УИХ 2019 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлахдаа, Ерөнхийлөгч зөвхөн “эцэг хууль”-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулахаар тусгасан. Ингэхдээ Үндсэн хуулийн 33.4-т “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн хуулиар олгож болно” хэмээн заасан байсныг “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” хэмээн өөрчилсөн юм. Өмнөх зохицуулалтын дагуу Ерөнхийлөгч өөрөө хууль санаачилж, бүрэн эрхдээ хамаарахгүй асуудлуудыг өөртөө хамааруулж, бүрэн эрх авдаг гэсэн шүүмжлэл гарч байлаа. Мөн ийм тодорхой жишээнүүд ч байдаг. Тиймээс Ерөнхийлөгч зөвхөн Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд л ажиллах ёстой хэмээн зохицуулсан юм. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд дараах эрхийг Ерөнхийлөгчид олгосон байдаг юм.
Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч зөвхөн дээрх жагсаалтын хүрээнд л ажиллах эрхтэй болсон гэсэн үг. Мөн Үндсэн хуулийн 26.1-т “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ” хэмээн заасныг “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэж өөрчилсөн.
УИХ өнгөрсөн хавар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн УИХ-ын тухай хуулиа шинэчлэн баталсан. Ингэхдээ УИХ-ын тухай хуулийн 38.2-т “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” гэсэн заалт оруулсан юм. Гэвч Ерөнхийлөгч Х.Баттулга “Энэхүү заалт нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд огт нийцэхгүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлах эрхийг хэт хязгаарласан байна” гэж үзэн хориг тавьсан. УИХ Ерөнхийлөгчийн хоригийг өнгөрсөн наймдугаар сарын 20-нд хүлээж авсан бөгөөд үүнтэй холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулсан УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг одоо хэлэлцэж байна.
Уг хуулийн төслийг “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар хууль санаачлах эрх эдлэх бөгөөд энэхүү эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно”, “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэсэн Үндсэн хуулийн зохицуулалтад нийцүүлэн боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүн, Засгийн газраас санаачлахаар тусгайлан зааснаас бусад асуудлаар хууль санаачлах эрхтэй байхаар төсөлд тусгажээ. Гэхдээ Ерөнхийлөгч санаачлан батлуулсан хуулиараа Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхэд нь үл хамаарах асуудлаар өөртөө бүрэн эрх олж авахгүй байхаар зохицуулсан байна. Энэхүү хуулийн төслийг УИХ хэлэлцэх нь зүйтэй гэж үзээд байгаа юм.
Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулгын хориг үр дүнд хүрч өөртөө болон дараа дараагийнхаа Ерөнхийлөгч нарт өргөн хүрээнд хууль санаачлах боломж олгож байна. Ерөнхийлөгч зөвхөн УИХ, Засгийн газраас санаачлахаар хуульд заасан (татвар, төсөв, мөнгөний бодлого, УИХ, Газрын газрын тухай гэх мэт хууль, тогтоолын төслөөс бусад)-аас бусад асуудлаар хууль санаачлах эрхтэй болж байгаа юм.