Нийслэлийн авто замын түгжрэл хэн хүний “шүдний өвчин” болоод удаж буй. Хотын удирдлагууд түгжрэлийг бууруулах авч буй арга хэмжээнүүдийн талаар хэлж ярьж байгаа ч өдгөө үр дүнгээ өгөөд байгаа ажил цөөхөн.
Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас түгжрэл бууруулах 32 саналыг дэвшүүлсэн байдаг. Үүнд:
- Ажилтан, ажилчдын нэгдсэн тээврийн үйлчилгээг түлхүү нэвтрүүлэх,
- сургууль цэцэрлэгийн хичээл болон албан байгууллагуудын ажил орох, тарах цагийг зөрүүлэх,
- хотын 4 зах хэсэгт 2 мянган авто машины томоохон зогсоол барьж, орон нутгийн дугаартай авто машинуудыг нийслэлд нэвтрүүлэхгүй байх зэрэг санал орж байна.
Тодруулбал, 08.00 цагаас сургууль, цэцэрлэгүүд, 08.30 цагаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын ажилчид, 09.00 цагаас их, дээд сургуулийн оюутнууд зорчих байдлаар цагийн зохицуулалтаар шат дараатайгаар замын хөдөлгөөнд оролцуулах, мөн худалдаа, үйлчилгээний түгээлтийн машинуудыг ажлын бус цагаар явуулах, нүхэн гарц, гүүрэн гарцын тоог нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн камерын ухаалаг системийн технологийг нэвтрүүлснээр хотын төв рүү торгууль болон зөрчилтэй, татвараа төлөөгүй, гэмтэл эвдрэлтэй автомашиныг нэвтрүүлэхгүй байх, нэвтэрсэн тохиолдолд өндөр торгууль хүлээлгэдэг байдал руу шилжих гэж буйг мэдээлж байсан.
Бид энэ удаад түгжрэлийг бууруулах тал дээр иргэд ямар байх суурьтай байгааг сонслоо.

Хан-Уул дүүргийн иргэн Д.Дагвадорж
“Бүгд нийтийн тээврийг сайжруулах гээд байгаа. Гэтэл нийтийн тээврийн насжилт өндөр болсон парк шинэчлэлт бараг хийгдээгүй болохоор бодит үр дүнд хүрэхгүй. Авто машиныг улсын дугаарын төгсгөлийн оронгоор тэгш, сондгойгоор долоо хоногийн гурван өдөр явуулна гэхээр хэцүү. Шийдэх гарц гэвэл Яармагаас хотын төв рүү ирж байхад Хүннү молл дээр түгжрэл үүсдэг. Тэр хэсэгт явган хүний нүхэн болон гүүрэн гарц хийгээд гэрлэн дохиог багасгавал авто машин шулуун явна. Том гарцууд дээр гүүрэн гарц хийвэл машины нэвтрэх чадвар нэмэгдэнэ. Гэрлэн дохиог багасгах л шийдэл гэж хараад байгаа”

Баянгол дүүргийн иргэн Ганжаргал
“Буруу талдаа рультэй машинуудыг хориглоод гүүр нэмж тавьж байж л түгжрэл багасна гэж бодож байгаа”

Баянгол дүүргийн иргэн Б.Батцэцэг
“Хотод төвлөрөөд байгаа сургуулиудыг хотоос гарган хүн амын төвлөрлийг бууруулах хэрэгтэй байх”

Хан-Уул дүүргийн иргэн Т.Очирдаваа
“Ярьдгаараа их дээд сургуулиудыг хотоос гарган замаа ихэсгэн газар доогуур тунель бүхий зам хийх нь зөв шийдэл гэж хардаг.

Баянзүрх дүүргийн иргэн Ц.Ням-Осор
“Сургуулиудыг гадагшаа гаргасан нь дээр байх даа”

Сонгинохайрхан дүүргийн иргэн Б.Ундрал
“Зам тавьж хотоо тэлбэл замын түгжрэл буурна. Хотын төвөөр нэг газар үйлчлүүлэх гэж зогсоолгүй, тухайн байгууллага руугаа орох гэж зогсоол хайн эргэлдэнэ. Ороод үйлчлүүлээд гараад ирэхэд тодорхой хугацаа шаардана. Хотоо тэлэх л хамгийн зөв шийдэл гэж харж байгаа. Жишээ нь бид хотоо Налайх, Дархан тийшээ тэлээд ядаж л авто захаа хотоос гаргах юм бол машин үзэхээр зорьж очин, хот дотроо түгжрэхгүй. Түүнээс биш хот дотроо барилга бариад л байвал мянган шинэ зам тавьж, гүүр бариад ч түгжрэл буурахгүй. Хүн өдөр бүр төрж байна. Түүнийгээ дагаад хүний хэрэглээ ихэснэ. Хөгжиж байгаа оронд машины хэрэглээ буурахгүй учраас хотоо тэлэх нь зөв гэж бодож байна”

