Нүүдэл суудал

Бид нүүдэлчид. Нүүдэлчид хойно, нийслэл нь ч нүүж л байж. Нийслэлээ нүүлгэж байсан шалтгааны талаар нэрт эрдэмтэн Б.Ринчений "Урьдын Да хүрээ, өнөөгийн Улаанбаатар" өгүүлэлдээ бичин үлдээсэн нь бий. Тэрхүү өгүүлэлд хөрс муудсан, зурхайч нарын төлөгт таагүй буусан гэхчилэн нүүх шалтгаан олон ч хамгийн сонирхолтой нь, хятадын пүүсний данжаадуудад өрөндөө баригдахдаа бултах зорилгоор гэнэт нүүх тохиолдол ч байж. Үүнээс нь залхсан данжаадууд удаа дараа Бээжинд гомдол гаргах болж 1778 онд манж хааны зарлигаар хуучиндаа бууриндаа буюу өнөөгийн нийслэлд буй газартаа нэг мөр суурьшжээ.

Ийнхүү эрх, дураараа нүүдэллэж ирсэн монголчууд суурин суурьших эхлэл тавигдаж, улмаар замын хөдөлгөөний анхны “дүрэмтэй” болжээ. Тэрхүү “дүрэм” ёсоор Богд хааны ордон, яамдын ойр орчимд “харц ард энд мориноосоо буу!” гэсэн хориг тэмдэглэгээ босгосон талаар дээр дурдсан өгүүлэлд байх. Хүрээний эрхтэн, мяндагтнуудын болох түшмэд болоод хуваргууд, жирийн харцын хашаа ч өөр өөрийн гэсэн онцлог хийцтэй болж эхлэж дээ. Өнөөдөр энэ ялгаа хэлбэрийн хувьд өөрчлөгдсөн ч агуулгын хувьд оршин буйг орон нутгийн сонгуульд дэвшигчдийн тойргийн онцлогтоо тохируулсан урианаас бодолцсон биз ээ. Хэт төвлөрөлт, зохион байгуулалтгүй хар зөнд нь хаясан бүтээн байгуулалт, агаар, хөрсний бохирдол зэрэг асуудлаасаа болоод эдийн засаг, эрүүл мэндийн хувьд хамгийн аюултай хотын тоонд 250 жилийн дараа нүүдэлчдийн суурьшсан нийслэл дахин нүүх үү, дарлуулж буй асуудлаа шийдэх үү гэх сонголтын өмнө иржээ.

Удирдагчдын цээрлүүлэлт

Нийслэл байтугай тусгаар тогтнолынхоо талаар ч тааруухан мэдлэгтэй, “Ар Монголын Бээжин” гэж нэрлэх санал хүртэл гаргаж байсан төлөөлөгчдөөс бүрдсэн хуралдаанд анхны Үндсэн хуулийг тулгасан шигээ Улаанбаатар гэх нэрийг ч оросууд санал болгожээ. Хожмоо тэрхүү нийслэлийн удирдагчдыг ч хороолгосон гэхэд болно. Улаанбаатар хотын анхны даргаар Моононгийн Баяр томилогдон ажилласан байдаг. Түүнээс хойшхи хотын дарга нарын хувь тавилан хөөрхийлөлтэйгөөр төгсчээ. 1929-1930 онд Улаанбаатар хотын захиргааны даргаар ажилласан Л.Мижиддорж 1931 онд ЗСБНХУ-д /КУТВ-т/ суралцахаар явж нэг жил орчим суралцаад, нүдний хараа муудаж эмчилгээ авахгүй муудсаар өөд болсон бол 1931-1932 онд удирдсан Б.Цэрэндамба 1933 оны наймдугаар сард "Лхүмбийн хэрэг" гэгчид холбогдон цаазлуулав. Түүний ажлыг авсан Ө.Равдан ч 1936 оны есдүгээр сард хилс хэрэгт баривчлагдсан аж. Тэдний аараас хотыг удирдсан ардын хувьсгалын анхны долоогийн нэг Д.Догсомоос эхлээд  Л.Тавхай, Д.Гомбожав, Г.Дамдин нарын хотын дарга нар толгой дарааллан хилс хэрэгт буруутгагдан хойдхоо уншуулсан гашуун түүх байх. Гэхдээ тэдний зарим нь хотоо хот шиг болгохын тулд өөр өөрсдийн хэрээр чармайн ажилдаа ирэхдээ хотоо дугуйгаар тойрч байр байдлыг нь анзаараад ирдэг нэгэн байхад гудамж тайлбайг хаягжуулах эхлэлийг тавигч, хотын соёлыг нэртрүүлэхийн төлөө чармайгч, бүр зохиол бичин жүжиг тоглуулсан хүн ч бий.

