-Гадаадаас ажиллах хүч авахад чамгүй зардал гардаг-
Уул уурхай, зам тээврийн эрчимтэй хөгжил, барилгын салбарт өрнөж буй бүтээн байгуулалтын нөлөөгөөр Монгол Улсад гадны ажилчид, тэр хундаа урд хөршийн хөлсний ажилчид орж ирж байгаа билээ. Монгол компаниуд БНХАУ-аас ажиллах хүчээ авдгийн шалтгааныг албаны хүмүүс “Монголд барилга, уул уурхайн салбарын ажиллах хүчин хомсдолтой байдаг, мөн Хятадаас орж ирж байгаа ажилчдын цалин монголчуудынхаас харьцангуй бага байдаг”-тай холбон тайлбарладаг бол ажил олгогчид монгол ажилчид чадвар муутай, хулгай хийдэг, архи ууж, ажил тасалдаг нийтлэг дутагдалтай, хятад ажилчид бол цалин багатай, ажлын байрандаа байрлах учир хулгай хийдэггүй зэрэг сайн талтай учраас авч ажиллуулах дуртай байдаг гэсэн тайлбар хэлдэг. Харин монгол ажилчид болохоор компани нь хятад ажилчдад монголчуудаас илүү цалин өгдөг гэсэн мэдээллийг өгдөг. Эсрэг тэсрэг эдгээр мэдээллийн алинд нь итгэх вэ.
Гадаадаас ажиллах хүч авах тухай хуульд зааснаар бол гадаадын иргэн ажиллуулж байгаа байгууллага хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх “Ажлын байрны төлбөр”-ийг ажилтан бүрийнхээ тоогоор төлөх ёстой байдаг юм байна. Ер нь бол ажлын байрны төлбөр төлөхгүй байх нөхцөл гэж бас бий. Гэхдээ үүнд уул уурхай, барилга хамаарахгүй. Монгол Улсад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 000 төгрөг байдаг гэхээр нэг гадаад иргэн ажиллуулдаг байгууллага сар бүр 840 000 төгрөгийг Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газарт төлдөг гэсэн үг. Төлөхдөө гэрээ байгуулсан хугацааг үндэслэж урьдчилж төлнө. Байгууллага ажлын байрны төлбөрийг 1 сараас дээш хугацаагаар төлөөгүй нөхцөлд эрх бүхий байгууллага тухайн гадаадын иргэний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгож, энэ тухай иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэх /АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨР АВАХ, ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ, ЧӨЛӨӨЛӨХ ЖУРАМ 4.3/ хатуу журамтай. Дээр нь хөдөлмөрийн хөлсийг нэмж өгөх нь мэдээж хэрэг. Хятад ажилчин дунджаар 1 000 000 төгрөгийн цалин авдаг гэж тооцвол тухайн байгууллагаас хятад барилгачин бүр нь сард дунджаар 1 840 000 төгрөг гаргуулдаг гэж үзэж болох нь. Энэ нь нарийн мэргэжилтнүүдийг эс тооцвол Монгол ажилчдын ажлын дундаж хөлсөөс илүү байна. Ажиллах хүч зуучлах байгууллага шимтгэл авдаг гэж тооцвол энэ мөнгө мөн л нэмэгдэж таарна.
“Ажлын байрны төлбөр” хаашаа ордог вэ
Гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд зааснаар бол “Ажлын байрны төлбөр”-өөс орж ирсэн хөрөнгийг “Ажил эрхлэлтийг дэмжих зориулалтын санд байршуулж, ажлын байр шинээр бий болгох, ажилгүйдлийг бууруулах ажилд зарцуулна” гэж заасан байдаг юм байна. “Ажлын байрны төлбөр”-өөс гадна өөр олон орлого энэ газарт орж ирдэг бөгөөд Засгийн газраас өгсөн орлогын төлөвлөгөөг биелүүлэхээр хэрэндээ зүдэрдэг аж. Орлогын төлөвлөгөө жил ирэх бүр нэмэгдсээр байгаа юм. Үүнээс болж ГИХАЭГ зарим жил төсөвт оруулах орлогын төлөвлөгөөгөө биелүүлж чадахгүйд хүрч байжээ. Монгол Улс гадаадаас авах ажиллах хүчний тоог 2018 онд 20, 2019 онд 30, нийт 50 хувь бууруулах зорилго тавьсан бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ээлж дараалан нэмэгдүүлсэн нь дээрх зорилтыг биелүүлэх эдийн засгийн хөшүүрэг болж байгаа гэж ойлгож болох аж.