Чингэлтэй дүүргийн иргэн А.Өлзий-Очир
“Жолооч, иргэд дүрмээ барих хэрэгтэй. Дүрмээрээ л зорчих юм бол түгжрэл үүсэхгүй”

Баянзүрх дүүргийн иргэн Б.Чимэдлхам
“Зогсоол олон байх хэрэгтэй. Зогсоол олдохгүйгээс болж түгжрэл маш ихээр нэмэгдэж байна. Хотын төвийн нэг албан байгууллагад зөвхөн хүнд нэг юм хүргэж өгөхийн тулд 30 минут л энэ хавьд зогсоол хайж байна”

Сүхбаатар дүүргийн өндөр настан
“Жолооч нарыг зөрчил гаргавал шууд л нэг сая төгрөгөөр торгодог болгох хэрэгтэй. Тэгвэл түгжрэл буурч бөөн бөөнөөр нь валют гаргаж шатахуун ачиж ирэхгүй. Монголын банкны подвальд байгаа алтыг тэр чигээр нь явдаггүй хаягдсан хуучин авто машинаар зөөж ирж гай тарихгүй. Эвдэрхий, он хуучин машинууд Монгол Улсын эдийн засагт асар их хохирол учруулж байна. Энэ бүхний ард мөнгө гадагшаа урсаад байна. Япончууд хэзээ ч машин зүгээр өгөхгүй байна. Үүнийг монгол хүн үхрийн баасаар авахгүй алтаар авч байна”

Чингэлтэй дүүргийн иргэн Г.Мядагмаа
“Түгжрэл болоод улам л хэцүү болоод байна. Жолооч нарын хариуцлагыг чангатган нийтийн тээврийн хүрэлцээ тоог нэмэх нэн шаардлагатай гэж харж байгаа”

Хотын түгжрэл нь зөвхөн таны цагийг үрээд зогсохгүй агаар орчны бохирдлыг нэмэхийн зэрэгцээ эрүүл мэнд, эдийн засгийн хохирлыг үзүүлж байдаг юм. Тухайлбал, Улаанбаатар хотын иргэн өдөрт нэг цагийг замын түгжрэлд зарцуулбал жилд зам дээр 15 өдөртэй тэнцэх хугацааг зарцуулдаг гэсэн тооцоог гаргажээ.
Эрүүл мэндийн хувьд хэрхэн хор уршиг учруулж буйг дараах судалгааны тоо баримт илтгэнэ. Тодруулбал, Автомашины насжилтаас шалтгаалж агаар дахь нүүрсхүчлийн хийн хувь 0-3 жилд 7.74, 4-6 жилд 11.7, 7-9 жилд 12.5, есөөс дээш жилд 13.5 хувьтай буюу стандартаас 12.5 хувиар хэтэрдэг. Энэ нь бидний амьсгалах агаарыг хэрхэн бохирдуулж буйг илтгэж байна. Түүнчлэн жолооч, зорчигчид автомашины халсан агаар, агааржуулагч зэргээс болоод амьсгалын эрхтний өвчин тусдаг гэсэн судалгаа ч бий.
Түүнчлэн замын хөдөлгөөнд жолооч нар автомашин, тээврийн хэрэгслээ нэгдүгээр эгнээнд тавих, зогсох, буруу байрлуулах, эгнээ байр буруу эзлэх, гар утсаар ярих, нийтийн тээврийн автобуснууд буудалдаа орж зогсохгүй байх зэрэг жолооч нараас шалтгаалсан зөрчлүүд түгжрэлийн 20 хувийг бий болгож буйг ТЦА-наас судалгаагаар гаргажээ.
Сүүлийн 5 жилийн судалгаагаар нийслэлд иргэдийн 80 гаруй хувь нь өдөртөө бүтээх ажлынхаа зөвхөн гуравны нэгийг амжуулж байгаа гэсэн дүн гарчээ. Энэ байдал Улаанбаатар хотын түгжрэл ямар түвшинд очсоныг харуулж байгааг мэргэжилтнүүд хэлж байна.