Арваннэгдүгээр сарын 3-ны мягмар гарагт америкчууд зөвхөн Цагаан ордонд дөрвөн жил хэн амьдрахыг шийдэхгүй ээ. АНУ-ын Конгресс хоёр танхимтай. Доод танхим болох Төлөөлөгчдийн танхимын бүх 435 суудлын төлөө, дээд танхим болох 100 гишүүнтэй Сенатын 35 суудлын төлөө Ардчилсан нам, Бүгд Найрамдах нам хүчтэй өрсөлдөнө. АНУ хэдийгээр Ерөнхийлөгчийн засаглалтай гэх боловч парламент, шүүх засаглал нь гүйцэтгэх засаглалдаа хүчтэй хяналт тавьдаг. Парламентын хоёр танхимд хяналтаа тогтоож, дийлэнх суудлыг эзлэх нь улс төрийн хувьд том давуу тал болно. 2016 оны сонгуулиар консерватив үзэл баримтлалтай Бүгд Найрамдах нам Конгресс, Цагаан ордонд давхар ялалт байгуулсан боловч 2018 оны завсрын сонгуулиар Ардчилсан намд Төлөөлөгчдийн танхимаа алдсан. Ардчилсан намын удирдлагууд Доналд Трампыг Украин улсад АНУ-ын тусламжаар барьцаалж, дарамт шахалт үзүүлсэн хэмээн буруутгаж, огцруулах гэж оролдсон боловч Сенат нь авч үлдсэн. Трамп Дээд шүүхийн шүүгчид Эми Кони Барреттыг нэр дэвшүүлснийг Ардчилсан намын сенаторууд бүгд эсэргүүцсэн хэдий ч Бүгд Найрамдахчууд олонх учраас төвөггүй томилж орхилоо. Конгресст хяналтаа тогтоохын давуу тал энэ шүү дээ. Цагаан ордны төлөөх тулаан ч ширүүн болно доо. Коронавирусийн цар тахлын улмаас олон арван сая америкчууд саналаа шуудангаар илгээснээс гадна урьдчилан санал авах төвүүдэд очиж өгсөн. Шуудангаар илгээсэн саналыг тоолох үйл явц удаашрах магадлалтай гэж тооцвол мягмар гарагийн шөнө ялагч тодрохгүй ч байх боломжтой.

Америкийн сонгуулийг тоогоор илэрхийлбэл

14 тэрбум – Энэ оны сонгуульд 14 тэрбум ам.доллар зарцуулна гэж тооцоолсон нь өмнөх сонгуулийн зардлаас даруй хоёр дахин өндөр дүн юм. Асар өргөн уудам нутаг дэвсгэртэй улсаар аялж, олон нийтэд танигдсан улстөрч болох нь ердөө маш их мөнгө зарцуулна гэсэн үг. Хангалттай хандив цуглуулж, танигдаж чадаагүй улстөрчид сонгуулийн сунгааг орхидог нь ийм учиртай. Дээр нь энэ онд Ковид-19 цар тахлын улмаас шуудангаар санал авахаар болсон нь зардлыг улам нэмэгдүүлж буй.

160 сая – АНУ 330 сая орчим хүн амтай. Үүнээс 18-аас дээш настай 245 сая орчим хүн сонгуульд санал өгөх эрхтэй буюу шаардлага хангасан иргэд. Виржиния, Охайо, Жоржиа мужийн сонгогчид урьдчилан санал авах байрны гадна дугаарлан зогсож буйг хэвлэлүүд онцолж байсан. Судлаачдын тооцоолсноор энэ оны сонгууль нэлээд өндөр ирцтэй байх магадлалтай бөгөөд ойролцоогоор 160 сая орчим буюу нийт бүртгэлтэй сонгогчдын 65 орчим хувь нь саналаа өгнө гэж тооцож байна.

