Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын дарга асан М.Энхболдын хэлсэнчлэн “Долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар хэлэлцэн баталсан билээ. “Эцэг хууль”-даа ингэж өөрчлөлт оруулснаас хойш ганцхан жил болох гэж байна. Гэтэл “Долоо хэмжиж, нэг огтлох” зарчмаар баталсан гэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө энэ ахархан хугацаанд дахин огтолж “хэрчээд” эхэллээ. Хэрхэн “хэрчиж” байгааг сийрүүлье.
Уг нь өдийд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу бусад хуулиудаа өөрчилж байх учиртай.
Гэвч УИХ, Засгийн газрын тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай, Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулснаас цааш хэтэрсэнгүй. Маш олон хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн өөрчлөх ажил хүлээгдэж байна. Харамсалтай нь, УИХ Үндсэн хуульд нийцүүлсэн өөрчлөлтүүдээсээ эргэн хургаж, өөрчилснөө буцааж өөрчлөх болов. Парламентын сонгуульд МАН 62 суудал авсан нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд алдаа мадаг гарвал засаж залруулах боломжийг олгосон. Харамсалтай нь, эрх баригчид энэ боломжийг ашиглан “Эцэг хууль”-ийг өөрсдийн эрх ашигт нийцүүлж байна. Энд нэг жишээг танилцуулъя.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ өнгөрсөн хаврын чуулганаараа УИХ-ын тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Ингэхдээ УИХ-ын гишүүний хавсран гүйцэтгэж болох, болохгүй албан тушаал, хориглох үйл ажиллагаанд өөрчлөлт оруулсан юм. УИХ-ын гишүүний хавсран гүйцэтгэж болох, болохгүй ажил албан тушаалыг дараах байдлаар зохицуулсан.
42.1. Гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд дараах ажил, албан тушаал хавсран гүйцэтгэх эрхтэй:
42.1.1. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн;
42.1.2. Улс төрийн намын сонгуульт албан тушаал;
42.1.3. Багшлах болон эрдэм шинжилгээний ажил.
42.2. Гишүүн УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө энэ хуулийн 42.1-д зааснаас бусад ажил, албан тушаал эрхэлж байсан бол гишүүний тангараг өргөхөөсөө өмнө тухайн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх шийдвэр гаргуулсан байна.
Энэхүү хуульд зааснаар бол УИХ-ын гишүүн иргэдийг парламентад төлөөлөх, хууль санаачлах үндсэн ажлаасаа гадна зөвхөн сайдаар ажиллах, багшлах, эрдэм шинжилгээний ажил хийх л боломжтой. Үүнээс өөр ажил хийхийг хориглосон бөгөөд УИХ-ын гишүүний тангарагөргөхөөсөө өмнө хориглосон ажил албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх ёстой гэдгийг тодорхой заасан юм.
Гэвч шинээр бүрдсэн парламент наадмын өмнө анхдугаар чуулганаараа л УИХ-ын тухай хуульд дахин өөрчлөлт оруулж, 42.1.4 гэсэн заалт нэмжээ. Уг заалт нь “УИХ-ын гишүүн төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал хаших эрхтэй” гэсэн заалт юм. Анхдугаар чуулганаараа ингэж яаран өөрчлөлт оруулсан нь учиртай. Өнгөрсөн хавар Үндсэн хуульд нийцүүлэн баталсан УИХ-ын тухай хуулиар бол шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөхөөсөө өмнө “давхар дээл”-ээ тайлж, төрийн бус байгууллагуудын сонгуульт албан тушаалаа хүлээлгэн өгсөн байх ёстой байлаа.
Гэвч гишүүд бүгд “давхар дээл”-ээ тайлж амжаагүй байсан учраас ийнхүү УИХ-ын тухай хуульд дахин өөрчлөлт оруулж, “УИХ-ын гишүүн төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаал хаших эрхтэй” гэсэн заалтыг нэмжээ.
Хууль зөрчдөг хууль тогтоогчид
Шинээр сонгогдсон УИХ-ын гишүүд долдугаар сарын 1-нд тангараг өргөсөн. Харин УИХ-ын тухай хуульд дээрх өөрчлөлтийг долдугаар сарын 9-нд оруулсан. Нэр бүхий гишүүд тангараг өргөхөөсөө өмнө төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаалаа хүлээлгэж өгөлгүй хууль зөрчжээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын opendata.burtgel.gov. mn цахим хуудаснаас шүүж үзвэл дараах гишүүд хууль зөрчсөн нь батлагдаж байгаа юм.
- Монголын хоккейн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Жавхлан
- “Ховддоо сайхан амьдарцгаая” нийгэмд үйлчлэх ТББ, Монголын махны холбоо гишүүддээ үйлчлэх ТББ-ын тэргүүн Б.Пүрэвдорж
- Баянхонгор аймгийн нутгийн зөвлөлийн дарга Г.Занданшатар
- Улаанбаатар хот дахь Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Чинзориг
- Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлийн дарга Д.Бат-Эрдэнэ
Дээрх таван гишүүний дөрөв нь өмнөх парламентад сууж байсан буюу УИХ-ын тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлэн батлалцсан хүмүүс. Нэг нь бүр хууль баталсан УИХ-ын дарга. Гэвч тэд өөрсдийнхөө баталсан хуулиа долдугаар сарын 1-9-ны хооронд зөрчжээ. Үүнийг болоод өнгөрсөн асуудал гэж орхиж болохгүй. Яагаад гэвэл, УИХ хамгийн чухал гэж үзсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөсөө ухарч, буцаж эхэлсний нэг жишээ энэ. УИХ-д суугаа мэргэжлийн хуульч гишүүдийн нэг Б.Энхбаяр үүнийг тухайн үед нь сануулж байжээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Аливаа хууль Үндсэн хуульд нийцэж байх ёстой. Үндсэн хуулийн 29.1-т “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд улсын төсвөөс цалин авна. Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэж заалт бий... Бид хэдхэн хоногийн өмнө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд тусгасны дагуу тангараг өргөсөн. Тодруулбал, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байна гэж тангараг өргөсөн. Энэ бол өмнө нь тангаргийн үгэнд байгаагүй. УИХ- ын гишүүн төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаалыг хавсрах нь ашиг сонирхлын зөрчил болдог. Өмнөх парламентад 76 гишүүн 300 орчим төрийн бус байгууллагын даргын албан тушаалыг хавсарч байлаа. Эрийн гурван наадмын төрлөөсөө эхлээд спорт холбоодыг тэргүүлж байсан. Мөн өөрийнхөө нэр дээр сан байгуулж түүнийхээ тэргүүнээр ажиллах асуудал хавтгайрч байв. Үүнээс гадна нутгийн зөвлөлөө тэргүүлэх нь нийтлэг асуудал болоод байлаа. Энэ хүсээд байх зүйл биш. Гишүүд УИХ- ын гишүүний бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэхээсээ илүү тухайн төрийн бус байгууллагын сонгуульт албан тушаалыг эрхлэх явцдаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт орооцолдох, барьцаалагдах, шалгагдах магадлал их... УИХ гэдэг төрийн эрх барих дээд байгууллага. Төр нь нэг гартаа төрөө бариад, нөгөө гараараа иргэний нийгэм болж, хоёр нүүртэй явах боломжгүй. Энэ боломжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хаасан. Би гишүүдийнхээ бүрэн эрхэнд санаа зовж байна. Яагаад гэвэл, өмнө нь зөвхөн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр эцэслэж гарсан тохиолдолд эгүүлэн татдаг Үндсэн хуультай байлаа. Харин шинэ Үндсэн хуулиар эгүүлэн татагдах үндэслэл өргөссөн... Жишээлбэл, газар тариалангийн бизнестэй гишүүн Газар тариалангийн холбооны тэргүүлэгч болсон тохиолдолд л Үндсэн хуулиа зөрччихөж байгаа юм. Үүнийг мэдэхгүйгээсээ болоод асуудалд орчих вий...” хэмээн өгүүлж байжээ.
Парламент гэдэг, тэр дундаа олонхийн бүлэг хэн хүний үг хүрэхээргүй хүчтэй байгаа ч, Үндсэн хуулиас өндөр эрх мэдэл ардчилсан Монгол Улсад үгүй билээ.