25 жилийн өмнө шилжсэн хувь тэнцүүлсэн тэтгэврийн тогтолцооны гажиг 2012 оноос мэдэгдэж эхэлсэн. Хүн амын өсөлт, дундаж наслалт нэмэгдэхийн хэрээр тэтгэврийн сангийн хөрөнгө хүрэлцэхгүй, жил бүрийн төсвөөс 500 гаруй тэрбумын татаас авсаар өдийг хүрэв. Үүгээр зогсохгүй тэтгэврийн хэмжээ бага байгаагаас гадна 2040 он гэхэд тэтгэврийн насныхан ажиллах хүчнээсээ илүү гарах судалгаа гарсан нь одоогийн тогтолцоог шинэчлэх шаардлага зайлшгүй тулгарсныг илтгэж буй.
Тиймээс УИХ-ын даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсгийнхэн хувийн тэтгэврийн хуультай болох төсөл боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж байна. Монголд тохирсон хийгээд хувь тэнцүүлсэн тогтолцоотой хослуулах боломжтой учраас хувийн буюу хуримтлалын санг хамгийн түрүүнд бий болгох нь зөв гэж үзжээ.
Нийгмийн даатгалын шимтгэлийн дөрвөн хувийг хуримтлалын санд байршуулж, гавьяаны амралтад гарахдаа улсаас ч, хуримтлалаасаа ч зэрэг тэтгэвэр авах боломжийг энэ хуулиар нээнэ. Хуримтлалын санд ажилтан хоёр, байгууллага хоёр хувийн шимтгэл төлөх бөгөөд өөрийн сонголтоор хамрагдах боломжтой. Зөвхөн ажилтан гэлтгүй хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, хөдөлмөр эрхлээгүй иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн сайн дураар шимтгэл төлж, хувийн тэтгэвэрт хамрагдаж болно.
Хэрвээ тэтгэвэр тогтоолгоод удаагүй байхдаа буюу ажил хөдөлмөрийн үр шимээ хүртэж чадахгүйгээр нас барсан тохиолдолд хуримтлалыг үр хүүхдүүдэд нь өвлүүлнэ. Мөн хуримтлалын санг төрийн зохицуулах байгууллагын хяналт дор байгуулагдсан этгээд эрхэлнэ. Санг хэд хэдэн этгээд үүсгэн байгуулах бөгөөд үүсгэн байгуулагчийн эзэмших хувь 10-аас ихгүй байх зэрэг зохицуулалтыг хувийн тэтгэврийн хуулийн төсөлд тусгажээ.
Гэхдээ ажлын хэсгийнхний боловсруулсан энэ төслийг УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн ч төсөл санаачлагчид буцаах нь зүйтэй гэж үзэв. Байнгын хороодын гишүүдийн тал нь санал хураалтад оролцоогүй бөгөөд зарим гишүүн кноп андуурч дарснаас саналын хувь тэнцэж, улмаар төслийг дэмжигдээгүйд тооцсон юм. Энэ нь гишүүдийн хуралдаа оролцдоггүй, хайнга байдлаас шалтгаалсан ч нэг талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хувийн тэтгэврийн хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн барихаар зэхэж байгаатай холбоотой гэж болно. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тэтгэврийн шинэчлэлийн хуулийн төслийг энэ онд багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байгааг холбогдох албаныхан хэлсэн. Хэрвээ чуулганаар УИХ-ын гишүүдийн санаачилсан хуулийн төслийг буцаах Байнгын хорооны саналыг УИХ дэмжвэл Засгийн газраас өргөн мэдүүлэх хуулийн төсөлтэй уялдуулан нэгтгэж, 2021 оноос хэлэлцэх билээ.
Харин хуулийн төслийг хэн нь ч өргөн мэдүүлсэн бай, ямартай ч бид хувь, хувьсгалыг хослуулсан тэтгэврийн тогтолцоотой болох нь. Харин энэ оноос хэрэгжүүлэх үү, ирэх жилээс үү гэдэг л тодорхой бус байна. Хэрвээ гишүүдийн боловсруулсан төслийг чуулганы хуралдаанаар буцааж, Засгийн газраас өргөн мэдүүлэх төслийг хүлээвэл мөд дөө хуримтлалын сантай болохгүй нь ойлгомжтой.
Гэхдээ гишүүдийн санаачилсан хувийн тэтгэврийн сангийн хуулийг хэрэгтэйг нь мэдэж байгаа ч яаравчлан батлах нь учир дутагдалтай гэдэг үнэний ортой. Олон мянган хүний нийгмийн даатгалын шимтгэлээс төвлөрүүлсэн хөрөнгийг хадгалах санг хэрхэн удирдах хийгээд урт хугацаандаа баталгаатай байлгах эсэх нь эргэлзээтэй. Тиймээс ч Засгийн газраас боловсруулах хуулийн төслийг хүлээх нь нэг талаар зөв гарц байж мэднэ.
Мэдээж 30 жил төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ өөртөө зарцуулж, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээхийг хэн хүнгүй хүсэх нь ойлгомжтой. Харин хуримтлал үүсгэж, иргэдийн мөнгийг урт хугацаанд хадгалж, эргэлдүүлэх найдвартай аж ахуйн нэгж бий юү гэдэг эргэлзээтэй. Хэдийгээр манай улсад хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүд бий болсон ч урт хугацаандаа хэрхэхийг хэн ч таашгүй. Тиймээс санг эрхлэн байгуулах этгээдүүдэд ногдох үүрэг, хариуцлагыг ч нэлээд тодорхой тусгавал хууль бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэх билээ.
Эдийн засагч Б.Дэлгэрсайхан:
Өндөр хөгжилтэй, тэтгэврийн даатгалын систем нь сайн хөгжсөн орнууд хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоон дээр бүх төрлийн хөрөнгө оруулалтыг хийх боломжоор хангасан байдаг. Харин манайд ямар эргэлзээтэй болохыг Капитал банкны хэрэг харуулсан.
Тэтгэврийн тогтолцоог шинэчлэх шаардлагатайг харуулсан тоо баримт: