Ногоон өнгөтэй үрт ургамлыг өдөр тутам хэрэглэхийг зөвлөх болсон түүх нэн шинэ. Ердөө 30 жилийн өмнө авокода хэт тостой, эрүүл бус хүнсэнд тооцогдож байв. Одоо бол өндөр ашиг шимтэй, супер хүнс ангилалд өрсөлдөгчгүйгээр тэргүүлж буй.
Дэлхийн хүн амын хэрэгцээ жилд таван тэрбум кг болсон удаах түүх ч ойрынх. Тариалалт, экспортоороо толгой цохиж яваа Мексик улсад хорин жилийн өмнө кг авокода 2-2.5 песогийн үнэтэй байсан бол одоо 80 песогоос буухгүй. Улсынх нь эдийн засгийн шинэ тулгуур болоод буй жимсний бараа эргэлт жилд 2.8 тэрбум долларт эргэлдэж байна. Эртний ацтекүүдийн хүнс өнгөрсөн зууны дунд үе хүртэл тийм ч алдартай биш байлаа. 1950- аад оноос Америкийн хоол шим судлаачид жимс хэмээн нэрлэдэг ч хүнсний ногоотой илүү төстэй ургамлыг хоолны цэсэнд санал болгосноор авокодаг “Ногоон алт” хэмээн өргөмжлөх болжээ.
Амиараа сольсон тариалан
Дэлхийн зах зээлд борлуулагдаж буй авокода жимсний 42 хувийг Мексик дангаараа тариалдаг. Харин гучин жилийн өмнө байдал огт өөр байсан юм. 1993 онд Ерөнхийлөгч Билл Клинтоны санаачилгаар АНУ, Мексик, Канад улсууд “Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээр” байгуулснаар авокода дэлхийн зах зээлд гарах үүд хаалга нээгдэв. Нэгдсэн улсын өмнөд мужууд авокода тариалах ч ургац улирлын шинж чанартай, өдөр тутам нэмэгдэж буй эрэлтээ хангаж чадахгүй байлаа. Мексикийн жимс зах зээлд орж ирснээр дотоодын фермерүүдээс 10-15 дахин хямд үнэ санал болгож орхив. Үр дүнд нь дотоодын тариаланчид зах зээлээс шахагдаж импортын жимсний хэрэглээ хоёр дахин өсжээ. Өдгөө америкчууд жилдээ нэг тэрбум кг авокода хэрэглэж байна.
Тухайн цагт Мексикийн ургацаас ганцхан Мичоакан мужид тариалсан авокода л Америкийн бүх стандарт шаардлагад нийцэж байв. Төв Мексикийн буйдхан мужийг энэ боломж танигдахгүй болтол нь өөрчилсөн юм. Сайн, муу аль ч талаараа “ногоон алт” Мичоаканы бэлгэ тэмдэг болж ирэв. Мужийн таван хүн тутмын нэг нь өнөөдөр авокодатай холбоотой үйлдвэрлэлд ажиллаж байна. Танситаро хотын жижиг үйлдвэрийн ажилчид гэхэд л өдөрт сая ширхэг авокода цэвэрлэж савладаг байна. Гэхдээ мужийн тариалангийн ихэнхийг жижиг фермерүүд бүрдүүлдэг юм. Нэг фермер дунджаар 10 га талбайтай. Ийм хэмжээтэй талбайгаас хамгийн доод үнээр жимсээ өглөө гэхэд л жилдээ 100 мянган доллар олж болно. Их мөнгөний үнэр Мексикийн гэмт хэргийн ертөнцөд шинэ гарц нээж өглөө.
Уг нь Мичоаканд газар тариалан, хар тамхины наймаа зэрэгцэн оршиж ирсэн түүхтэй. “Амьдар. Гэхдээ бусдадаа бүү саад бол” гэсэн дүрмээр эв найртай аж төрж ирсэн бичигдээгүй хууль “Лос Зетас” гэх бүлэглэл тодрон гарч ирснээр зөрчигдөж нутгийн иргэд хүчирхийллийн золиос болж эхлэв. Тэд энгийн нэг дээрэмчид байсангүй. Сайтар бэлтгэгдсэн элит дайчид, бүр франц, израиль, америк хөлсний цэргийнхэн ч багтжээ. Амжилттай яваа фермерүүдийг барьцаалж мөнгө нэхнэ. Бүлэглэлд татвар шимтгэлээ төлөөгүй тохиолдолд ор сураггүй алга болгож орхино.
