Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэргэд 50 ортой хүүхдийн эмнэлгийг барьж, өнөөдөр ашиглалтад орууллаа. Эмнэлгийг тоног төхөөрөмжийг 100 хувь нийлүүлжээ. Тус эмнэлгийг хүүхдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, чадавхыг сайжруулах зорилгоор хүүхдийн тасгийг 2019 онд шинээр төлөвлөн БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан, Хангарьд хөгжлийн төв ТББ, Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яамны хандив, дэмжлэг, буцалтгүй тусламжаар барьсан юм. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хүүхдийн тасгийг 50 ортой эмнэлэг болон өргөжүүлэхэд туслалцаа үзүүлсэн БНХАУ-ын Энхтайван хөгжлийн сан, Хангарьд хөгжлийн төв ТББ, БШУЯ, ЭМЯ-ныханд талархал илэрхийлэв.

Эмнэлэг ашиглалтад орсноор хотын зүүн бүсэд амьдарч буй 150 мянга гаруй хүүхдэд тусламж үзүүлдэг дүүргийн эмнэлгүүдийн ачаалал 20 хувиар буурах боломжтой аж. Мөн амбулаторийн нарийн мэргэжлийн үзлэг, яаралтай тусламж, хэвтэн эмчлүүлэх, эрчимт эмчилгээ, товлолын дархлаажуулалт, нярайн эргэлт, хүүхдийн эрүүл мэндийн боловсрол зэрэг тусламж үйлчилгээг цогцоор нь үзүүлэх юм байна.

Энэ үеэр БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр "Хангарьд хөгжлийн төв ТББ-ын төслийн хүрээнд бид  хүүхэд, багачуудын төлөө  дорвитой ажил хийе хэмээн ярилцаж 2015 оноос эхлэн хүүхдийн эмнэлэг барих ажлыг эхлүүлсэн. Анх Чингэлтэй дүүргээс эхэлж байсан бол өнөөдөр Хан-Уул, Баянзүрх, Налайх дүүргүүдэд хүүхдийн эмнэлэг баригдлаа. Өнөөдрийн ашиглалтад оруулж буй эмнэлэг бол бидний зургаа дахь төсөл тав дахь эмнэлэг болж байна" гэв.