Хөрөнгө оруулагчдын сонирхол
Гэсэн ч зам, барилгын салбарт хятад ажилчид олноороо ажилласаар байна. Монголд барилгын салбар хөгжиж байгаа ч ихэнх нь хятадаас ажиллах хүч авч байгаагийн шалтгаан нь юу юм бол.
Монголд хөрөнгө оруулагчдын “Хятадын бизнес худалдааны нийгэмлэг”-ийн барилга, барилгын материалын салбарын дарга Чэнь Жиэн Хуа гэгч “Глобал таймс” сонины сэтгүүлчид “Улаанбаатарын газар сайгүй барилгажилт явагдаж байна. Барилгын салбарт ажиллаж байгаа дийлэнх хөрөнгө оруулагчид Хятадын бизнес эрхлэгчид юм. Мөн барилгын ажилчдын дийлэнх нь хятадаас оруулж ирсэн ажиллах хүчнүүд. Гэхдээ Монголын гадаадын ажиллах хүчинд тавих хязгаарлалт болон холбогдох хууль дүрэм маш хатуу чанга байдаг учир нэг хэсэг хятад ажилчид “хар”-аар ажилладаг юм” хэмээн ярьж байжээ. Эндээс харахад, компаниудын “Хятад ажилчин авчрах хүсэл”-ийн цаана хөрөнгө оруулагчдын ашиг сонирхол байдаг гэж үзэхэд хүргэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Монголын барилгын салбарын хөрөнгө оруулагч, “нууц ноёнтнууд” нь хятадууд байдаг байж магадгүй гэсэн үг юм.
Монгол эзэнтэй “New Black Diamond” ХХК БНХАУ-ын компанид Богд уулын тусгай хамгаалалтын бүсэд байрлах газрыг зарж борлуулсан, тэр компани нь аялал жуулчлалын зориулалттай уг газар дээр амины орон сууцны хороолол барьсан хэрэг хуулийн байгууллагад шалгагдсаныг энд жишээ болгон дурдаж болно.
Хуулиараа бол Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын болон гадаадын байгууллага л ажиллах хүчнийхээ 30 хүртэлх хувийг гадаадын иргэдээр бүрдүүлдэг. Уул уурхайн салбарт ажилчдын 10 хувь нь л гадаад байж болно, хэрвээ илүү гарсан бол ажилтан бүрийн тоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөрийг сар бүр төлдөг. Ашигт малтмалын тухай хуулийн 43.1, 43.2 дугаар зүйлд энэ талаар тодорхой зааж өгсөн байдаг. Бусад байгууллага гадаад ажилтан нэг бүрийн тоогоор ажлын байрны төлбөр төлөх ёстой. Гэтэл бараг бүх ажилчдаа Хятадаас авсан гэмээр байдал зарим зам, барилгын компани дээр харагдсаар байдаг билээ.
Гаднын иргэдийн тоог хатуу хянах ёстой
Аливаа улс нутаг дэвсгэр дээр нь байгаа гадны улсын иргэдийн тоог байнгын армийн тоотойгоо харьцуулан зохистой хэмжээнд барьдаг жишиг бий. 128 сая хүнтэй Япон гэхэд гадаад хүний тоог 1.1 хувиас хэтрүүлдэггүй. 2008 онд тус улсад байнга оршин сууж байгаа цагаач, дамжин өнгөрч байгаа, 90 хоногийн визтэй гадаадын тоо нэг цаг мөчид 2.2 саяд хүрсэн нь хамгийн их тоо гэх юм билээ. Швед, АНУ, Франц зэрэг улсуудад энэ тоо харьцангуй өндөр байдаг ч бүрдүүлж байгаа үндэстнүүд нь олон янз байдаг учраас эрсдэл харьцангүй бага гэж үздэг байна. Харин манайд байгаа гадны иргэдийн ихэнх нь нэг улсынх. Энэ бол бодож үзэх ёстой асуудал мөн. ГИХАЭГ-аас Монгол улсад нэг зэрэг байх гадны иргэдийн тоог зохистой хэмжээнд барьдаг гэж баталдаг ч байнгын оршин суух зөвшөөрөлтэй гадаад иргэдийн тоог хэлэхээс хэтэрдэггүй. Гэтэл 90 хоногийн визээр, эс бөгөөс харилцан визгүй зорчдог улсуудаас хэчнээн хүн нэг цаг мөчид Монгол Улсад байгааг тогтооход бэрх.
