Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар 2017 оноос хойш улс төрд дөрөө харшуулсан. Харин одоо тэдний зам салах цаг болжээ. Учир нь, ирэх хавар Ерөнхийлөгчийн сонгууль болно. Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу 10 жил Төрийн тэргүүнээр ажилласан цор ганц Ерөнхийлөгч болохыг хүсэж байгаа нь мэдээж. Нөгөө талд нь Ерөнхий сайд бөгөөд МАН-ын дарга У.Хүрэлсүх намынхаа 100 жилийн ойтой давхцаж буй Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахыг хүснэ. Тэднийг энэ хүсэл сонирхол нь өөрийн эрхгүй холдуулж байна. Зам салаад зогсохгүй, нэгнээ намнах, дарах оролдлого ч хийж эхэллээ. Ялангуяа МАН Ерөнхийлөгч рүү чиглэсэн улс төрийн акц хийж эхлэв. Тухайлбал, УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хурлын шийдвэрүүд бүхэлдээ Ерөнхийлөгч Х.Баттулгын эсрэг байсан гэхэд болно.
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдрийн хурлаараа Ерөнхийлөгчийн өргөн барьсан Шүүхийн тухай багц хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэж үзжээ. Хууль зүйн байнгын хороо өнгөрсөн хавар ийм шийдвэр гаргасан. Нэгэнт Байнгын хороо шийдчихсэн асуудлыг бүлгээрээ дахин ярьж, мэдээллэх нь ямар ач холбогдолтой вэ. Энэ бол нэгдүгээрт, улс төр. Хоёрдугаарт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуух шүүхийн шинэчлэлд Ерөнхийлөгчийн үзэл санааг тусгах хүсэлгүй байгаагаа илэрхийлж байгаа хэлбэр. Б.Энхбаяр гишүүн бүлгийнхээ хурлын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр үүнийг байр сууриараа баталсан юм. Тэрээр “Үндсэн хуулийн шүүх эрх мэдэлтэй холбоотой өөрчлөлтийг яагаад хийсэн бэ гэхээр шүүгчдийн томилогдсон этгээд болон улстөрчдөөс хараат байдлыг нь болиулах гэж хийсэн. Гэтэл өргөн барьсан төслөөрөө хуульчдаас шүүгчдийг олж сонгох чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнд дахиад л өөрийнхөө томилгооны нөлөөллийг хадгалах гэсэн байр суурьтай байгаа учраас хуулийн төслийг нь буцаах нь зүйтэй гэсэн санал гаргаж байгаа” гэлээ.
Шүүхийн шинэчлэлээс Ерөнхийлөгчийг хол байлгах МАН-ын санал санаачилга үүгээр зогссонгүй. ҮАБЗ-ийн саналаар хууль шүүхийн байгууллагуудын удирдлагыг чөлөөлж, томилдог хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзжээ. Ийм агуулга бүхий хуулийн төслийг 13 гишүүн өргөн барьсан бөгөөд яаралтай хэлэлцэх нь зүйтэй гэдэгт МАН-ын бүлгийн гишүүд санал нэгджээ.
МАН дээрх хоёр замаар Ерөнхийлөгчийг үгүйсгэсэн бол бас нэг тойруу замаар түүнийг буруутгалаа. МАН-ын гишүүд болон олон нийт “Ерөнхийлөгчийг шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлж байна. Шүүхийг өөрийнхөө талд ажиллуулж байна” гэж харддаг. Энэ удаад ч МАН түүнийг хардаж байгаа бололтой. Тодруулбал, нэгэнт дүн нь гарсан орон нутгийн сонгуульд шүүхийн байгууллага нөлөөлөх боллоо гэдгийг МАН-ын бүлэг бусад асуудлаасаа тусад нь хаалттай хэлэлцжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ “Улс төрийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хаалттай ярилцсан. Сонгуулийн дараа МАН олонх болсон хэд хэдэн аймагт ИТХ-ын төлөөлөгчдөд хэрэг үүсгэж шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлж, сонгогчдын өгсөн саналыг шүүхийн шийдвэрээр засч байна гэдэг асуудлыг ярьсан. Тухайлбал, Баянхонгор аймагт ийм зүйл болсон. Мөн Хөвсгөл, Архангай, Завхан зэрэг хэд хэдэн аймагт ийм асуудал гарлаа. Баянхонгор аймагт л гэхэд ИТХ-ын анхдугаар хуралдааныг 11.00 цагт зарласан атал 09.00 цагт гурван төлөөлөгчийг түдгэлзүүлэх асуудлыг шүүх нь хэлэлцсэн байх жишээтэй. Хууль хяналтын байгууллага буруутай эсэхийг нь тогтоогоогүй байхад шууд шүүх бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байна. Шүүхийн байгууллага дүн нь гарсан сонгуулийн асуудалд хутгалдахаа болих хэрэгтэй” гэлээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн Баянхонгор аймгийг байн байн онцолж байсан нь санаандгүй хэрэг биш биз ээ. Тэрээр бүлгийнхээ энэхүү байр суурийг Ерөнхийлөгчид хаяглаж байгаа бололтой. Энэ мэтээр МАН Ерөнхийлөгчийг онилсон улс төр хийж эхэллээ.