1216 – АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль зөвхөн Доналд Трамп, Майк Пенс, Жой Байден, Камала Харрис нарын хоорондын өрсөлдөөн биш ээ. АНУ-ын улс төрийн тогтолцоо нь цаасан дээр олон намынх боловч бодитоор эрх барьдаг нам нь Ардчилсан нам болон Бүгд Найрамдах нам учраас хоёр намын тогтолцоо гэдэг. Аравдугаар сарын 9-ний байдлаар 1216 хүн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөнө хэмээн Холбооны сонгуулийн комисст бүртгүүлсэн аж. Хоёр гол намын нэр дэвшигчдээс гадна Либертари нам, Ногоон нам, Энхтайван ба Эрх чөлөө нам, Үндсэн хуулийн нам, Социализм ба Чөлөөлөлтийн нам, Прогрессив нам, Эв нэгдэл нам зэрэг олон жижиг нам нэр дэвшигчдээ сойжээ. Намуудаас гадна америкчууд өөрсдөө ч танихгүй  маш олон бие даагч өрсөлдөнө.

270 – Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг шийдвэрлэх шидэт тоо ч гэж хэлж болно. Америкчууд Ерөнхийлөгчөө шууд сонгодоггүй. Тэд Ерөнхийлөгчөө сонгох төлөөлөгч нарын төлөө саналаа өгдөг. 538 төлөөлөгчөөс 50 хувийн санал буюу 270-аас дээш төлөөлөгчийн санал авбал Цагаан ордонд эзэн сууна. Доналд Трамп 2016 онд 304, Хиллари Клинтон 227 төлөөлөгчийн санал авсан. CNN зэрэг либерал чиглэлийн телевиз, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Жой Байденыг үндэсний хэмжээний бараг бүх санал асуулгуудыг итгэл төгс хошуучилж буйг сурталчилсаар байна. Хиллари Клинтон өмнөх сонгуульд Трампаас бараг гурван сая сонгогчийн саналаар илүү байсан боловч төлөөлөгчийн саналаар ялагдчихсан. Дээр нь Доналд Трампыг дэмжигчид нь түүний төлөө саналаа өгнө гэдгээ хүмүүст хэлэхээс санаа зовдог учраас Трампын сонгогчдыг далд санал гэж тодорхойлох нь ч бий.

152 – Доналд Трамп, Жой Байден нарын насны нийлбэр. Ардчилсан намын Байден ялбал АНУ-ын түүхэн дэх хамгийн хөгшин ерөнхийлөгч болно. Өнгөрсөн дөрвөн жилийн сонгуулийн мөчлөгийн хугацаанд АНУ-ын хоёр гол намын удирдлагын түвшинд залуу улстөрчид тодорч, гялалзаж чадсангүй. Хоёр өвгөн улс төр бие биенээ галзуу солиотой, унтаа нойрмог хэмээн доромжлохыг Америк даяараа л харлаа.

7 – АНУ-ын газрын зураг дээр Ардчилсан намыг дэмждэг мужуудыг цэнхэр, Бүгд Найрамдах намыг дэмждэг мужуудыг улаан өнгөөр тэмдэглэдэг. Трамп улаан давалгаа, Байден цэнхэр хана босгоно гэж ярьж буй нь ийм учиртай. Улаан, цэнхэр өнгөөр ялгарсан мужууд нь тухайн намаа дэмждэг уламжлалтай учраас нэр дэвшигчид эдгээр мужуудад сонгуулийн аяны үеэр бараг очдоггүй. Тэгж мөнгө зарах шаардлагагүй ч гэж хэлж болохоор. Харин сонгуульд шийдвэрлэх нөлөө үзүүлдэг буюу аль ч нам руу эргэчих магадлалтай арав орчим муж бий. Энэ оны сонгуульд Флорида, Мичиган, Пеннсилвания, Висконсин, Аризона, Умард Каролина, Жоржия хэмээх долоон муж шийдвэрлэх нөлөө үзүүлнэ гэж таамаглаж байна. Эдгээр долоон мужид нийт 36 сая орчим хүн сонгуульд оролцохоор бүртгүүлжээ. Трамп, Байден нар сурталчилгааны сүүлчийн өдрүүдэд чухам эдгээр мужуудад төвлөрч ажилласан.

