“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян наран ургах зүгээс эхлэв

“Монголын медиа корпораци”-аас  “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх  аяныг санаачлан 21 аймагт өрнүүлэн иргэдийн зөвлөлдөх уулзалтуудыг цувралаар зохион байгуулж эхэллээ. Говийн бүсээс Дорноговь аймаг сонгогдож 14 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжлээ. Уг аяныг өрнүүлснээр тухайн орон нутгийн ард иргэдийн санаа, бодлыг төрийн бодлогод тусгах байнгын механизмыг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Дорноговьчууд 14 хоног үгээ хэллээ

“Ардын үг” зөвлөлдөх аяныг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн дорноговьчуудын үгийг 14 хоногийн хугацаанд сонслоо. Иргэд ажлын хэсгийнхний оффист 9:00 цагаас эхлэн ирж  өөртөө болон орон нутагт тулгарч буй асуудлаа уламжилсан юм. Мөн дорноговьчуудын амьдралыг илүү бодитоор харахын тулд ажлын хэсгийнхэн тэдний ажиллаж буй газар, амьдарч буй гэрт нь зочлон иргэдийн санаа бодлыг сонслоо. Ингэж Монголын медиа корпорацийн бүрэлдэхүүн дэх хэвлэл мэдээллийн байгууллагууд 14 хоногийн турш дорноговийнхны эерэг болон сөрөг мэдээллээр амьсгалсан юм.

Зөвлөлдөх уулзалт дорноговьчуудын индэр болох нь

Дорноговь аймагт иргэдийн зөвлөлдөх уулзалт дөрөвдүгээр сарын 2-нд буюу өнгөрөгч бямба гарагт Сайншанд сумын Саранхөхөө театрт болж 300 гаруй иргэн оролцлоо. Тус аймгаас сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудыг эл уулзалтад хүрэлцэн ирж тайлангаа тавихыг урьсан боловч УИХ-ын Ж.Батсуурь гадаадад байсан тул ирээгүй юм. Харин тус аймгийн Засаг дарга П.Ганхуяг орон нутагт хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа тавьсан. Үүний дараа иргэд нутгийн удирдлагуудаасаа хүссэн асуултдаа хариулт авахаар дугаарлан зогссон бөгөөд асуулт асуусан иргэдийг бусад нь дэмжиж, алга ташиж байлаа. Үүнээс үзэхэд “Ардын үг” иргэдийн зөвлөлдөх уулзалт дорноговьчуудын индэр болж чаджээ.

Иргэд удирдлагуудаасаа асуусан асуултаас жишээ болговол Сайншанд сумын иргэн У.Эрдэнэбаяр: Засаг даргын хийж гүйцэтгэсэн ажлын тайланд Дорноговь аймгийн ард иргэдийн амжиргааны түвшин дээшилсэн гэж байсан. Чухам хэрхэн дээшилсэн бэ. Ажилгүйдэл хэрхэн буурсан бэ? Эл асуултад аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэсийн дарга Н.Мөнхдаваа ийн хариуллаа.

Дорноговийн ард иргэд асуудлаа өөрсдөө ярилцлаа

Зөвлөлдөх уулзалтын зохион байгуулалтын дагуу тус орон нутгийн иргэд асуудлаа өөрсдөө хэлэлцэх жижиг бүлгүүдийн уулзалтыг хийлээ. Нийт 20 бүлэг бүхий жижиг уулзалтуудыг зохион байгуулснаар иргэд асуудлаа өөрсдөө хэлэлцсэн юм. Ингээд орон нутгийн удирдлагуудын хийсэн ажилд анализ дүгнэлт хийж, үнэлгээ өгсөн юм.

Хяналтын хороо аяны үйл явцыг тэнцвэржүүлэв

“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аяныг хэрэгжүүлэх үйл явцад хяналт хийж тэнцвэртэй байдлыг хангуулах үүднээс  хяналтын хороо байгуулан ажиллалаа. Ингэхдээ иргэдийн төлөөллийг өөрсдийн хүсэлтээр нь, зохион байгуулагчдын төлөөлөл, тус орон нутгийн удирдлагуудын төлөөллөөс тус бүр нэг нэг хүнийг томилж “Ардын үг” зөвлөлдөх аяны тэнцвэртэй байдлыг хянуулсан юм. Ийн хяналтын хорооныхон эл аяны талаар өөр өөрийн өнцгөөр үзэл бодлоо илэрхийллээ.

Иргэд орон нутгийнхаа удирдлагуудад дүн тавина

Дэлхий дахинд зөвлөлдөх ардчилал буюу түүнийг хэрэгжүүлэх зөвлөлдөх санал асуулгын тогтолцоо 20 гаруй жилийн түүхтэй. Үүний дагуу иргэдийн зөвлөлдөх уулзалталтаар Дорноговь аймгийн иргэдээс санал асуулга авсан юм. Санал асуулгыг судалгааны "Мек" агентлаг гүйцэтгэсэн бөгөөд дорноговьчууд удирдлагууддаа ямар үнэлгээ өгснийг бид тун удахгүй мэдээллэнэ.