Бие даан ардчиллын замаар замнах болсон он жилүүдэд харин гэмт хэрэг хийсэн нь шүүхээр тогтоогдон ял эдэлсэн удирдагч гэвэл Ц.Батбаяр бий. Гэм буруугаа шүүхээр дэнслүүлж буй хотын дарга гэвэл Э.Бат-Үүлийг нэрлэж болно.

Байр солигдсон нь

Үндсэн хуулийн шинэчлэлтийн дараа хотын дарга С.Амарсайхан үүрэгт ажлаасаа түдгэлзэн УИХ-д нэр дэвшин суух болсон бол түүний суудалд УИХ-ын гишүүнээсээ татгалзан Д.Сумъяабазар томилогдов. Өмнө нь хотын даргаар ажиллаж байгаад УИХ-ын гишүүн болсон тохиодлоор М.Энхболдыг  нэрлэж болох бол Ерөнхий сайд болсон түүх М.Энхболд, Ж.Наранцацралт нарынх болно. УИХ гишүүнээр ажиллаж байгаад багаа удирдан сонгуульд ялалт байгуулж, хотын дарга болсон түүх Э.Бат-Үүлд бий ч ялгаа нь тухайн үед УИХ, орон нутгийн сонгууль зэрэг болж, орон нутагт нэр дэвшсэнээрээ ялгаатай.

Ийнхүү хотын дарга УИХ-д руу зүтгэж байхад, УИХ-ын гишүүнээсээ татгалзан хотын дарга болж байр солигдлоо.

Хэн хэрхэн бичигдэх вэ?

Хотын дарга нар өөр өөрсдийнхөө хийсэн ажлаар сайн эсвэл муугаар хожмоо бичигдэнэ. Ардчилсан 30 жилийн зургаан жилээс бусдад нь МАН-ынхан хотын дарга хийсэн. Тэднээс “газрын наймаачин” гэх муу нэртэй луу данстай болсон даргыг бичигч хэлэх нь илүүц биз. Коммунизмыг эргэн сэргээх гэсэн мэт хотын хэмнэлийг алдагдуулж, аж ахуйн нэгжийг айлгаж, хүнд суртлыг гааруулснаараа ч зарим нь цоллуулна. Үгүй дээ, өнөөдрийн гишгэх газаргүй, явах замгүй болтлоо түгжирсэн хотын удирдагчид гэж цоллуулна. Сүүлийн 30 жилийн хугацаанд гарч ирсэн дарга нараас овоо ажил хийсэн хүн гэвэл Э.Бат-Үүлийг хотынхон хэлэх нь дамжиггүй.

Шинээр хотын дарга болсон Д.Сумъяабазарын хувьд бадарчин баярлах эрт байна. Агаар, хөрсний бохирдол, авто замын түгжрэл, гэрэл цахилгааны асуудлаар эхлээд хуучирч муудсан шугам сүлжээ, ядуурал, тохижилт гээд үстэй толгойноос илүү үй түмэн асуудал шийдлээ хүлээгээд хүлээж байна. Алхах тоолонд асуудалтай тулгарч ааш зан нь догширсон нийслэлчүүдийн ая дан хэрхэн өөрчлөгдөх нь Д.Сумъяабазар, түүний багийн хэрхэн “барилдахаас” хамаарна. Алийг нь давж, алинд нь унаж, хэдийн даваа хүртэл явах бол гэдгийг аварга Д.Сумъяабазарын хийх ажил л хэлээд өгнө. Улаанбаатарын стресстэй иргэд агаарын бохирдолдоо бачуурч, авто зам дээр түгжрээд хотын даргаа хэрхэхийг анхааралтай ажиглаж суугаа.