2006 онд Ерөнхийлөгч Фелипе Кальдероны шийдвэрээр Мичоакан мужийг гэмт бүлэглэлээс цэвэрлэх 20 мянган цэрэг оруулав. Толгойлогчдыг нь устган, хөл гаруудыг нь баривчилсан ч цэргийн ажиллагаа үр дүнгээ өгсөнгүй. Жижиг дээрмийн бүлэг болон задарсан зандалчид удалгүй “Ла фамила Мичоакана” гэх шинэ нэр зүүх боллоо. Өмнөхөөс ялгаатай нь өөрсдийгөө цэвэр цусны мексикчүүд хэмээн тунхаглаж, нутгийн тариаланчдад бизнесээ чөлөөтэй хийх боломж олгохоор амалсан тул мужийн ихэнх хэсэгт тэднийг чөлөөлөгч мэтээр хүлээн авч байв.
Алим модноосоо хол ундаггүйн үлгэрээр мөдхөн л тар нь танигдаж эхэлсэн шинэ бүлэглэл өрсөлдөгчдөөсөө долоон дор схемээр ажиллаж 2009 онд фермерүүдээс 150 сая доллартай тэмцэх хэмжээний авокода булаан авчээ. Мужийн төвд дээмрийн бүлэгтэй тэмцэх газар байгуулагдсан ч байдал ноцтой хэвээр, экспорт тасалдсаар. Энэ бүхнээс сэргийлэх ганцхан арга үлдсэн нь гаргаж буй жимснийхээ кг тутамд татаас төлөх.
2010 онд задарсан “Ла Фамила”-гийн оронд гарч ирсэн “Тамплиерууд” зүгээр мөнгө дээрэмдээд зогсохгүй зах зээлийг бүрэн хянахыг хүсэх болжээ. Эхлээд бүтээгдэхүүн нийлүүлэх квот тогтоосон бол удалгүй үгэнд ороогүй фермерүүдийн агуулах, тээвэрлэлтийн машиныг шатаах боллоо. Энэ бол зөвхөн Мичоаканаас экспортод гаргадаг жимсний хэмжээ үлэмж нэмэгдэн 800 сая долларт хүрсэн үйлдвэрлэлийн оргил үе байлаа.
Танситаро хотын тариаланчМануэль Лукетеро
“2011 онд бүлэглэлийнхэн над руу утасдаж аав, ах хоёр чинь бидний гарт байна. Хэрвээ арван сая песо өгөхгүй бол тэднийхээ шарилыг олж харахгүй шүү гэсэн. Дээр нь бүх ургацаа тушаахыг шаардсан. Харамсалтай нь манай нутагт цагдаагийн алба өөрсдөө тамплиеруудын гар хөл болсон учраас төрийн хүчинд найдах ямар ч боломжгүй. Бүх ургацаа хурааж, найман гектар тариалангаа худалдаад ч би ердөө гурван сая песо л олж чадсан юм. Тэд аавыг минь суллахдаа нүдийг нь сохолсон байлаа. 15 хоногийн дараа ахыг тавьж явуулсан”

Мексикийн олонх хотуудын адилаар Мичоаканд гэмт бүлэглэлийн үйл ажиллагаа хяналтаас гарч, улс дамнасан хүний наймаа, хүчирхийллийн давалгаа нөмрөв. Тэдэнд амь амьжиргаагаа алдсан Мануэль Лукетеро мэтийн фермерүүд, нутгийн тариаланчид өөрсдийгөө хамгаалах шинэ бүлэг үүсгэжээ. Аутодефенсанс буюу өөрийгөө хамгаалагчид бүрэн зэвсэглэж мужийн гол зам дагуу хашлага хаалт босгон эргүүл хийх боллоо. Бүх хөдөлгөөнийг хянаж, шаардлагатай тохиолдолд гал нээх эрх тэдэнд бий. Хэдийгээр хамгаалагчдын дунд хуучин эрүүгийн гэмт хэрэгтнүүд багтаж байгаа ч одоохондоо зорилго нь аргаа зөвтгөж буй тул оршин суугчид тэдэнд найрсаг хандана. Өөрийгөө хамгаалагчид ч орон нутгийн засаг захиргаатай нягт хамтран ажиллаж байна.
Өнөөдөр Танситаро харьцангуй тайван болж, авокода үйлдвэрлэл тогтвортой өсөж байгаа. Ногоон алтны ашиг тус хотыг нь аюулаас хана хэрэм мэт хамгаалж чадна гэж фермерүүд итгэдэг. Нөгөө талаас гэмт бүлэглэлийн үүр уурхай хэзээ мөдгүй тэсрэхэд бэлэн гэж харах хэсэг ч байна. Өнөөхөндөө төрийн нэрийн өмнөөс асуудлыг шийдэж байгаа сайн дурын тогтолцоо удаан оршин тогтнож чадах уу. Цаашлаад асуудал үүссэн муж хот бүхэнд энэ мэт өөрийгөө хамгаалах хүчин үүсвэл улс орны тусгаар тогтнол, ардчилал хэрхэх билээ.
Ирээдүйгээ арилжсан нь
Авокоданы мод 10-15 жилийн настай. Нэг модыг арчилж ургуулахад жилдээ 68 литр ус шаардагдана. Авокода их хэмжээний ус хэрэглэхийн зэрэгцээ чийгээ зөвхөн хөрсний дээд давхаргаас авдаг онцлогтой. Гүн давхаргын хэт их чийгийг тэсвэрлэх чадваргүй тул үндсээ ялзруулахгүйн тулд газрыг зохиомлоор хатаана.
Чилийн нутагт авокода зэрлэгээрээ олдож байсан тохиолдол үгүй. Гэхдээ нутгийн төв хэсэг Петорка мужийн таатай уур амьсгал чиличүүдийг энэ зах зээлд нэвтрэх боломж олгосон юм. Хойд Америкт нэвтрэх гарц олсон фермерүүд ойд модоо тайрч, лийр чавганы тариалангаа орхин авокода руу хошуурах болсон 1997 онд Петорка голын урсгал татарч хуурай сайр болон хувирлаа.

Чилид 1981 оноос усны эх үүсвэрийг хувьчилж орон нутгийн захиргаа, томоохон корпорациуд л эзэмших болсноор байгалийн баялгийг зохистой ашиглах зарчим алдагджээ. Хожим Петорка голоос авокода тариалан руу татсан олон зуун нууц суваг, хоолой илрүүлсэн ч нэгэнт оройтсон байв. Мужийн нөгөө томоохон гол Лигуа 2004 онд бүрэн ширгэжээ. Ногоон алтны эрэлчид ердөө аравхан жилийн хугацаанд 250 мянган метр тонн ус хэрэглэж мужийнхаа цэвэр усны хэрэгцээг барсан байлаа. Петорка мужийн хөдөөх суурингууд долоо хоногт ганцхан удаа ирдэг зөөврийн усаар амиа аргацааж байна. Усны гачаалд орсон авокоданы тариалан ч хатаж хорчийсон хэдэн толгод болон хоцорчээ. Энд одоо өрхийн тариаланч гэж бараг үгүй. Услалтын системээ израйль технологийн үрээр шийдэж чадсан томоохон компаниуд л тэсэж үлджээ. Чилид одоо Үндэсний гварди усны нөөцийг хамгаалж байна.
Нутгийн байгаль хамгаалагч Родрио Мундаке
“Биднийг тэмцэж эхлэхэд аль хэдийнэ оройтсон байв. Өнөөдөр Чилид ургуулсан гэх авокода худалдан авч байгаа та энэ нутгийн иргэдийн ус уух эрхийг зөрчиж байгаа гэдгээ бодоорой”
Европын зах зээлийн томоохон нийлүүлэгч Чили улс сүүлийн жилүүдэд Хятадын хэрэглэгчдийг татах болсон. Сүүлийн долоон жилд Хятадын экспорт 1000 дахин нэмэгдлээ. Ямар ч фермерийн хувьд энэ бол хүрэшгүй холын мөрөөдөл. Харин хэдэн гол горхи ширгэж, хэчнээн га талбай цөлжиж дууссаны дараа үүний төлөөс дуусах бол.