-К-поп зах зээл харагдаж буй шигээ гял цал, төгс биш-
Эхлээд Ази, дараа нь дэлхийн зах зээлд хүч түрэн орж ирж, олон нийтийн бүх л сүлжээ, платформыг байлдан дагуулж буй К-поп урсгалын шүтэн бишрэгчид БНСУ-ын хүн амаас хэд дахин давна. Соёл урлагийн шүүмжлэгчдийн үзэж буйгаар К-поп урсгалыг шүтэн бишрэгчдийн тоо олон нийтийн сүлжээнд л гэхэд 100 сая байгаа юм. Ютуб сүлжээ болон бусад видео тавцангуудад клипүүд нь хэдэн тэрбум хандалт авдаг, тоглолт нь үзэгчийнх тоо хэдэн саяар хэмжигдэж буй энэ зах зээл гэхдээ харагдаж байгаа шигээ гял цал, төгс биш.
Төрийн ивээл
1990-ээд оноос эхлэлээ тавьсан К-поп зах зээлийн партизануудын урын санд барууны хөгжмийн урсгал болох хип- хоп, электроник, блюз, соул бүр рокийн нөлөө ч бий. Тухайн үед Азийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлж байсан Японы поп хөгжмийн хольц ч буй. 1997 оны эдийн засгийн хямралын үеэр Ерөнхийлөгч Ким Дэ Жүн соёлын салбарт хөрөнгө хаясны дунд чамгүй хэсэг нь поп хөгжмийн салбарт оногдсон гэдэг. Америкийн Засгийн газар машин үйлдвэрлэл, банкны салбартаа хэрхэн ханддаг билээ, БНСУ-ын эрх баригчид соёл, хөгжмийн салбарт яг л тэгж хандсан. Тоглолт хийх томоохон талбай барих, лейблүүдийн эрхийг хамгаалах зэргээр энэ салбарт анхаарлаа хандуулсны дүнд К-поп энэ орны нүүр царай, нэрийн хуудас болж чаджээ. Засгийн газар эрх баригчдын ивээлд байдагтаа К-поп салбар заримдаа улс төр, геополитикийн зөрчлийн бай болсон удаа ч бий. 2017 онд БНСУ-ын нутагт Америкийн пуужингаас хамгаалах цогцолбор байршуулах шийдвэр гаргасан нь Бээжинд таалагдсангүй. К-попын том экспортлогч Хятад клип, олон ангит цувралд хориг тавьж, уран бүтээлчдийн аялан тоглолтыг цуцалснаар их хэмжээний хохирол учруулж байлаа.
Сүлжээний одод
Дэлхийд гарч чадсан поп хамтлагийн нэг бол BTS. Шоу бизнесийн зах зээлд хөл тавиад удаагүй “Big Hit Entertainment” лейбл долоон жилийн өмнө тэднийг төрүүлсэн. 15-20 насны залуусыг шалгаруулж, мөнгөгүй, холбоо сүлбээгүйгээр гараагаа эхэлсэн ч хэдхэн жилийн дараа тэд “Big Bang” болон “SHINee” нартай эн зэрэгцэх болсон. К-поп оддоос хамгийн түрүүнд олон нийтийн сүлжээ, твиттерийг байлдан дагуулсан нь тэд байсан юм. Ютуб, фэйсбүүк зэрэг тавцанд ч шүтэн бишрэгчдийн армийг бий болгож чадсан агаад тэдэнтэй шууд харилцаж, өөрсдийгөө таниулснаар барууны зах зээлд ч гарч чадсан. Одоогоос таван жилийн өмнө тэд “Run, BTS!” реалити шоуг үзэгчдэд хүргэсэн нь интернэт орчинд өндөр хандалттай байж чадсан. BTS-ийн твиттер хуудас 30 шахам сая дагагчтай бөгөөд мэдээллийг нь олон хэл рүү орчуулан хүргэдэг хэдэн зуун фан хуудсууд ажилладаг. Тэд мөн Америкийн биллбоардад багтсан, ютубт 26 сая дагагчтай, НҮБ-ын индрээс хоёр удаа үг хэлсэн анхны К-поп хамтлаг болжээ.

