Хүнгүй орчинд цурхиртлаа уйлж, сэтгэлээ онгойтол хашхирмаар санагдах үе цөөнгүй гардаг ч ажлын хамт олон, найз нөхдийнхөө дэргэд дээрх үйлдлийг гаргах нь зохимжгүй тул сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадалгүй байх олонтаа. Тиймээс хамгийн эрх чөлөөтэй байж, аз жаргалаар “цэнэглэгдэх” учиртай орчин бол өөрийн гэр юм. Гэвч ихэнх хүн гэртээ ч хувийн орон зайгаар дутагдаж байдаг аж. Гэр ахуйн эдлэлийн IKEA брэнд 35 орны 33 мянга гаруй хүн хамруулан судалгаа хийсэн байна. Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 85 хувь нь гэртээ өөрийн гэсэн хувийн орон зайтай байх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн бөгөөд дөрөвний нэг нь тус эрхээ эдэлж чаддаггүйгээ илэрхийлжээ. Судалгаанд дурдагдсанаар хүмүүс бие, биеийнхээ хувийн орон зайг хүндлэх нь сэтгэл зүй, эрүүл мэнд, хоорондын харилцаанд чухал нөлөөтэй аж. Түүнчлэн гэртээ өөрийн гэсэн орон зай бий болгосноор ажлын бүтээмж нэмэгддэг байна. Тиймээс хэрхэн өөрийн орон зайг бий болгож, тав цух цогцлоох талаарх зөвлөгөөг хүргэж байна.

Хувийн орон зай бий болгоход байрны талбай чухал биш

IKEA брэндийн судлаачид хувийн орон зай бий болгоход байрны талбай чухал биш болохыг онцолсон байна. Харин тухайн хүний мэдэрч буй тав тух, сэтгэл ханамж хамгийн гол хэмжүүр болдог аж. Тухайлбал, шүршүүрт орох, буйдан дээр суугаад кино үзэх, гэрийнхээ аль нэг хэсэгт бичгийн ширээ байршуулж, түүнийгээ өөрийн хүслээр тохижуулах мөн ханын тавиурынхаа аль нэг тасалгааг өөрийн хоббигоор чимэх зэрэг нь тухайн хүнд таашаал өгдөг байна. Хамгийн гол нь хүн өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй, хэн нэгнээс хараат бус байх нь чухал хэмээн судлаачид онцолжээ.

Гэр бүлийн бүх гишүүнд хувийн орон зай хэрэгтэй

Гэр бүлийн бүх гишүүнд хувийн орон зай үгүйлэгддэг аж. Тиймээс бие, биеэ харилцан хүндэтгэж өөрөө, өөртэйгөө өнгөрүүлэх цаг хугацаанд нь бүү оролцоорой. Мөн хүүхдийнхээ хувийн орон зайд халдаж, өөрийнхөөрөө байлгах гэж оролдох нь зохисгүй бөгөөд ирээдүйд бусдын амьдралыг үл хүндэтгэгч болгон төлөвшүүлдэг аж.

Айлд урилгагүй зочлох нь зохисгүй үйлдэл

Айлд урилгагүй, урьдчилж хэлэхгүй зочлох нь зохисгүй бөгөөд очиж буй айлынхаа тав тухыг алдагдуулдаг. Энэ нь орон зайд нь халдаж байгаагийн илэрхийлэл юм. Тиймээс айлд очихдоо зайлшгүй хэлж хэвшээрэй. Мөн “хэрэв манайд ирэх бол зайлшгүй мэдэгдээрэй” гэж ойр, дотнын хүмүүстээ дуулгаарай.

Нэгнийхээ гар утсыг бүү шалга

Хосууд бие биеийнхээ гар утас, цахим хуудсыг үргэлж шалгаж, хаашаа яваад, хэзээ ирэхийг нь хүртэл шалгаадаг. Энэ нь тухайн хүний хувийн орон зайд халдаж буй хэрэг бөгөөд хэсэг хугацааны дараа дээрх үйлдэл нь дарамт мэт санагдаж, харилцаанд нь сэв суудаг байна. Тиймээс хайртай хүндээ итгэж, ярилцаж, ойлголцох хамгийн чухал юм.

Өөртөө цаг гарга

Хэрэв та хаана ч, хэзээ ч өөрийнхөөрөө байж чаддаггүй бол тогтсон цаг, тодорхой орчин бий болго. Өглөө эрт эсвэл үдэш оройн аль нь ч байсан болно. Харин яг тэр цагаа өөртэйгөө өнгөрөөж хэвшээрэй. Юун түрүүнд өөрийн сонирхлыг олж илрүүлээрэй.