Одоо хэрэгжиж байгаа хуулиар бол манай улсад нийт хүн амын гурван хувьтай тэнцэх буюу 97 мянга орчим гадаадын иргэн оршин суух боломжтой. Харин нэг улсын иргэн нийт хүн амын нэг хувиас хэтрэх ёсгүй. Өнөөдрийн байдлаар манай улсад БНХАУ-ын 13248 иргэн оршин сууж байгаа бөгөөд энэ нь нийт хун амын 0.4 хувийг эзэлж байна. Харин цагаачлан амьдарч буй хүний тоо нийт хүн амын 0.5 хувь буюу 16 мянга орчим байх боломжтой. Үүнээс нэг улсын иргэн нийт хүн амын 0.17 хувиас бага байна гэж хуулинд заажээ.
Гадны иргэдэд хоёр, гурван газраас виз олгодог, хоорондоо уялдаа холбоогүйгээс хаанаас хэдэн хүнд виз олгосныг мэдэх боломжгүй салан задгай байдал Монгол Улсад ноёлж байгааг өнгөрсөн сарын 23-ны УИХ-ын чуулганаар Гадаадын иргэдийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үед олон нийт мэдэж авсан. Хууль батлагдвал хуучин хуулиас олон заалт хасагдаж, агуулгын олон өөрчлөлт гарах юм билээ. Ач холбогдлыг нь хэрэгжиж эхэлснийх нь дараа л харах байх. Техник технологи хөгжсөн өнөө үед Монгол Улсад гадны хичнээн иргэн, хаана, хаана байгааг гаалийн бүртгэл бусад эх сурвалжин мэдээлэлд үндэслээд хүн амын тоотой харьцуулан шууд харуулдаг /real time/ функцийг ГИХГ-ын цахим хуудсанд байршуулахад болохгүй зүйлгүй л байх.
Ноднин нэг барилгын суурийн давхарт 800 орчим хятад иргэд бөөнөөрөө байж байгаад баригдсан. Тухайн үед цахим гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан ч толгойлсон гэх цөөн хэдийг нь авч үлдээд бусдыг нь албадан гаргасан байдаг.
Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлд “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахад харшилж байвал “Гадаадын иргэнийг Монгол Улсад орж ирэхийг хориглож болно” гэжээ.

Гадны иргэд Монголд яг ямар үйл ажиллагаа явуулж байгааг хянаж чадаж байна уу. Энэ нөхдүүд чинь дураараа л аашлах юм байна шүү дээ.. Улаанбаатар хотод гэхэд л хэд хэдэн china town байх шиг байна. Монголчуудыг оруулдаггүй. Монгол Улсын хууль үйлчилдэг юм уу үгүй юу гэмээр газрууд байна. Тэнд л жинхэнэ хар тамхи, хүн худалдаалах наймаа, хамаг л болж бүтэхгүй юмнууд байна.
100 айл, барилгын захын хавьцаа ер нь монгол хүн амьдарч байна уу. Монголд гадны иргэд үл хөдлөхийн бизнес хийдэг болчихоод байна. Бүтэн байраар нь худалдаад авчихсан. Монголчуудад түрээслэж байна. Банканд байгаа томоохон хадгаламжуудыг монгол хүний нэрээр гадны иргэд эзэмшиж байна.
Мэдээж Монгол Улс үүд хаалга нээх ёстой. Гэтэл хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа гадны иргэдэд тавих хяналт гэж байна уу.

Хугацаа дууссан хүмүүсийн бүртгэлийн тухайд Хил хамгаалах ерөнхий гакар, Гадаадын иргэн харьяатын газар хоёрын дундын мэдээлэл солилцдог программ байгаа. Энэ дээр нэг бүрчлэн гар ажиллагаа хийж байж хүмүүсийн хугацаа хэтрэлтийн бүртгэлийг хийдэг. Сая бид энэ ажлыг зохион байгуулсан. Маш олон гадаадын иргэн хугацаа хэтэрсэн визтэй байсан. Тэдгээр иргэдийг албадан гаргахаар тодорхой хязгаарлалтад байлгаж байгаа.
Шалгалтаар их сонин зүйлүүд илэрсэн. Арван хэдэн жил Монголд амьдарчихсан. Огт цалин авдаггүй, байгууллагын жижүүр, манаач хийж байсан хүмүүсийг илрүүлсэн. Энэ хүмүүсийг албадан гаргах гэж байгаа.
Дээр нь манай Гадаадын иргэн харьяатын газарт бас их учир байна. Тэндээс зарим вьетнам иргэнд хөрөнгө оруулагчийн виз олгосон байсан. Гаднаас нь харахад ямар ч хөрөнгө оруулагч байхаар биш хүмүүст. Албаны шалгалт явуулаад улсад учирсан хохирлыг барагдуулах арга хэмжээ авахуулахаар АТГ-т шилжүүлэх гэж байна.