Ковид-19

Шинэ коронавирусийн цар тахал энэ онд дэлхий нийтийн өмнө тулгамдсан хамгийн том асуудал болчихлоо. Ирэх арванхоёрдугаар сард туршилтын шатнуудаа амжилттай давсан анхны вакцин зах зээлд хүрэх боломжтой гэж эм үйлдвэрлэгч компаниуд мэдээлсэн бол Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага ирэх зунаас наашгүй гэж анхааруулдаг. АНУ коронавирусийн халдварын тохиолдол, нас барсан хүний тоогоор дэлхийд хошуучилж явна. Европын улс орнуудад хоёр дахь давалгаа нэгэнт эхэлж, Герман, Франц зэрэг хэд хэдэн улсад тусгаарлалт, хөл хориог хэсэгчлэн тогтоолоо. Жой Байден, Камала Харрис нар коронавирусийн тахлын эсрэг Трампын Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг түүний хамгийн эмзэг цэг гэж үзээд дайралтаа идэвхжүүлсэн. Харин өөрөө коронавирусийн халдвар авсан гэдгээ зарлаж байсан Трамп эдийн засгийг унтрааж, тусгаарлалт тогтоох шаардлагагүй гэдгээ ярьсаар явна. Үнэндээ CNN, BBC зэрэг барууны нэр хүндтэй, олон үзэгчтэй, уншигчтай телевизүүд коронавирусийн цар тахлын дүр зургийг хэт аймшигтай, дөвийлгөх байдлаар мэдээлж буйг барууны үзэлтнүүд шүүмжилдэг. Италийн Милан, Турин, Ром, Неаполь, Герман, Франц, Чех улсад коронавирусийн тусгаарлалт, хөл хориог эсэргүүцсэн жагсаал болж, үймээн самуун дэгдсэнийг нөлөө бүхий хэвлэлүүд бараг дурдсангүй. Эрүүл мэнд чухал уу, эдийн засаг чухал уу? Доналд Трамп Мичиган мужид очоод “Би танай нөхрүүдийг ажилтай, орлоготой болгоно. Би эдийн засгийн супер өсөлтийг бий болгоно. Гэтэл  Жой Байден гарвал эдийн засгийг шууд унтраана” гэж хэлэв. Байден сүүлчийн халз мэтгэлцээний үеэр “Эдийн засгийг унтрааж, тусгаарлалтын дэглэм тогтоохыг дэмжихгүй” гэж хэлсэн ч хэрвээ эрдэмтэд зөвлөвөл байр сууриа өөрчлөхөөр юм ярина билээ. Мягмар гарагт америкчууд чухам юуны төлөө хэнд саналаа өгөх вэ? Коронавирусийн цар тахал, эсвэл эдийн засгийн аль нь сонгогчдын итгэл үнэмшлийг өөрчлөх бол?

Сонгуулийн эргэн тойронд

Майкл Мүүрийн анхааруулга

Америкийн алдарт кино найруулагч, либерал үзэлтэн Майкл Мүүр 2016 онд Доналд Трамп ялна гэж таамагласан цөөн хүмүүсийн нэг байсан. Дөрвөн жилийн өмнө Хиллари Клинтон итгэл төгс хошуучилсаар явсан ч эцсийн мөчид цочирдом ялагдал хүлээж билээ. Кино найруулагч энэ удаагийн сонгуулиар ч Жой Байден үндэсний хэмжээнд илт давуу хошуучилж явна гэдэгт эргэлзсэн хэвээр. Тэрбээр сонгуулиас тав хоногийн өмнөх ярилцлагадаа “Сонсож бай! Cанал асуулгуудад бүү итгэ. Трампын санал хэзээ ч бодит санал асуулгад тоологддоггүй. Учир нь Трампын сонгогчид хэнд санал өгөхөө нууцалдаг” гэж ярьсан.

Хантер Байдены хард диск

Доналд Трампын стратегич байсан Стив Баннон, хуулийн зөвлөх асан Руди Жулиани нар Байдены төрсөн хүү Хантер Байдены ашиглаж байсан зөөврийн компьютерын хард дискийг гартаа оруулаад авчээ. Энэ хард диск Байдены гэр бүлийн хувьд гамшиг байх болно гэж Трамп твиттертээ сүр дуулиантайгаар бичиж байв. Гэтэл өнөөг хүртэл Байдены нэр хүндэд сөргөөр нөлөөлж болохуйц шуугиант мэдээлэл гаргасангүй. Хантер Байден Украины Бурисма холдинг компанийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, цалин авч байсан нь олонд ил болсон мэдээлэл. Харин тус компанийн нэг даргыг төрсөн эцгээ дэд ерөнхийлөгч  байхад нь уулзуулах санал тавьж байсан гэж Трампын сонгуулийн баг мэдэгдэв. Тэр уулзалт яг болсон эсэхийг нь нотлоогүй. Хэрвээ уулзсан бол Байденыг албан тушаалаа ашиглан Украинд шахалт үзүүлсэн, сонирхлын зөрчилтэй гэж буруутгаж болох л асуудал. Хантер Байден хар тамхи татаж буй гэрэл зураг интернетээр цацагдсан. Харин Хятадууд энэ онд нээлтээ хийж, орлого олж чадалгүй шатсан Мулан киноны гол дүр Лю Ифэй гэгч бүсгүйг Хантер Байденд өгч, нэгэн шөнийг өнгөрүүлэх боломж олгосон гэх мэдээллийг батлах гэрэл зураг, дүрс бичлэг олдсонгүй.

