Гуравдагч хөршүүдээс Монгол Улстай хамтарч ажиллаж байгаа хамгийн том компани болох “Рио Тинто” сүүлийн үед барцад ихтэй байна. Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак нь эхлээд Австрали дахь уурхай нь нутгийн уугуул аборигенчуудын түүхэн дурсгалт агуйг сүйтгэсэн хэргээр албан тушаалаасаа халагдахаар болсон бол дараа нь “Оюутолгой төслийн хөрөнгө оруулагчдыг хуурсан, хувьцаа эзэмшигдээ буруу мэдээллээр хангасан” үндэслэлээр шоронд ороход хүрээд буй. Дээрх хоёр хэргийн сүүлийнх нь Монгол Улсын эрх ашигтай шууд хамааралтай болж байгаа аж. Бид энэ удаа “Оюутолгой” төсөлтэй холбоотой мэдээллийг хүргэж байна.
Асуудал №1
ТУЗ-д орохын төлөөх тэмцэл
Монголын талыг “Оюутолгой” ХХК- ийн ТУЗ-д төлөөлөх гурван хүний сонгон шалгаруулалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас өнгөрсөн сард зарласан. Үүний дагуу нийт 47 хүн материалаа ирүүлснээс АНУ-ын Morgan Stanley компанид шинжээчээр ажиллаж байсан Э. Баясгалан болон Аспайр Майнинг компанийн гүйцэтгэх захирал З.Ган-Очир нарыг Засгийн газраас тус компанийн ТУЗ-д төлөөлүүлэхээр өчигдөр Засгийн газрын хуралдаанаар дэмжсэн.Хуучин гишүүдээс Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди суудлаа хадгалж үлдэж байгаа бололтой.
Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн урьд нь хурал зарлах үед л очиж сууж эрх ашгаа хамгаалдаг, бусад үед нь өөр ажил хийж болдог байсан. Тэгвэл одоо ТУЗ-ийн гишүүн зөвхөн энэ ажилдаа анхаарч, давхар ажил хийхийг хориглосон аж. Тиймээс энэ удаагийн сонгон шалгаруулалт урьд өмнөхөөс илүү нарийн, нягт явагдаж байна. Шинээр сонгогдох гишүүд “Эрдэнэс Оюутолгой”-д байрлаж ажиллана.
“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д байдгийн гурав нь “Рио Тинто”-г, гурав нь “Туркойз Хилл” компанийг, үлдсэн нь Монгол Улсын Засгийн газрын төрийн эзэмшлийг төлөөлдөг.

ТУЗ-ийн гишүүдийг хагас цагаар биш бүтэн цагаар ажиллуулна
ТУЗ-ийн гишүүдийг хагас цагаар биш, бүтэн цагаар ажиллуулдаг болгож, мэргэжлийн хүмүүсийг шалгаруулж, томилно. Сонгон шалгаруулалтад 47 хүн материалаа ирүүлсэн. Хамгийн шилдэг хүмүүсийг сонгоно.
Асуудал №2
“Лондон”-гоос эхэлсэн маргаантай, шүүхтэй хэлэлцээр
Хоёр жил, хоёр парламент, гурван ажлын хэсгийг дамнасан “Оюутолгойн гэрээний нөхцөлийг сайжруулах” хэлэлцээр үргэлжилнэ. Ажлын хэсгийн хэсгээс нийт 11 чиглэлд Монгол Улсын эрх ашгийг сайжруулах хүсэлт өгчээ. Мөн нэг асуудлаар Арбитрын шүүхэд хандаж, олон улсын хуулийн фирмтэй хамтран ажиллаж байна. Мөн уул уурхайн чиглэлээр ажилладаг, хэлцэл болон хөрөнгө оруулалт, санхүүгийн баримт, татварын маргаан дээр ажилласан туршлагатай компанитай хамтран ажиллаж, зөвлөгөө авч эхний зөвлөмжийн дагуу “Эрдэнэс-Оюутолгой” компанийн чадавхыг сайжруулах тал дээр ажиллаж байгаа аж. Өмнөх парламентын гаргасан УИХ-ын 92 дугаар тогтоолд Монгол Улсын Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийг тусгай роялтигаар солих асуудал тусгагдсан. Энэ асуудлыг гүний уурхай ашиглалтад ортол хөндөхгүй бололтой.

