онд “Eagle” радио 91.1 нээж телевизийн эфирийг радиогоор шууд дамжуулах болсон юм. Мөн ондоо энэхүү хоёр бүтцээс гадна “Ардын эрх” сонин, “Үндэстний Тойм” сэтгүүл, www.eagle.mn сайттай нэгдэн Монголын Медиа Корпорацийн үндсэн хэсгийг бүрдүүлэх болов. “Мэдээ” гэсэн ганцхан үгийг агуулгын хувьд бүрэн хүргэх нь “ММК”-ийн зорилго. Хэвлэл, мэдээллийн бүхий л төрлөөр мэдээг дамжуулж, мэдээг цогц дэд бүтцээр, уялдаа холбоо бүхий бүрэн зураглах нь энэ нэгдлийн гол утга учир ажээ.

23. Интерактив мэдээний өрөө

“Eagle news” телевиз 2017 оны намраас “интерактив мэдээний өрөө” концептоор ажиллаж эхэлсэн. Ингэснээр нэг корпорацид харьяалагддаг “Eagle news” телевиз, “Үндэстний Тойм” сэтгүүл, Eagle.mn сайт, “Ардын эрх” сонин, сошиал медиа баг гэсэн таван редакц нэгэн дор сууж, мэдээний урсгалд олон талт өнцгөөр хандаж, өргөн хүрээнд ажиллах боломжтой бүтээлч орчин үүслээ.

24. Зарчмаа баримталсны үр дүн: “Итгэж болох эх сурвалж”

“Ийгл”-ийн гол капитал бол брэндийн нэр төр юм. Энэ нэр төрийг тэд зарчим, зорилгодоо үнэнч ажилласны хүчинд олж авчээ. “Ийгл”-ийн эхний 10 жил “Мэдээлэл сурталчилгаа, танин мэдэхүйн шинэ ертөнцийг Монголд авчрах” зорилгод зориулагдсан. Зорьсондоо хүрсэн. Дараагийн 10 жил нь “Шинэ, шуурхай, шударга” гэсэн суурь зарчмыг үйл ажиллагаадаа хэвшүүлж мэргэшсэн мэдээний суваг болох байв. Зорьсондоо хүрсэн. Тийм ч учраас тэд өнөөдөр “Итгэж болох эх сурвалж” гэж итгэлтэйгээр өөрсдийгөө тодорхойлж буй хэрэг. Мэдээний телевизийн өмнө технологи, сэтгэлгээний сорилт тулгарч буй энэ цаг үед “Итгэж болох эх сурвалж” хэвээр үлдэхийн төлөөх тэмцэл нь тэхий дундаа ороод буй дараагийн 10 жилийнх нь гол зорилт болов уу.

25. “Eagle news”. Дэлхийн жишигт хүрсэн брэнд

“Ийгл”. Сонсоход өвөрмөц, орчуулахад бадрангуй утгатай энэ үг монголчуудын өөрийн гараар дэлхийн стандарт шалгуурт нийцүүлэн бүтээсэн анхны хэвлэлийн брэнд. Судлаач Х.Наранжаргал үүнийг, “Орчин үеийн сэтгүүл зүйн шууд, илрүүлэх, эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төрөл зүйлийн арга барилыг бүтээлчээр ашиглан өрнөдийн сэтгүүл зүйн “news sto­ry” буюу мэдээний түүх өгүүлэхүйн хэлбэрийг ашиглаж эхэлсэн нь яахын аргагүй шинэ арга барил байсан” хэмээн үнэлжээ. 25 жилийн өмнө цоо шинэ байсан хандлагыг өнөөдөр сэтгүүл зүйн ердийн шалгуур болтол хэвшүүлж, шинэ тутам хөгжиж буй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үлгэр дуурайл, эталон болж чадсан нь “Eagle news” телевизийн улс орныхоо хөгжилд оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)