Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагчид суманд өртөж, хүнд гэмтэл авсан хэрэг гарчээ. Тус ангийн ахлагч нар суманд өртөж, гар цээж, нүүрэндээ гэмтэл аван нийслэлд Цэргийн клиникийн төв коспиталь буюу БХХСАХТЭ-т эмчлүүлж байгаа аж. Энэ хэрэг дээр Дархан-Уул аймгийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний жанжин штабаас ажлын хэсэг гарч, шалгалт хийж байгаа гэнэ.
Тус ангийн ахлагч Эрдэнэ-Очир, Мөнхзул нар суманд өртөн нийслэлд ирж эмчлүүлж байгаа. Ахлагч Эрдэнэ-Очир “Өдрийн сонин”-нд өгсөн ярилцлагадаа “Анх эмнэлэгт ирснээ бодвол биеийн байдал сайжирч байна. Мөнхзул ахлагчийн бие хүндхэн байгаа. Сая хамрын ясны мэс засалд орсон. Тухайн өдөр бид хоёр ажил үүргийнхээ дагуу Барилгын засварын танхимд ширээ засах ажил хийж байсан. Ширээгээ байрлуулаад явж байтал шалан дээр нэг бөөрөнхий төмөр хэвтэж байсан. Гадна тал нь битүү зэв болчихсон байсан учраас сум гэж огт мэдээгүй. Бөөрөнхий төмрийг үрж зэвийг нь арилган сэгсэртэл дэлбэрсэн. Чанга дуу гаран тухайн үед юу болсныг огт мэдээгүй. Нэг харсан Мөнхзул ахлагч газарт хэвтэж байсан. Хүний гарын шуу шиг л хэмжээтэй сум байсан. Хаанаас яаж манай ангид орж ирснийг мэдэхгүй” хэмээжээ.