34 хувийг роялтигаар солих асуудлыг гүний уурхай ашиглалтад орсны дараа ярина
Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа үед үнэлгээ өндөр байх бололцоогүй. 2022 онд гүний уурхай ашиглалтад орж, ашиг нэмэгдээд ирэхээр 34 хувийн үнэлгээ тодорхой болно. Засгийн газрын эзэмшиж буй 34 хувийг тусгай роялтигаар солих асуудлыг тэр үед ярина.
Австрали, АНУ-д яллагдагчаар татагдаад байгаа тухай
“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулагчид “Рио Тинто” болон “Туркойз Хилл ресурс” компанийн удирдлагууд АНУ, Австралийн шүүхэд дуудагдаад байна.
АНУ-ын иргэн Антони Франчи
Монголын талын хяналтыг нэмэгдүүлэхгүйн тулд мэдээллийг нуун дарагдуулсан
“Монголын талын төлөөлөгчид далд уурхайн төслийн явц, нөхцөл байдалд санаа зовниж байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Энэ нь “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс”-ын удирдлагууд хөрөнгө оруулагчдаасаа үнэнийг нуун дарагдуулах шалтгаан, хүчтэй хөршүүрэг болсон. Учир нь, бодит баримтуудыг эрт дэлгэх нь Монголын Засгийн газарт төсөл дэх хяналтаа нэмэгдүүлэх боломж олгох байсан юм.
Нью-Йорк хотын өмнөд дүүргийн шүүх Нью-Жерси мужийн оршин суугч Антони Франчи гэгч хүний нэхэмжлэлээр “Рио Тинто” болон “Туркойз Хилл Ресурс”-ын удирдлагуудыг АНУ-ын Холбооны Үнэт цаасны тухай хуулийг зөрчиж, хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл өгөх замаар зах зээлийн арилжаанд нөлөөлсөн гэх хэрэгт яллагдагчаар татсан байна.
Антони Франчигаас гадна 2017-2019 оны хооронд “Рио Тинто” компанийн Оюутолгой дахь стратегийн төслийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Их Британи улсын иргэн Ричард Боули мөн “Рио Тинто” компани “Оюу Толгой” төсөл дээр менежментийн алдаа гаргасан, хөрөнгө оруулагчидаа мэхэлсэн” хэмээн нэхэмжлэл гаргаад байсан. Тэгвэл “Рио Тинто” энэ ажилтантайгаа тохиролцоонд хүрч, нэхэмжлэлийг нь татуулсан гэнэ. “Хэрэв Ричард Боули тохиролцоогүй хуулийн байгууллагаар шийдвэрлэгдсэн бол “Рио Тинто” компанийн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт орох боломж бүрдэх байсан” гэж Австралийн хэвлэлүүдэд мэдээлж байна.

“Оюутолгойтой холбоотой 2-3 асуудал үүсч байгаа
Оюутолгойтой холбоотой 2-3 асуудал үүсч байгаа. Нэгд, “Рио Тинто” компанийн удирдлагууд өөрчлөгдөхөөр болсон. Австралийн соёлын өвийг сүйтгэсэнтэй холбоотой асуудлаар удирдлагуудыг өөрчлөхөө мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор хэлэлцээрийн шаттай ажлууд удаашрах хандлагатай болсон. Учир нь, ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл удирдлагуудыг солих асуудал үргэлжлэх хандлагатай байна. Тиймээс манай талаас нэмэлт шаардлагуудыг тавьж байгаа. Засгийн газрын зүгээс “Туркойз хилл” болон бусад жижиг хувьцаа эзэмшигч нартай холбогдож байна. Энэ нь зөвхөн Монголын Засгийн газар төдийгүй бусад хувьцаа эзэмшигч нэг байр суурьтай байх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс манай талаас 4-5 видео хурал, нэлээд хэдэн албан бичгүүдийг холбогдох газруудад хүргүүлсэн. Дээр нь “Рио Тинто” компанийн нэр бүхий удирдлагуудыг Оюутолгойтой холбоотой асуудлаар яллагдагчаар татсан асуудал гарлаа. Энэ нь тухайн улсынхаа хуулиар шийдэгдээд явах байх. Мөн “Эрдэнэс- Оюутолгой” дээр санхүүгийн баг гарч ажиллана. Хоёрт, уул уурхай геологи, гүний уурхай, олон нийт, хуулийн баг ажиллана. Хөрөнгө оруулагч маань дэлхий хэмжээний том групп компани учраас бид тэдний дүрмээр, дэлхийн стандартаар тоглоно.