Александрия Окасио-Кортез

Нью Йоркоос Төлөөлөгчдийн танхимын гишүүнээр сонгогдсон латин гаралтай Александрия Окасио-Кортез Америкийн улс төрийг шуугиулсаар байна. Конгрессын хамгийн залуу гишүүнээр тодорч байсан энэ бүсгүйг Ардчилсан нам дахь хэт зүүний үзэлтнээр тодруулсан. Тэрбээр дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг цогтой тэмцэгч гэж өргөмжилж буй сэтгэцийн өөрчлөлттэй швед охин Грета Тунбергтэй уулзаж, сурталчилгааны зураг татуулсан. Ардчилсан намын сунгаанд Жой Байденд нам тавиулсан социалист үзэлтэй Берни Сандерсыг дэмжинэ гэдгээ мэдэгдэж байв. Сүүлд Байден Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний халз мэтгэлцээнд оролцохдоо Александрия Окасио-Кортезын идэвхтэй сурталчилж буй Шинэ ногоон гэрээ гэгчийг би дэмжихгүй гэж хариулна билээ. Үнэндээ Доналд Трамп хүрээлэн буй орчныг хамгаалах нэрийдлээр гаргасан олон арван зохицуулалтыг хүчингүй болгосноороо нүүрс, газрын тос, байгалийн хий, цахилгаан эрчим хүчний компаниудыг сэргээн босгосон. Жой Байден ч хүрээлэн буй орчны асуудлаар хэт зүүн тийш хазайхыг хүсэхгүй байх шиг. Хэрвээ Байден тэгш бус байдал, дэлхийн дулаарал гэх мэт зүүний үзэлтнүүдийн сурталдаж буй асуудлууд руу хэт хэлбийвэл Ардчилсан нам дахь консерватив үзэлтнүүдээ Доналд Трамп руу түлхэх эрсдэлтэй гэж зарим хэвлэлүүд анхааруулж байв. Үүнийг хэн анхааруулсан гээч? Оросын телевизэд ажилладаг америкчууд Ардчилсан нам дахь зүүний үзлийн хөөсрөлтийг ингэж шүүмжилсэн хэрэг.

50 сент ба 20 сент

Америкийн кино урлаг, хөгжим, нийгмийн алдартнуудын дийлэнх нь Ардчилсан намд талтай. Энэ намар Америкийн Кино урлаг шинжлэх ухааны академиас Оскарын наадмын шилдэг киноны төрөлд нэр дэвшүүлэх уран бүтээлүүдэд тавигдах шаардлагыг шинэчилсэн гэдгээ зарлалаа. Уг журмын дагуу уран сайхны киноны жүжигчдийг сонгох, кино зураг авах, киноны маркетинг сурталчилгаа, арын албаны ажилчдыг сонгохдоо заавал үндэстний цөөнх буюу хар, латин, индиан, ази хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, лесби, гей, бисексуаль, трансжендер хүмүүсийг тодорхой тоогоор заавал хамруулах шаардлагатай болжээ. Кино урлаг, тэр тусмаа Холливүүдийн уран бүтээлд зүүний үзэлтнүүдийн сурталчилж буй асуудлууд нөлөөллөө нэгэнт үзүүлээд эхэлжээ. Үүнийг жинхэнэ орчин үеийн шаардлага гэх тайлбараар зөвтгөх юм билээ. Нэрт рэппер 50 Сент өмнө нь Доналд Трампыг шүүмжилдэг байв. Гэтэл саяхан ерөнхийлөгчийн сонгуульд Доналд Трампыг дэмжихийг уриалав. Жой Байден Ерөнхийлөгчөөр сонгогдвол Америкийн баячуудаас өндөр татвар авах нь тодорхой учраас би 50 сент байж байгаад 20 сент болохыг хүсэхгүй байна гэж бичсэн. Трамп тэр дор нь рэппер дуучны зурагтай сурталчилгааны хуудсыг Твиттертээ байрлуулсан.

Сонгууль үндэстний эв нэгдлийг хангах уу?

Сонгуулийн жил америкчуудын хувьд тийм ч амар амгалан байсангүй. Доналд Трампын “хятад вирус” Америкийн эдийн засгийг агшааж, 3, 4 хувьд хүрээд байсан ажилгүйдлийн түвшнийг хоёр оронтой тоонд оруулчихсан. Коронавирусийн тахал дэгдээгүй бол эдийн засаг Трампын хамгийн том зэвсэг болохоор байв. Цагаан арьст цагдаагийн офицерууд хар арьст иргэдийг буудаж хөнөөсний улмаас харуудын амьдрал үнэтэй хэмээх хөдөлгөөн үүсэж, Америк төдийгүй Европын улс орнуудад үймээн самуун болж өргөжлөө. Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, эрх чөлөөгөө хамгаалах эрхтэй боловч бусдын өмч хөрөнгийг эвдэж сүйтгэж, галдан шатааж, тонон дээрэмдэх нь аль ч улсын хуулиар гэмт хэрэг мөн биз? Харуудын амьдрал үнэтэй хөдөлгөөн нь Америкийн даатгалын компаниудад хоёр тэрбум долларын хохирол учруулсан гэж аль есдүгээр сард бичсэнийг олж уншсан.

Доналд Трамп Америкийг дахин аугаа хүчирхэг болгох тухай уриа дэвшүүлснийг Америкийг дахин цагаан арьстнуудынх болгох тухай санаа гэж шүүмжилдэг. Үнэндээ Трамп цагаан арьст, үндсэрхэг, хэт барууны бүлэглэлүүдийг огт мэдэхгүй гэж мэлзсэн буюу үл ойшоосон үйлдэл гаргаж л байсан. CNN телевизийн явуулсан санал асуулгад Доналд Трампыг хамгийн их дэмжиж буй хүн амын бүлэг бол Америкийн цагаан арьст эрчүүд болохыг харуулжээ. Нью Йорк хотын гудамжинд Трампын эсэргүүцэгч, дэмжигчдийн хооронд зодоон болсныг цагдаа нар арай гэж салгаж байхыг интернетээр үзлээ. Америк хотуудын гудамжаар байлдааны автомат буугаар бүрэн зэвсэглэсэн хар, цагаан арьст эрчүүд жагсаж өнгөрөхийг нийгмийн сүлжээгээр харлаа. Үнэхээр түгшүүртэй, үндэстэн хагарч бутарсан мэт л дүр зураг харагдаж байна. 2020 оны Ерөнхийлөгчийн сонгууль зөвхөн Цагаан ордны оршин суугчийг тодруулах биш Америкийг нэгтгэх, үндэсний эвлэрэл зөвшилцөлд хүргэх улс төрийн ач холбогдолтой байх ёстой гэж улстөрчид, хэвлэлүүд уриалсаар байна.

Монгол-Америкийн харилцааны тухайд

Америкийн Gallup компанийн явуулсан судалгааны үр дүн саяхан интернетэд тавигдсаныг олж үзлээ. Доналд Трампын засаг захиргааг дэлхий нийт хэрхэн үнэлж буйг тандах зорилготой санал асуулгад улс бүрээс 15-аас дээш настай 1000 орчим хүнийг хамруулсан байна. Нийт санал асуулгад оролцогчдын 33 хувь нь АНУ-ын Засгийн газрыг сайшаасан бол 42 хувь нь эсрэг хариулт өгчээ. Сонирхолтой нь, Ази тивийн Монгол Улсад Доналд Трампын нэр хүнд хамгийн өндөр байгааг судалгааны дүн харуулжээ. Монголд 62 хувь, Филиппинд 58 хувь, Балбад 54 хувь, Мьянмарт 53 хувь нь Доналд Трампын Засгийн газрын үйл ажиллагааг сайн гэж дүгнэсэн байна. Гэтэл Энэтхэг-Номхон далайн бүс дэх Америкийн холбоотнууд гэж тодорхойлдог Өмнөд Солонгос, Энэтхэг, Японд Трампын Засгийн газрын нэр хүнд 34-41 хувьтай байсан аж.

