Илд болоод бамбай

Шилэн тодотголтой болсон нөхөр намынхнаа шилдээд эхэлжээ. Дэд сайдын албанаас буугаад хэсэгтээ интернэтгүй болсон уу эсвэл эр хүний хугархай болох гэсэн үү, мэдэхгүй.  Ямартай ч сошиалынхныг уулга алдуулан байна. “Улсын эдийн засгийг бамбайтай зүйрлээд тэрхүү хамгаалалт найдвартай бизнес эрхлэгчтэй  байх ёстой. Улс төрийн илд болохгүй болохгүйг цавчиж байх ёстой” гэж У.Хүрэлсүхийн хэлсэн адилаар цавчиж гарчээ. Эрх баригч намын даргынх нь энэ мэт шударгуу үгстэй бичлэг ч өнгөрсөн долоо хоногт эргэн сошиалаар сэвэгдлээ. Гээд үзвэл юу болох гээд буй нь түвэггүйхэн уншигдана. Ингэж гарч ирдэг. Албан тушаал авахгүйгээ хэлдэг. Аваад дуусдаг. Хоёрхоон жилийн өмнөх хөгтэй явдал. Хэний дүрд хэн тоглож байна гээд харчихад л андашгүй. Толгой хагаравч малгай дотроо гэдэг МАН-ын тогтсон уламжлал аль хэзээний бугалж, идээлэн зад тавьсан. Тиймээс ч олон нийтийн дэмжлэгийг алсуур өдөөн холоос эхэлж байна. Ингэхэд улс төрийн илдний ид шид гардаггүй ээ. Эцэстээ эмзэгхэн бамбай энд тэндгүй эвдэрч сүйдэж байх шиг.

Талцуулан бутаргах тактик

ЖДҮ-ийг дэмжих сангийн зээлээс өөрийн эрх мэдлээрээ нөлөөлүүлэн авсан төрийн түшээдийг гоёоу хэлэх тайлбар олдоогүй болохоор “Энэ бол зүгээр жараахайнуудын мөнгө. Жинхэнэ их хэмжээгээр идсэн луйварчид өөрсдийгөө хаацайлах гэхдээ эднийгээ илчиллээ” гэж сэвсэн. Сайн ч сэвсэн. Болтол нь сэвсэн буузаа барихад үмхээд л өнгөрсөн. Мянга мянган ажлын байр, бий болгох боломжийг нь хулгайлчаад байхад үлгэрт итгээд өнөөх хулгайчдаас хэд хэдийг нь ч дахин сонгосон. “60 тэрбум”, “ЖДҮ-чид”. Аль аль нь өөдгүй шунахайнууд байсан.  Түүнээс ч илүү адгийн ард нь хумсаа нуусан муур шиг байсныг хэрхэн таах билээ. Ингэж л хоёр талцуулж, биднийг буруу зөв гэж маргах хооронд бүгдийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхийг нь яана. Энэ удаад ч ийм л төлөвлөгөө хэрэгжих нь. Зэс нь цухуйтал тэсдэг юм шүү дээ. Эс бөгөөс “өвчтэй хог шүү дээ” хоноод явахгүй л болно.

Төрийнх бус татвар төлөгчдийн мөнгө

Ардчиллаа хараан зүхсээр 30 жил болсон хэр нь, төсвийн мөнгөө төрийн,дарга нарын, үгүй дээ хэний ч биш гэж хийсвэрээр бодсон хэвээрээ. Гэтэл төсвийн орлогын 86 хувийг аж ахуйн нэгж, та бидний төлсөн татвараас бүрдүүлдэг. Үлдсэнийг нь тусламжаар бүрдүүлнэ. Гэтэл жилээс жилд төсвийн орлого өсөх тоолонд эрх баригчид зарлагаа орлогоос хэтрүүлсээр л байна. Татвар төлөгчид өөрсдийн мөнгийг хянах, албан тушаалтнууд ар, өврөөр нь хулгайлсан бол ядах юмгүй мэдэх боломжийг нь олгох гэж Шилэн дансны хуулийг батлуулсан. Үүнийг ачаар бид төсвийн хулгай бас ч гэж наанатай, цаанатай болсон. Энэ хуулийн буянаар туг барьсан нэгэн байхад тугал хариулсан нь ч бас байгаа. Нэгэнтэй татвар төлөгчдийн мөнгө юм чинь бидний өгсөн мөнгөөр юу хийж байна вэ гэдгийг бид хянаж, хулгайтай нь тэмцэж, өөрсдийн мөнгөө хамгаалах ёстой. Ганц нэг аж ахуйн нэгжүүд элдвээр дарамтанд орно гэж нэгддэггүй, дор бүрнээ довоо шарлуулаад явсан болохоор өнөөдөр төсвөөс тэрбумнууд төрж, та бидний татвараас гадны сургуульд дарга нарын хүүхдүүд сурч боловсроод эргэж иргээд эзэн болоод удам залгамжилан мөлжиж байна. Жирийн иргэдийн хүүхдүүдэд цэцэрлэг, сургууль хүрэлцэхгүй байхад тэдний хүүхэд өндөр төлбөртэй гадны сургуульд боловсорч, 20 жилийн ипотекийн зээлд хамрагдсандаа баярлан амьдралынхаа утга учрыг хоёр өрөө байрны төлөө гэж төсөөлж явахад дарга нарын хүүхдүүд дэлхийн хамгийн шилдэг сургуулийн хуваарийг ааваараа авхуулаад, араас нь давхар төлбөрийг нь татвар төлөгчдийн мөнгөөр төлүүлж байна. Буцаад ирэхэд зээлийг нь тэглэчих албан тушаалдаа аав нь сууж л байгаа. Бид нар ч сонгоод л байгаа. Та бид мөнгөө мэдэхгүй байхад таны мөнгөнд эзэн олдож л таараа.

Ганц чоно л амьд үлдвэл хонин сүрэг хэзээ ч амар заяа үзэхгүй

Энэ бол дэлхийг байлдан дагуулж, популизмын хор уршиг ямар ихийг яруу тодоор харуулсан GOT цувралд Аъяа Старкийн ааваас нь уравсан язгууртнуудыг хордуулчаад хэлдэг үг. Өнөөдөр ил болсон албан тушаалтнуудыг бид шуугиад өнгөрвөл яг л ийм юм болно. Засгийн газрын тэргүүнээс цэвэрлэгээний талаар хэлэх бус хийхийг  шаардах нь зүйд нийцэх биз ээ.

Үхсэн буурын араг яснаас амьд ат айна гэгчээр АН арчаагүй байна. Арай ч дээ, албан тушаал горилогчоос ч арчаагүй болжээ. Хэрэвзээ үнэхээр сөрөг хүчний үүргээ биелүүлэхийг хүссэн бол өдийд эрх баригчдаас хариуцлага нэхэж, хэлснээрээ хийгээд аль гээд У.Хүрэлсүхийг буланд шахах боломж байлаа. Гэхдээ тэд л бас л ялгаагүй, боломж олдвол шунахай сэдлээр шуудайгаа дүүргээд авахаас сийхгүй гэдгээ харуулсан. Тиймээс өөрсдөдөө найдах юмгүй үлдсэн. Төрийн албыг шүдгүй болгоод ч хамаагүй хорхойтсон шүднүүдийг нь түүх л хэрэгтэй. Ганц нэгээр нь туг тахиад өнгөрвөл үнэндээ таны үр, хүүхдийг үеийн үед тэд мөлжсөөр л байх болно.

Аврагдах боломж

Монголын бизнесийн орчин ямар хэцүү, бизнес эрхлэхийн тулд ямар их саад бэрхшээлийг даван туулж, хэр хэмжээний хахууль, хүнд суртлыг давж байж дөнгөн данган тогтдог талаар бид бишгүй ярьдаг. Гэтэл үнэндээ “Ковид-19” арай ядан амьдралаа зогоож, бас ч гэж боломжийн хэдэн хүнийг цалинжуулаад явсан хувийн хэвшлийнхэн бага багаар цомхотгон хийсээр байдгаа барчихлаа. Үнэндээ одоо үйлдвэрийг нь хаачих вий, торгууль тавьчих вий гээд байх айдас аж ахуйн нэгжүүдийн ард хоцорчээ. Тэдэнтэй тэдэнгүй модоо барьчихлаа. Дахиад бостлоо мөн ч удна. Тиймээс түргэн босохын тулд өндөр хүүтэй зээл тавьж бус өөрсдөд чинь чөдөр тушаа болдог хүнд суртал, шаардлагагүй дүрэм, журам, татвар төлөгчдийн мөнгөөр тансаглах явдыг таслан зогсоохын төлөө хүчээ нэгтгэх хэрэгтэй. Үүнийг төлөө өөрсдийн сонгосон түшээд, өнөөдрийн Ерөнхий сайдыг шаардаж, шаардлагатай бол хүсээд байдаг дэмжлэгийг нь өгөхийн төлөө явах л бидний аврагдах боломж гэлтэй. Аль эсвэл ардчилалд баяртай гэж хэлээд арагш ухарч дарангуйлалдаа тарчлах л зам үлджээ. .