Ханаа чагна...

Дахиад л бяцхан зүрх цохилохоо болив. Энэ удаад “Амь авраарай” ч гэх чадалгүй бяцхан амь “аавыгаа” гэж эндүүрсэн алуурчны гарт үрэгджээ. Бид өөр өөрсдийнхөөрөө шүүж байна. Дахиад л... Хүчирхийллийн эсрэг хүчирхийлэл үйлдэхээр “хөнгөлөөсэй...”, “цаазын ялыг сэргээ...”, “олны нүдэн дээр буудан хороо...” гэхчлэн нулимаад эхэллээ. Түүгээр ч зогсохгүй. Дахиад үрээ алдсан эхийг байж, суух газаргүй болтол “балбана”. Буруу, зөрүүг нь шүүнэ. Тэгээд...

Дараа нь, өөр олны анхаарлыг татахуйц хэрэг явдал гарахад мартана.

...Маргааш хөөрхий бяцхан үрс дахин золиос болоход “орилоон” эхэлнэ. Яргын тухай явуургүй санаа дахиад сөхөгдөнө. Дөнгөж амаржсан бүсгүй нялх үрээ тэврэн суугаад айхын эрхэнд “алаад өг” гэж утсаараа зүхнэ. Авралын элч нь адгийн “амьтад”.

Олон нийтийн анхаарлыг өөрсдөөсөө өөр зүгт хандуулах гэсэн улстөрчид үүнийг нь овжиноор шүүрч аваад “сэвж” гарна.

Асуудал юунд, хаана байна. Хэрхэн яаж сэргийлэх вэ гэхчлэн гарц, гаргалгааг ярих нь ховор. Ярьсан ч хийх нь үгүй. Тиймээс л энэ бүхний золиос нь бидний бяцхан үрс болж, ниргэх тоолон нь хашхирсаар  уджээ. Зүрх бүхнийг цохилуулах сэтгэлтэн байхад зүй бусаар зогсоох нэгэн олджээ. Зүрх зогсохгүй байг, гүйцээ...

Гээд болчихдог бол гоёсон. Монголчууд гуравхан сая гаруйхан. Гурван саяын гурван хүн тутмын нэг нь хүүхэд.

Тэдний 5043 нь сүүлийн гурван жилийн хугацаанд гэмт халдлагад өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон гэдгийг ЦЕГ хэллээ. Өөр хэд нь нууцхан зовж суугааг бид үнэндээ мэдэхгүй. Та бидний буруу хүмүүжүүлсэн3378 хүүхэд гэмт хэрэг үйлдсэн талаар өнгөрсөн долоо хоногт болсон Засгийн газрын хуралдаанаар цагдаагийнхан мэдэгджээ.

Нааштай мэт хэр нь эргэлзээтэй мэдээ гэвэл Засгийн газрын хуралдаанаар энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй 53 албан хаагч улсын хэмжээнд ажиллаж байгааг нэмэгдүүлж, 156 болгоход зарцуулах 2,5 тэрбум төгрөгийг жил бүрийн  төсөвт суулгахаар болжээ. Ингэснээр 8000 хүүхэд тутамд нэг байцаагч ноогдох гэнэ. Хэдийгээр засгийн газрын тэргүүн үүнийг олон улсын стандартад нийцүүлж буй гэж мэдэгдсэн ч бодит байдал дээр хүрч ажиллаж чадах эсэх нь юу л бол.

Өнөөдөр Монгол Улсад 69787 өрх толгойлсон эмэгтэй амьдарч буйг Статистикийн мэдээллийн нэгдсэн санд байршуулжээ. Өөрөөр хэлбэл, Монголын 24 эмэгтэй тутмын нэг нь өрх толгойлон үрсээ тэжээж байна гэсэн үг. Аавуудын эзгүйд хүчирхийлэл гаарсан уу эсвэл ажлын байрны хүрэлцээ, боловсролын хүртээмжээс болоод байна уу?!Архинд асуудлыг нялзааж болох ч үнэндээ бидний урвуу тогтолцоо, эрүүл бус нийгмийн зохицуулалт энэ бүхнийг бий болгоод байгааг бид хэдий хүртэл нууцлах вэ.