Социалист, капиталист системийн хоорондох Хүйтэн дайны үед Монгол Улс нь Зөвлөлт Холбоот Улстай газар зүйн байрлал, улс төрийн хувьд ойр байсан учраас Америк-Монголын харилцаа хязгаарлагдмал байсан. 1987 оны нэгдүгээр сард АНУ-ын Засгийн газар Монгол Улсыг хүлээн зөвшөөрснөөр 1988 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яам нь нээгдсэн билээ. Гэвч үүнээс бүр өмнө Дэлхийн II дайны төгсгөл үед Монгол Улсыг хүлээн зөвшөөрүүлэх асуудлаар Хятадад шахалт үзүүлсэн гол хүч бол АНУ-ын Засгийн газар байсан гэж түүхийн ухааны доктор Равдангийн Болд гуай бичсэн нь бий. Эцэг Бушийн (Жорж Херберт Буш) засаг захиргааны үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан Жэймс Бэйкер 1990, 1991 онд хоёр удаа Монгол Улсад айлчлахдаа гуравдагч хөрш гэж ярьсан нь эдүгээ манай улсын гадаад бодлоготой салшгүй холбоотой ойлголт болжээ. Хэрвээ Монголын эрх баригчид Орос, Хятад хэмээх хүчирхэг хоёр хөрш рүүгээ хэт ханарч, хамааралтай болчихгүй л бол гуравдагч хөршийн үзэл санаа орхигдохгүй гэдэгт найдаж байна.

Монгол Улсад айлчилсан АНУ-ын хамгийн өндөр албан тушаалтан бол Ерөнхийлөгч Жорж Буш. Тэрбээр 2005 оны арваннэгдүгээр сард Тэргүүн хатагтай Лора Буш, Төрийн нарийн бичгийн дарга Кондолиза Райс нарын хамт манай улсад айлчилсан. Энэ айлчлалыг монголчууд Ирак, Афганистан дахь АНУ тэргүүтэй эвслийн хүчний ажиллагааг дэмжиж, хувь нэмрээ оруулсны хариу гэж тодорхойлдог. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Хенри Уоллэс 1944 онд, Дэд Ерөнхийлөгч Жой Байден 2011 онд Монгол Улсад айлчилсан. Тэргүүн хатагтай Хиллари Клинтон 1995 онд Монголд ирж байсан. Төрийн нарийн бичгийн дарга нараас Мадлин Олбрайт 1998 онд, Хиллари Клинтон 2012 онд, батлан хамгаалахын сайд нараас Доналд Рамсфелд 2005 онд, Марк Эспер өнгөрсөн онд тус тус айлчилсан. Бүгд Найрамдах намын нөлөө бүхий гишүүн Сенатор Жон МакКэйн амьд ахуйдаа хоёр ч удаа Монголд айлчилсан байдаг. 2018 онд АНУ, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэж, мөн ондоо Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар 350 сая долларын өртөгтэй Мянганы сорилтын сангийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан. 2019 онд Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Ерөнхийлөгч Доналд Трамп нар Америк-Монголын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг Цагаан ордонд албан ёсоор зарласан билээ. 30 гаруйхан жилийн албан ёсны дипломат харилцааны түүхэнд Америк-Монголын харилцаа Бүгд Найрамдах намын засаглалын үед илүү урагшилсан гэж дүгнэвэл буруудахгүй болов уу.

Эдүгээ АНУ-д 20 гаруй мянган монгол хүн амьдарч байгаагийн дийлэнх нь Калифорния, Иллиной, Виржиния, Колорадо мужид амьдарч байна. Өнгөрсөн хугацаанд АНУ-ын иргэн болсон монголчууд энэ удаагийн сонгуульд ч саналаа өгнө. 1990-ээд онд дунд үеэс монголчууд алсын Америкийг зорих нь нэмэгдэж, эдүгээ 4000 орчим монгол хүүхэд тэнд төрж, Нэгдсэн Улсын иргэн болох боломжтой болсон гэж бичдэг юм билээ.