Чанд дэглэм
К-поп оддыг SM Entertainment, YG Entertainment, JYP Entertainment гэсэн гурван том “аварга” үйлдвэрлэдэг. Асар олон хүүхдийг хамарсан кастинг явуулж, 10-14 насны хүүхдийг сонгон хэдэн жилээр үргэлжилсэн бэлтгэл, сургуулилалтад хамруулна. Бүжиг, дууны хичээл, англи хэл, тайзны соёл зэрэг сургуулилалт дунджаар 5-10 жил үргэлжилдэг. Лейбл компаниудтай гэрээ байгуулсан хүүхдүүд замын дундаас шантарвал их хэмжээний алдагдалд ордог учир ингэж зүрхлэх нь бараг үгүй. Ирээдүйн одод хоолны хатуу дэглэм барьж, биеийн тамир, бялдаржуулах дасгалыг тасралтгүй хийнэ. “Crayon Pop” охидын хамтлагийн дуучин асан Вэй шөнийн цагаар, ариун цэврийн өрөөнд зууш иддэг байснаа ярьсан. К-поп уран бүтээлчдийн гоолиг бие, галбирын нууц бол 200 мл литр хэмжээний аягаар өдөрт есөн аяга хоол иддэгтэй холбоотой. Олон цагийн бэлтгэл, хатуу чанд дэглэм сахиснаас ядарсан дуучин тайзан дээр ухаан алдсан явдал ч гарч байлаа. Тэдний хувьд хоногийн 12-15 цагийн бэлтгэл бол хэвийн зүйл. Нэрд гараагүй залуу уран бүтээлчдийн ажлын өдөр 20 цагаар сунжирна.
Хайр үгүй
К-поп хамтлаг, дуучдын хувийн амьдрал ч хатуу хяналтын дор байдаг. Олон нийтийн газар тэд зөвхөн хамтлагийн бусад гишүүдтэй хамт гарах агаад эсрэг хүйстэнтэйгээ явж үзэгдэх ёсгүй. Поп хөгжмийн зах зээлийн бичигдээгүй нэг хууль бол романтик харилцаа үүсгэж болохгүй. Хостой болох, үерхэх нь уран бүтээлчийн нэр хүнд унах, шүтэн бишрэгчдээ алдах шууд шалтгаан болно. Тиймээс олон уран бүтээлч, дуучин, хамтлагийн гишүүд үерхэл, хайр дурлалын асуудалд няхуур ханддаг, түүнийгээ чанд нууцалдаг. Хамтлагийн гишүүдийг сонгон шалгаруулахдаа хүний сэтгэл, харцыг булаахуйц гэсэн шалгуурыг зүй ёсоор тавьдаг.
К-поп хамтлаг, дуучид ихэвчлэн хамтдаа амьдарч, хамтдаа бэлтгэл сургуулилалтаа хийнэ. Шахуу цагийн хуваарь, хэт ачааллын улмаас тэд гэр бүл, хамаатан садантайгаа уулзах боломжгүй болдог нь ч бий.
Галзуу фанатын арми
Шүтэн бишрэгчид бол солонгос поп хөгжмийн хөдөлгөгч хүч. Санхүү мөнгө, пиар гээд шоу бизнесийн амин сүнс болсон хүчин зүйлийг фанатууд л бий болгоно.
Поп идолуудаар бараг амьдардаг шүтэн бишрэгчдийг “сасэн” гэх агаад тэдний арми жил ирэх бүр өргөжин тэлсээр буй.
Сасэн шүтэн бишрэгчид хамтлаг, дуучдыг мөрдөн мөшгих, хувийн эрх чөлөөнд нь халдах явдал гарна. BTS, EXO, GOT7 зэрэг хамтлагийн уран бүтээлчид галзуу фанатуудаасаа зугтан гүйсэн, дайралтад нь өртсөн тохиолдлын тухай ярьдаг. Мөн гэрийнх нь хаалгыг эвдэх, видео бичлэг хийх, дотуур хувцсаа илгээх зэрэг санаанд оромгүй үйлдэл гаргана.
Сасэнуудаас гадна нэрд гарсан хамтлаг, дуучид бүрт үзэн ядагчид гарч ирдэг. Дургүй жүжигчнээ хараах, муулах, доромжлох, бүр халдлага үйлдэхийг завдсан тохиолдол ч цөөнгүй гардаг ажээ. 2006 онд TVXQ хамтлагийн гишүүн Юнхог жүржийн шүүсний саванд хийсэн цавуугаар хордуулах шахаж байлаа.
Хутган дор
К-поп оддын хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг бол гадаад төрх. Хөгжмийн хэв маяг, урсгалдаа тохируулан тэдний дүр төрхийг бүрдүүлэх агаад мөн л чанд хянана. “Онгоцны буудлын хувцаслалт” гэдэг тусгай үг ч гарсан. Солонгосын фэшн-дизайнер Южин BBC-д өгсөн ярилцлагадаа Солонгос одод онгоцны буудалд сул чөлөөтэй, дураараа хувцасласан мэт харагддаг ч энэ нь үнэн хэрэгтээ нарийвчлан бүрдүүлсэн дүр төрх байдаг ажээ.
Түүнээс гадна сайхан төрхийн стандарт гэж тусдаа ойлголт тэнд бий. Ялдам төрхтэй одод ихэвчлэн Каннам дүүргийн гоо сайхны эмнэлгүүдийн “бүтээгдэхүүн” байдаг агаад тэдний хамрын хэлбэр, дух, эрүү, арьсны өнгийг стилистүүд, продюсерүүд нарийн бодож, төлөвлөсний эцэст “засварладаг”.
Х.Одончимэг