Энүүхэндээ гэхэд энэ төрлийн гэмт хэрэг гэр бүлийн “нууц” орчинд өрнөдөг. Эцсийн мөч хүрэн хүртлээ даамжирдаг. Эцэст нь харин бид шуугиад өнгөрдөг. Өөр хэрэг гарахад өмнөхөө умартдаг. Төсөв мөнгө хүрэлцэхгүй, төрөөс тавих анхаарал хомс, ажил орлого байхгүй, амьдралаа яая даа гэж явна гэхчлэн асуудлыг “таглах”хариулт олон.

...Гэтэл ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан ““School police” хэрэгжээгүй байхад сургуулийн орчинд жилд 300 орчим хэрэг үйлдэгддэг байсан. Ийн хэрэгжиж эхэлснээр жилд 15-30 хэрэг үйлдэгддэг болсон” тухай ярьж байна. Ердөө л энэ. Үр хүүхдийнхээ төлөө үнэн сэтгэлээсээ зогссон хэн боловч тэднийг хамгаалж чаддагийн тод жишээ. Багахан анхаарал тавихад л тэднийг хамгаалж болохыг харуулсан бодит баталгаа. Бид хүсвэл хамгаалж чадна. Бид цөөхүүлээ. Бидний үрс бүрч цөөхөн.

Шулуухан асууя. Хөхөө шиг үрээ хаяад явсан эцгийг нь хэн нэгнээр орлуулах гэсэн хэдэн бүсгүйг амьдын тамд унагаж, хэдэн үрсийг үрэгдүүлж байж бид гэр бүлийг анхаарах ёстой вэ. Хүчирхийлэгчийг барьж хориод хүүхэд эргээд амилахгүй. Хаяад явсан эцэгт, хамгаалж чадаагүй эхэд, анхаарч хамгаалж чадаагүй хүн бүхэнд хариуцлага тооцох тогтолцоо нь алга. Мэдээллийн эрин зуунаас хоцролгүй хөл нийлүүлэн алхах гэж яаран яаран гар утаснаасаа чаргууцалдахдаа бид хамгийн гол зүйлээ гээчихсэн биш гэж үү. Бидэнд амьд харилцаа алга. Хажуу айлд нь хүчирхийлэл үйлдэгдэж байхад хаалгыг нь тогших сэтгэл алга. Ханаа чагна. Тэнд хэн нэгэн бяцхан зүрх айж түгшээ юм биш биз, таны тусламж хэрэгтэй хэн нэгэн байгаа юм биш биз. Ханаа чагна. Хүүхэд уйлж байгаа юм биш биз. Хажуу хөршүүдийнхээ хүүхдийг ч өөрийн үрсээс ялгаагүй анхаар. Үрэгдсэн тэр үрс, үрсээс тань огтхон ч ялгаагүй. Харсан хэр нь хараагүй дүр эсгэж, мэдсэн атлаа мэдээгүй царайлж, хамгийн нандин эрдэнээр нь тохуурхан суухад юу ч болоогүй мэт суудаг та нартаа нууцхан хэлэхэд, бидний хохирогчдыг “Монголын үрс” гэдэг.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. ЯМАР Ч БУРУУГҮЙ ХҮҮХЭД Ш ДЭЭ. ЯАГААД ИЙМ ХАРГИС ЮМ БЭ.

    0 0 Хариу бичих
  2. МОНГОЛЧУУД ХҮНИЙ АДАГУУД БОЛЖ ЭЭ . БОЛГОЦОН Ч ЮМ УУ ?

    0 0 Хариу бичих